Би чамд хайртай

Лалганан тэмүүлэх хүсэл минь
Сулхан тавимгүй ороо доо
Лазагнан булгилах зүрх минь
Цохилоод гавимгүй дорой доо

Ойвогонох бужигнах бодолдоо
Булай явдлыг мөрөөдөх л юм би
Балайрах дэмийрэх ухааныг минь
Дэндүү ихээр эзэгнэх л юм чи

Балар сэтгэлийн угаас
Цухуйн өндийх зориг шиг
Бараа нь сааралтах зүгээс
Суугаа хот чинь тодорно

Сажлан ганхах унаандаа
Лаглайн шигдсээр очно доо
Сайхан чи минь инээсээр
Баахан гайхасхийгээд тосно доо.

Алсын уудамд хөвөх
Амгалан үүлэнд би дуртай
Аядуу хайрыг минь дэгжээсэн
Амраг чамдаа би хайртай

Тэмдэглэл: Хуулбар шүлэг л дээ. Эх шүлгийг нь таах хүн байна уу? :D
Цааш унших

Маа минь чи...

Уйдчихлаа. Өөрөөсөө гаргаад байгаа өнгө аясаасаа уйдчихлаа...
Арай жаахан өөр сэдэв юм уу төрлийн бичлэгүүд оруулж зугаацдаг ч юм уу гэж бодсон боловч арай л эвлэсэнгүй. Тэр өөр өнгө аясаа хайж байна :P Эрэл амжилттай болтол байж байг гээд дөнгөж саяхан дуусгасан нэг шүлгээ нийтэлчихье.
Их удаан бичсэн шүлэг л дээ. Лав л 2, 3 жил болсон байх. Өнөөдөр л яасан юм бүү мэд зориг гаргаад гүйцээчихлээ. Гэхдээ нэрийг нь өгөж чадсангүй. Таалан сонирхмуй:

Сэтгэмжийн торгон хүсэлмаа минь чи
Сэтгэлийн хүслээ юунд хорино вэ?
Хүсэл гээч нь жам ёсоор чамд заяагдсан хишиг билээ.
Чи юунд татгалзана вэ?

Сэтгэлийн ганган анирмаа минь чи
Сэрлийн анираа юунд дарна вэ?
Анир гээч нь жам ёсоор чамаас давалгаалсан аялгуу билээ.
Чи юунд үгүйсгэнэ вэ?

Сэрлийн унаган жаргалмаа минь чи
Сэврэхүйн жаргалаас юунд зөрнө вэ?
Жаргал гээч нь жам ёсоор чамайг амьдруулсан шид билээ.
Чи юунд зугатана вэ?
Цааш унших

Антологи-1

Блог бичээд жил гаран болж байгаа юм байна. Багагүй л юм бичиж. Сүүлийн хэдэн сарын бичлэгүүдийг халтуурдсан дөө халтуурдсан. Хуучин гологдол бичлэгүүдээ draft-аасаа гаргаад жаахан засаж сэлбээд л чамин чамин нэр өгөөд л явуулаад байлаа шүү дээ хэхэ.
Энэ удаад бүр дордсон шүү. хаха. Draft-аасаа бичлэг туух гэсэн чинь нэг л биш ээ. Хуучин бичлэгүүдээ эхнээс нь уншсан чинь зарим дээр нь нуруугаар жирс жирс гээд бага зэрэг ичих аядаад "яая гэхэв биччихсэн бичиг, хийчихсэн хэрэг юм хойно" гээд л уншлаа шд. Жил гаруйн хугацаанд их л олон юм болж. Нэлээн ч өөрчлөгдөж. Азаар блогийн маань бичлэгүүд тэр бүхнийг хадгалан үлдэж дээ.
Тэгээд нэг жижигхэн антологи бэлдлээ таалан сонирхоно уу?

За энэ доорх бичлэгэн дээрхийг яаж бичиж байснаа санаад байгаа юм аа. Нойр хулжаад үлгэр зохиомоор санагдаад бичиж байсан:
- Рауль, Рауль бид гурав

Энэ доорх 3-н бичлэг цуврал юм шиг байна лээ. Миний зүгээс тодорхой болгоод хэлчих үг алга.
- Нэг хэсэг
- Бас нэг хэсэг

- Зүв зүгээр нэг хэсэг

Доорх 2-ыг харьцуулж уншвал их зүгээр санагдсан.
- Маргааш - Нэг жаал
- Бас л өөр маргааш

Энэ яахав бүүр анх нээснийхээ дараахан бичиж байсан бичлэгүүдээс арай гайгүй нь.
- Бодлын гүн нуур
Аа тийм бас ноднин нэг сарын турш дандаа уншсан номнуудынхаа талаар сэтгэгдлүүдээ бичиж үзэж билээ. Тэгтэл бичиж байхдаа л яг мэдэж билээ. Овоо дажгүй олон ном уншчихсан юм шиг санагдаад байсан чинь хэдхэн бичлэг оруулаад л амьдралынхаа туршид уншсан номнууд маань гүйцчихэж билээ. Хаха. Тэгээд л дахиад "тийм ном уншлаа, тэр ном нь тийм ийм юм аа" гэж бичлэг оруулаагүй. Доорх бичлэгүүдийн ихэнх дээр нь ёстой нүүр улаймаар онгироо юм бичсэн байгаа ойлгоод өхөөрдөөд уншаарай :)
- 2008 оны 6-р сарын бичлэгүүд
Цааш унших

Амьдрал

Байгаадаа ханасан баяраар Байхгүйн зүг хөөрнөм.
Байхгүйн зүгт баяраа барчихаад Байдалдаа буцнам.

Хөөрнөм буцнам
Хөрнөм буцалнам

Савлуур шиг дүүжин шиг
Савална, дүүжигнэнэ.
Салж унах хүртлээ
Савална, дүүжигнэнэ.
Цааш унших

Сургамж

Юу бодож иймэрхүү юм бичиж байсан юм бол? Бичсэн үгнийхээ утгыг ойлгож байсан юм болов уу даа? Хичнээнийг нь санаж үл чадахаар жилийн өмнө бичиж байсан үг бололтой:
"Дурлалын шарх гэдэг хүний амьдралдаа амсчихад зүгээр сургамжуудын нэг..."

Уншаад инээд ч хүрэх шиг. Хэхэ. Тэгээд амссан сургамжуудынхаа ачаар ухаажиж байна уу даа ч гэж бодлоо. Ховорхон сургамж хайрлаж байсан ганц нэг хүмүүстээ талархаж байна аа :)
Цааш унших

Аялсан минь

Алс холд дасаад...
Аажим аажмаар алс холд ойртоод... Ойртох тусам өөрөөсөө алслан холдоод... Өөрөө холдоод, өөрөөсөө зугатаад өөр хүн дээр очоод, өөр хүнд хоргодоод, дурлал гэж хашгичаад... Дур хүсэлдээ туйлдаад, ядраад, муужраад...
Сэрэнгүүтээ сэрлээс өөр баримжаагүй болчихсон, хүслээрээ тэмтчээд, хүрэхгүйн тухай мартчихаад хүрэх гэж зүтгээд, хүрээд ир гэж хашгичаад... Их үг хэлж инээдмийг нь бараад, өчүүхэн ухамсар өндийхөд буруугаа хүлээгээд буцах замдаа гарсан.
Алс холоос буцах гэж ахиад л алс зам туулаад... Тэгээд л эсэн мэнд ирлээ дээ :P
Цааш унших

Хөгжил

Болж болох бүх зүйл болсоны дараа хүрж болох дараагийн шатандаа ахихыг хөгжил гэх юм болов уу?
Өсөлт хөгжил минь зогсчихсон... Болж болох бүх зүйл нь болоогүй учраас.

Шат ахисаны дараа өмнөх шатан дээр болж байсан бүгдийн ихэнхийг мартаад зөвхөн шатыг ахиж байсан алхамаа л дахин давтсанаар шатыг ахина гэж бодсон? Тийм ээ яг тэгэж бодсон. Тэгэж оролдоод л байна. Тэгэхлээр бүх зүйл болоогүй нь илэрхий байна.

Өсөлт хөгжил минь зогсчихсон... Болж болох бүх зүйл нь болоогүй учраас. Болж болох бүх зүйлийн хэсэг нь бусадтай хамт болох ёстой. Бусдаас хамаарч байна. Хаха би чинь буруугаа бусдаас хамаатуулж байна уу даа? Тийм ээ би буруугаа бусдад тохож байна. Буруугаа бусдад тохох ч гэсэн бүгдийн хэсэг. Энэ хэсгийг арай л эрт хийдэг байж :P
Цааш унших

Харамсалтай

Харамсалтай юм. Урьд нь ч гэсэн ингэж харамсаж л байсан. Гэхдээ урьдны иймэрхүү харамслууд бол зүгээр л бодол байсан. Харин энэ удаагийнх бол бодит байдал. Их удаан мэдэрлээ. Удаа дараалан мэдэрлээ. Хараал идсэн харамсалтай бодит байдлыг. Би хэн ч биш. Юу ч биш. Юунд ч хүрч чадахгүй. Юуг ч бүтээж чадахгүй. Хэнд ч хэрэггүй. Хэнийг ч баярлуулж чадахгүй. Дөнгөн данган амьдраад хүнд гай болчихгүй байвал их юм. Даанч тэр их юмандаа хүрч чадахгүй л байх аа даа. Тийм ээ чадахгүй.

Харамсалтай юм. Би чадахгүй нь. Би чадмаар л байна. Хаха. Нээрээ шүү би чадмаар байна. Чадаж үзээд ямар байдгийг нь ганц удаа ч гэсэн мэдэрмээр байна. Даанч чадахгүй байна. Яагаад ч чадахгүйдээ харамсаж байна. Хэдийгээр харамсаж байна гэж байгаа ч. Бүүр харамсаж ч чадахгүй байна. Харамсалтай энэ байдалтайгаа эвлэрч чадахгүй байна. Юуг ч чадахгүй байна.

Харамсалтай юм. Ядаж л арай эрт анзаардаг байж. "Өнөөг хүртэл юуг ч чадаагүй байгаа юм чинь цаашид ч гэсэн юуг ч чадахгүй нь" гэдгээ анзаардаг л байж.
Цааш унших

Тэнэг байж

Ай мөн тэнэг байж дээ...
Байз! "Ай мөн тэнэг байж дээ" гэж үе үе боддог юм байна. Гэвч ингэж боддог үе маань л хамгийн тэнэг байсан үес минь байж... Ай мөн тэнэг байж дээ!

Ёооё больё оо. Бас л нөгөө балай парадокс. Ингээд парадокс хүлхээд байх юм бол хүлхээд л байна. Угаасаа ч тэнэг байдалд байгаа бил үү? Юу билээ? За ямартаа ч арай өөрөөр нэг эргэцүүлж үзье.

"Ай мөн тэнэг байна даа"
Тийм байна. Тийм нь арай дээр юм байна. Ийм л энгийн байсан байна шүү дээ. Тэнэг байдалтай байгаа юм байна. Энэ нь хамаагүй дээр юм байна. Тэнэг байх нь хамаагүй дээр юм байна.
Цааш унших

Ном - 2

Маш олон удаа ном, ном гэж ярьж, ойлгож байхдаа зөвхөн уран зохиолын номны тухайд л ярьж, ойлгодог байсан. Бусад төрлийн номнууд нь хараахан жинхэнэ ном биш. Тэд бол өөр номнууд. Юмнууд!

*       *       *
Уран зохиолын ном үнэхээр л эмзэг нарийн зүйлийг анзаарч, урлаж бичээгүй л бол шуугиант энэ ертөнцийн шуугианы нэг л болохоос цаашгүй. Нэгэнт л шуугиан болчихсон юм бол шуугианыг нь номноос авах хэрэг юун. Шуугианыг номноос авах гэдэг балар цагийн улирсан арга болжээ.
*       *       *
Сонгодог гэгддэг ч байсан байж магадгүй маш олон зохиолын орон зайг хангалттай хэмжээнд орлохуйц гайхамшигтай савангийн дууриуд өдрөөс өдөрт үйлдвэрлэгдэж байна. Тэр хэрээрээ сайн гэгдэж байсан маш олон номнууд шал хэрэггүй хоосон цаас болж байгаа.
*       *       *
Номонд байгаа сургааль үгсийн ихэнх нь инээд барахаас цаашгүй болж байна. Үнэхээр л тэрийг нь ухаарах ёстой юм бол тэр номноос ойлгосон ойлгоогүй цаг нь ирэхээр ойлгоно. Цаг нь болчихсон бол номтой номгүй цаг үеээ анзаарахад л ойлгоно.
*       *       *
"Тийм ийм" байдаг соёлыг номноос хүртэх зуур тэр соёл нь хэдийн үрэгдэж гээгдчихсэн, үхмэл гээгдмэл соёл болчихсон байх. Тиймээс шинэ соёл болон өөрөө цэцэглэмээр.
*       *       *
Тиймээс...
Тэр л нэг номыг тэврээд уншихдаа
Шуугианиас ангид шуугиан болчихоод
Шуугиантай хэрнээ уянгатай
Уйтгар болонхон уймарч суухсан...
Харин хаана байна вэ тэр ном...
Хайрлан тэврэм хонгор чи минь. Ном минь. Цааш унших

Үлгэр мэт

Өдөр: Дарс мэт үгс далай мэт байдаг газрыг зааж өгөөч?
Шөнө: Үхэл мэт зүг амьд мэт явбал хүрэх байх.

Өдөр: Үлгэр мэт үгийг үнэн мэт өгүүлж юунд хуурна вэ?
Шөнө: Хуурагдах мэт сэтгэгдлийг худал мэт үгээр төрүүлэх гэж.

Өдөр: Сэрэл мэт сэтгэгдэл төрүүлж сэтгэл мэт зүйлийг минь юунд хөндөнө вэ?
Шөнө: Жаргал мэт зовлонг баясал мэтээр амсуулах гэж.
Цааш унших

Мастурбаци



Харанхуйд харахуйгаа хурцалнам.
Харсан зүгээсээ өөрийгөө харнам.
Эд эдээ хөхнөм
Эс эсэндээ ууснам
Ир ирэндээ хурцарнам
Илчээрээ илчээ сэрүүцүүлнэм
Хол ойрийг зэргээр мэдэрнэм
Хоосон дундаас дүүрэнг нэхнэм...
Цааш унших

Woman

:D
Цааш унших

Үхлийн үнэр


Увдистан өгүүлжихүй:

Үхлийн тансаг үнэртэй сүрчиг худалдаж байна.
Үнээ хэл! Үнэ чинь хэмжээндээ хүрвэл өгж л орхиё.

Үүрд тэнэгрүүлэх үлэмжийн хүчит жор худалдаж байна.
Үнэнг хэл! Үнэн чинь оршихуйтай тэнцвэржвэл дайлж л орхиё.

*        *        *

Өөрөө би харин чичигнэн боджихуй:

Үнэ хэлэх ямархан баялагтан билээ би?
Үнэнг хэлэх ямархан зоригтой билээ би?

Яасан танил мэдрэмж вэ?
Яг л хэзээ эргээд уйдахаа мэдэх юм шиг...

Яасан сайхан агшин бэ?
Яг л хэзээ үхэх минь тодорхой юм шиг...

Яаж би эргэж мохож?
Яруу сайхны хүлээснээс хагацах вэ?
Яаж би үргэлж үхэж?
Яг л амьдрал шиг үргэлжлүүлэн үргэлжлүүлэн үхсээр байх вэ? Цааш унших

A Beautiful Mind - John Nash's word

Агуа Жон Нэш олон хүний харц, бахдалыг өөр дээрээ тосонхон индэр дээрээс ийнхүү хэлнэ. Хэлж дуусахад нь Алиса уйлж байсан...
I've always believed in numbers.
In the equations and logics that lead to reason. But after a lifetime of such pursuits, I ask, what truly is logic? Who decides reason? My quest has taken me through the physical, the metaphysical, the delusional, and back. And I have made the most important discovery of my career. The most important discovery of my life. It is only in the mysterious equations of love that any logical reasons can be found. I'm only here tonight because of you.
You are the reason I am. You are all my reasons. Thank you.
/кинон дээрээс нь иш авав/

Хоосон мөрөөдөлдөө төөрж будилсан хөгийн нэгэн жаал санаашран хүлээсэн тэвчээрээ тасчин, санаа сэтгэлийн үймрэлээ тэсч эс чадаад улаан нүдлэн дэлгэц ширтээд бичнэ. Бичиж дуусаад өөрөө л уйлсан...
Тоонд би итгэж чаддаггүй байсан. Хичнээн их чармайн зүтгэсэн ч итгэж чадалгүй л үлдсэн.
Тэгшитгэл болоод логик хэмээгч нь мэдэрж чадах гоо сайхны маань оргил байсан. Доод эрэмбийн загвар, хэлбэрийг мета-матик-члан учир шалтгааны торонд баригдан баригдан учир шалтгаанд уусаж, үхжин байсан...
Учир шалтгаан хаа сайгүй л гэж боддог байсан. Учир шалтгааны уудам тороор хорвоо дэлхийг хучихад түүний гадна чи үлдсэн байсан. Учир шалтгааны холбоосоор бүгдийг хэрэн холбоход чи л дандаа үлдчихдэг байсан. Чи бол миний учир шалтгаангүйн уг үндэс. Чи л намайг учир шалтгаан болчихоос аварсан. Чи намайг учир шалтгааны хүлээснээс аварсан аврагч минь билээ. Тоонд итгэж чадаагүй тэр л их итгэлээрээ чамд би итгэсэн. Чи бол миний...
You are all my unreasonable. Thank you. Bye.
Цааш унших

Илэрхийлэл

Нүдээ анисан. Нүдээ мартчихсан.
Амаа жимийсэн. Амаа мартчихсан.
Хөлөө завилсан. Хөлөө мартчихсан.
      *       *       *
Дотроосоо олборлосон ойлголтоор
Илэрхийлэл бүтээн үлдээж
Дотогшоогоо бүр гүн орсон
Илүү гүнд илүү удаан байсан
      *       *       *
Бодолжин хэлбэржиж
Сэрэлжин дүрэлзэж
Сэтгэлжин намжиж
Сүнсжин амирлана.
Цааш унших

Байдал

Ойлгохгүй байна. Ойлгох гэсэн оролдлого хийгээд байгаадаа залхаж байна. Нэг мэдэхэд л оролдчихсон байх юм. Өөрийнхөө байдлыг ойлгохгүй байна. Ойлгох гэж оролдсоны дараа дандаа л их зовиур мэдрэх юм.

Эрүүл мэндээс болж сэтгэл санаа доройтоод байна уу? Сэтгэл санаанаас болж эрүүл мэнд доройтоод байна уу мэдэхгүй байна. Ямар ч гэсэн байдал их дордож байна. Эмч хэрэгтэй байна уу, сэтгэлзүйч хэрэгтэй байна уу эсвэл зөвхөн тэр л хэрэгтэй байна уу. Ёстой мэдэхгүй байна.

Суугаад л байхаар бас л тэгнэ. Сууж байгаад босохоор бас л тэгнэ. Босоогоороо байгаад байхаар бас л тэгнэ. Эргээд суухаар бас л тэгнэ. Хэвтэхээр бас л тэгнэ. Хэвтэж байгаад босохоор... Ялгаагүй л тэгнэ: Үе үехэн тархи толгойгоор сонин юм болоод ухаан балартаад муужирчих гээд байх юм. Тэгэхлээр эрүүл мэндээс болоод ч байгаа юм шиг.

Айсан. Нээрэнгээсээ их айсан. Яаж солиорч байснаа санаад дахиж давтагдах вий гэж айсан. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол давтагдаж л таарна. Яадаг юм билээ...

Үе үехэн тайван амгалан болчихно. Тэгээд тэр байдлаараа их удаан байх юм шиг санана. Бас гэнэт л тэр тайван байдал нь юу ч үгүй алга болчихно. Гэвч энэ байдлаа түр зуурынх гэж бодно. Тэгэж бодож их удаан явсан. Гэвч тайван байдалтай байх хугацаа маань улам улмаар багассаар байгааг саяхан л анзаарсан. Аль нь түр зуурынх юм болоо? Тайван байдал маань уу?

Амрах ёстой юу ажиллах ёстой юу. Шамдах ёстой юу налайх ёстой юу? 2-ууланг нь зохицуулах ёстой юу? Ямар нэг "ёстой" байх ёсгүй юм уу?

"Асуудал юунд байгаа вэ гэхлээр асуудал байгаа гэж бодож л байгаад байна. Би зүв зүгээр л байна." гэж өөртөө итгүүлэх гэж өдөржин үглэнэ. Гэвч ямар нэг асуудал байгаад л байгаа нь илт байна...

Өглөө нь нэг хүн, орой нь шал өөр хүн. Өдөр нь яагаад байгаа нь мэдэгдэхгүй өнгөрчихнө. Үдэш нь авирласнаа, бичсэнээ өглөө нь гайхна. Бараг л устгана, нуун далдална. Тийм юм бичээгүй, болоогүй гэж бодно.

Эвлэрдэг ч юм уу дөө. Нэгэнт өнгөрсөн. Эвлэрэх хэрэгтэй. Яагаад ч чадахгүй юм байна. Хүлээн зөвшөөрлөө. Өөрийгөө ямар нэг сэтгэлзүйн гэдэг бил үү сэтгэхүйн гэдэг бил үү юм уу ямарыг нь мэдэхгүй нэг балай эмгэгтэй болчихсон байгааг. Болчихсон ч гэждээ ер нь байдаг юм байна. Би чинь ийм л юм байна. Их удаан ийм явсан байна. Нууж чадахгүй нь.

Байдалтайгаа эвлэрлээ. Эргүү солиотой гэдэгтэйгээ эвлэрлээ. Би бууж өглөө. Тайван, намуухан байх гэсэн оролдлогоо зогсоолоо. Нэг сайхан хашгирч авах минь. Тэгээд хашгираандаа байж чадан тарчлах минь...

Хүнтэй уулзахаар зүв зүгээр болчихно. Зүв зүгээр байгаа гэж сайхан жүжиглэнэ. Жүжиглэхийн тулд, жүжиглэж зүв зүгээр байгаагаа мэдрэхийн тулд хүмүүсийн дунд байх гэж оролдсон. Гэвч хичнээн ур чадвартай байлаа гээд өөрөөсөө бултах аргагүй. Жил тойрон бултсан. Тэгээд ганцаараа байж энэ байдалтай нүүр тулах хэрэгтэй гэж бодоод нүүр тулсан...

Энэ стресс лав биш. Стресс хамаагүй дотно санагдаж байна. Хуурмаг ч гэсэн яадаг юм. Инээмсэглэе. Хүч гарган инээмсэглэж хүч чадлаа гайхая :)
Цааш унших

Болилоо

Нээрээ энэ блог өнгөрсөн жилийн 5 сарын 1-нд нээгдсэн гэхээр нэг жилийн ой нь өнгөрчихсөн юм байна. Энэ чинь бас л аятайхан далим учраас дашрамдуулаад ямар нэгэн юм хийе гэж бодсон боловч ер нь нэг жилийн ой энэ тэр нь хэнд хамаатай юм гэж бодоод болилоо.

Нээрээ энэ блогийг хамтран хөтөлж байсан нэг залуу маань "ядраад байна, ямар ч утга алга" гэсэн шалтгаанаар "болилоо" гэсэн тул одооноос өөрөө л бичлэг оруулж байхаас. Аан тийм өнөө орхиж явдаг өөдгүй залуугийн хэдэн бичлэг draft-д байгаа юм байна. Найруулж байгаад нийтэлсэн болохоос.

Нээрээ хамтран хөтөлж байсан гэж хэлэхэд хэцүүхэн л юм. Ер нь тэр залуугийн бичсэн бүгд л миний нэрээр нийтлэгдээд, мөн л өнөөх залуу миний нэрээр энд тэндхийн хэдэн блог хэсэж сэтгэгдэл үлдээдэг байсан болж таарлаа. Би болохоор "хамтран хөтөлдөг", "миний нэр гарж байгаа" гэж баясаад л, блогоо төлөөлөөд хүн амьтантай танилцаад гүйгээд байсан болж таарлаа шүү. Муухай ч юм уу даа. Ер нь ингэж байхаа болилоо. Одооноос ур дүй муутай ч гэсэн өөрөө л бичиж оруулж байя. Дараагийн бичлэгээс эхлээд би өөрөө бичих болно оо.
Цааш унших

Үүрд

Үүрд гэдэг мэдрэмж...
Товчхондоо энд бичих гэсэн бүх юм ингээд л болоо. Үүрд гэдэг бол мэдрэмж. Цаг хугацааны хэмжүүр биш.

Залуу байхдаа... Буцалж явахдаа... "Үүрд" гэдэг мэдрэмжиндээ шатаж явахдаа... "Үүрд" гэдэг мэдрэмжээ үүрд байх юм шиг айж явахдаа. Үүрд л ингээд шаналаад л, үүрд л ийм хэвээрээ үлдчихээд л, үүрд чамайг хүлээгээд л байх юм шиг санаж явахад... Үүрд чамаас хол байна гэж бодож байхдаа... Хэзээ ч чамайг мартаж чадахгүй юм шиг явахдаа... Мартаж чадахгүй л юм шиг бодож явж. Тэгэхэд энэ олон үүрдийг үхэл л зогсоох байх гэж бодож найдаж үхэл зүг яарж явсан удаа ч бий...

Аль нь үүрд, аль нь "үүрд" байсанг ялгаж мэдэлгүй бүгдийг нь үүрд гэж бодож л явсан байх даа хөө. (Дурсамжаа хүлхэн инээмсэглэх :D)

Үүрд харцыг чинь тосон ажиглагдаад
Үүрд дэргэдээс чинь ажин суумаар...

Жаахан дөхдөө. Үүрд гэдэг мэдрэмжийг мэдүүлье. Мэдсэн чинь таашаагдвал мэдрүүлье...
Тэгээд л энэхэн зуур "үүрд" өөд өөдөөсөө урсая.

Шивнэлдээн
- ...Үүрд үү?
- ...Үүрд ...үүрд.
- ...Үргэлж үү?
- Харин л дээ :P Цааш унших

Цор цор

Өчигдөр оройхон дэмий сэлгүү зан хөдлөөд ойр зуур байсан ишлэлийн түүвэр бүхий нэг номын хэдэн хуудас сөхөөд үзсэн чинь шууд далдага зан хөдлөөд цор цор хиймээр санагдав шүү.

Тэрхүү ишлэлийн номыг хэдхэн жилийн өмнө сөхөж хардаг байхдаа ганц нэг мөр сэлт уншиж үзүүтээ "за үнэхээр тийм юм аа", "ийм байж" гээд л ухаарал хүртсэн аятай башийгаад л байдаг байж билээ. Ойрд мундагчуулын ишлэл үгс уншаад тэгэж башийгаад байгаа юм алга. Харин ч өөдөөс нь цор цор хиймээр санагдаад байдаг болчихож. Доорх байдлаар цор цор хийв: (:P)

Аливаа хүн гэдэг бусадтайгаа огт адилгүй түүх байдаг
  - А.Каррель
Цор цор: Түүх гэдэг чинь бүх үйл явдлын өчүүхэн (бичигдсэн) хэсгийг хэлдэг биш бил үү? Тэгэхлээр хүн ямархан хөөрхийлөлтэй вэ?

* * *

Бүхнийг хүн тэвчих төдийгүй, ялна гэдэгт би итгэдэг.
  - У.Фолкнер
Цор цор: Чи зөвхөн итгэдэг л байх.
* * *

Түүх гэдэг бол улам бүр шинэ шинэ жүжигчид оролцон тоглодог мөнхийн жүжиг юм.
  - А.Монтерлан
Цор цор: Ай мөн тийм байхдаа. Чи өөрөө л айхтар жүжигчин байх. Битгий намайг тайз руу чирээд бай. Би зүгээр л үзэгч байна.
* * *

Урагшаагаа хардаггүй хүн ард хоцордог.
  - Д.Герберт
Цор цор: Урагшаагаа л хардаг хүмүүс ард сайхан зүйл байгааг хардаггүй. Тиймээс тэд хоцордоггүй.
* * *

Хамгийн анхны (анхдагч юм болов уу??) ардчилсан номлол нь бүх хүмүүст сонирхолтой байхад оршино.
  - Г.Честертон
Цор цор: Аа чи аль нэг шоуны тухай ярьж байна уу? Шоу л бүгдэд сонирхолтой байдаг биш үү?
* * *

Ертөнцийг хөдөлгөхийг хүссэн хүн өөрийгөө хөдөлгөх хэрэгтэй.
  - Сократ
Цор цор: Хаха чи ч залуу хүүхдийг хуурж хөдөлгөхдөө гарамгай юм аа. Ертөнц угаасаа хөдөлж байгаа. Гэхдээ тэд үүнийг анзаарахгүй л дээ :P Цааш унших

Метароман

Энд ганц роман биччихдэг юм уу. Блогийн бичлэгэнд роман арай уртдах л байх даа? Аль болох товчлоод л хүүрнэхээс. Романдаа нэр олоогүй байгаа...

Энд нэр нь байх юм

Нэгдүгээр хэсэг
- Өөрөөсөө уйдаа юу даа? Өөдөөс минь юунд ингэж ширтэх?

* * *
Хоёрдугаар хэсэг
- Хичээж дуусаа юу? Хээнцэр төрхөө юунд гээв?

* * *
Гуравдугаар хэсэг
- Өөрөөс минь бушуухан уйдаад өөр нэгэн рүү яар даа...
Цааш унших

Зүүд - 1

Зүүдлэхээс айна. Учир нь зүүд надад нэгэн зүйлийг итгүүлэхийг чармайна. Заримдаа чармайснаа чадна. Би итгэнэ...

...Өчигдрийн зүүд их сонин байсан. Түүнтэй үнсэлцэхэд яг л төмөр шиг тийм нойтон хүйтэн амт амтагдсан. Тэр амт тэрний уруулынх, эсвэл миний уруулын амт байх гэж бодсон. Яг үнсэлцэж байхдаа тийм амт амтагдаж байхад тэр амт бол хэн нэгний маань биеийн байдал муудсаны шинж гэж мэдэрсэн... Тэр хүсэж байсан ч чадахгүй байсан. Удаан үнсэлцээгүй. Өглөө сэрсэн...

Зүүдэндээ итгэчихсэн байсан. Өөрийгөө чагнасан. Өөрийн маань байдал муугүй байсан. Тэгэхлээр түүнийх муу байгаа байх гэж бодсон. Бодсондоо итгэсэн. Түүнд санаа зовсон. Тэр холд, өндөрт байгаа. Тэндээсээ буухгүй, ирэхгүй. Тэгэхлээр би түүнд тусалж чадахгүй. Бууж өгөж л чадна...
Цааш унших

Урагшаа

Урагшаа! гээд уухайлан давшихаасаа өмнө бодож байвал их зүгээр. Цэргүүд урагшаа гээд давшихаасаа өмнө хангалттай боддоггүй ч ялалт байгуулчихаад байдаг.

Учир нь жанжин нь тэдний өмнөөс бодож, жанжныхаа өмнөөс тэд хөдөлдөг юм. Хэрвээ боддоггүй жанжны цэрэг бол хөдөлдөг байгаад бас хэрэггүй.

Жанжингүй цэрэг, цэрэггүй жанжин минь хөдлөхдөө бодож, бодсоныхоо дараа хөдөлж бай. Өмнөөс чинь хэн ч бодохгүй, өөрөөс чинь өөр хөдлөх хүн бас үгүй шүү дээ.
Цааш унших

Хөрөг

Нэг гоё зурмал аватартай болъюу гэж бодлоо. Бодонгуутаа шууд зурдаг баатар боллоо. Баатар болох болоогүй л байна даа :) Шууд зурсан болохоор ямар олиг байхав. Иймэрхүү л юм болчихлоо. Энэ би шүү. Яалт ч үгүй жаахан тогтоод харсан чинь яг би мөн байна аа!
Багахан тайлбарлая. Тэр нэг зургийн голоор доохно хэсэгт жаахан бор өнгө орсон байгаа тэр нь уруул юм шүү. Уг нь жаахан инээмсэглэл нэмчих гэсэн инээмсэглэл гэдэг өнгө нь дуусчихаж. Өчигдөр нар зурж байхдаа инээмсэглүүлэх гээд бүгдийг нь дуусгачихсан бололтой юм. Гэхдээ л уруулаа гоё зурчихлаа гэж бодоод байгаа юм. Хэлбэрт нь өөрийнхөө нэрний эхний үсгийг шингээчихсэн ч юм шиг. Жаахан нягтлаад тогтоод харвал доогуураа зураастай M үсэг байгаа :P
Уруулын чанх дээхнэ нэг хэсэг бавайсан хар зураасархуу юм байгаа. Тэр сахал шүү. Уул нь тэр сахал дээр их тулж ажилласан юмсан. Ер өөдтэй болж өгөхгүй юм.
Тэгээд жаахан дээшлэвэл сахлын дээхэнтээ нэг турь муутай гурвалжин дүрс бий. Тэр хамар шүү. Сахлын хоёр талаар байгаа нь нүдний шилтэй нүд. Харин тэр хоёрын хажуу талд нь байгаа нь чих. Чихнээс доошоо уруудаад уруулын доод талд нийлж байгаа хар зурвас бол хууз сахал :P Одоохондоо байхгүй л дээ. Юмыг яаж мэдэхэв яваандаа ургачихвал дахиж хууз нэмэж зурах гэж яршиг гэж бодоод л нэмчихлээ.
Хамгийн дээр нь арзайгаад тодхон харлайгаад байгаа нь маны толгойн үс. За ямархуу болж? Энэ зургаараа энд тэндхийн вебүүдийн profile-нхаа зургаа чимье гэсэн бодолтой байна даа.
Цааш унших

Хундаганы үг - Сарнай

Сарнайхан минь чиний төлөө.
Санаанд багтамгүй тэнэгийн чинь төлөө.
Цэцэгхэн минь чиний төлөө.
Цэвэр ариун зовлонгийн чинь төлөө.

Харамлаж ядаж байгаа харцны чинь төлөө.
Харанхуйд нуусан нууцын чинь төлөө.
Хагацаж чадахгүй байгаа өчигдрийн чинь төлөө.
Хариу нэхэж байгаа маргаашийн чинь төлөө.

Хумигдан тарчилсан дэлбээний чинь төлөө.
Хуурамч бүхнээ хамгаалсан өргөсний чинь төлөө.
Худал хуурмагтай хийсэн гэрээний чинь төлөө.
Хуучин цагийн мунхаг алдрын чинь төлөө
Цааш унших

Урсгал-1

Ойлгочихлоо. Ойлгогдож байхыг бодвол олиггүй эд бололтой. Дурлалыг ойлгочихлоо. Утгыг нь ойлгочихлоо. Олон олон ойлгочихлоо гэж хашгичдаг хүмүүсийн хэмжээнд л ойлгочихлоо. Тэгээд бас тэр хэмжээнд л хашгичиж байна даа...

Товчхондоо дурлал бол шальтай гайхам зүйл биш л дээ. Хичнээн дурлалын шарханд илчтэй халууран байгаа ч дурлал бол физик утгаар үйлчлэл нь тайлбарлагдчих, дурлалтай холбоотой элдэв сэтгэлзүйн асуудлууд нь тоглоомын онолоор тайлбарлагдчих тийм нэг л асуудал гэж бардамнах...

Дурлал бол урсгал. Тэр бол зүгээр л урсгал. Тиймээс тэр урсгалыг үнэт эрдэнэ мэт тээж тээр болгон өөртөө бүү хадгал. Урсгалыг хадгалдаггүй юм. Урсгалаар уул босгодоггүй юм. Болдоггүй юм. Босдоггүй юм.
Амраг сэтгэлийн ундарга, хуримтлалын аль нэг нь л байгаа бол урсга урсга. Дурлал гэж нэрлээд урсга.
Янаг тачаалын урсгал, хуримтлалын аль нэг нь л байгаа бол урсга урсга. Амраглал гэж нэрлээд урсга.

Өөрөөсөө урсгаж өөрийгөө чөлөөл. Өөр нэгний урсгалыг өөр дээрээ тосож түүнийг чөлөөл. Өөрөө харин тэр урсгалаар нь сэлбэгдэн төгөлдөрж.

Урсгал яаж урсдаг тэгэж л урс. Урд чинь саад байвал тойроод урс. Хэт өргөн саад байвал даваад урс. Даваж чадахгүй бол буцаад урс. Оргилон бургилан урс.

Урсгал байгаад голдрилоо олчихвол
Урсаад бай урсаад бай үрс минь.
Урсгал байгаад голдрил байхгүй бол
Урсах зүг чинь голдрил чинь болно.

Урсаад бай урсаад бай үрс минь.
Цааш унших

Ноднин хаврын шүлэг

Би ганцаардлын билэг тэмдэг.
Би ганцаардлын биелэл... тэмүүлэл...
Шаналал бугшсан тэмүүлэл.
Шархлаа нь лугшсан хэмнэл... цамнал...

Ай хө залуу насаа гэж (хихи) Бас л аагтай омогтой байсан байгаа шүү. Одоо ч мөлийж дээ мөлийж :P Доорх шүлгийг бас л өнгөрсөн хавар бичиж байсан бололтой юм. Бага зэрэг ичих аядаад байх чинь...

Би нисэж байна гэж зүүдэлнэ.
Биен дээр минь тагтаа шавж байна гэж зүүдлэх.
Зүүдний тайлалыг би ер нь мэдэх тул.
Зүгээр л энэ бүхэн инээдэм шиг санагдах.
Цааш унших

Мэдчихмээр

Ямар газраас эхэлж, яагаад энд ирсэнээ мэдэхгүй байгаа ч
Ямар газар дуусч, яагаад тэнд очихоо мэдчихмээр байна.
Ядаж...

Яг энд л ингээд л дуусчихвал яах бол?
Яагаад энд ирснээ мэдэж байна уу би?

Яагаад энд ирснээ мэдэхгүй байгаа юм чинь
Яг энд дуусаж арай л болохгүй юм байна.

Жаахан явъя. Ямар нэг газар руу мэдэж очъё.
Мэдэж очоод мэдэж хүрсэн газартаа дуусъя!

Энэ газраас эхэлж, тэнд дуусах гэж очсон!
Тэнд дуусаж, тэгэж л дуусах гэж тэнд очсон!
Бүгд тодорхой
Цааш унших

Дараагийн

Хэрвээ өмнөх цэг өгүүлбэрийн сүүл цэг байсан бол энэ дараагийн өгүүлбэрийн эхний үсэг.

Хэрвээ өмнөх цэг өгүүллэгийн сүүлчийн өгүүлбэрийн сүүл цэг байсан бол энэ дараагийн өгүүллэгийн эхний өгүүлбэрийн эхний үсэг.

Хэрвээ өмнөх цэг номын сүүлчийн өгүүллэгийн сүүлчийн өгүүлбэрийн сүүл цэг байсан байсан бол энэ дараагийн номын эхний өгүүлбэрийн эхний үсэг.
Хэрвээ өмнөх цэг сүүлчийн номын ... цэг байсан бол энэ дараагийн номын тавиур дээрх номнуудын...
Цааш унших

Цэг

Бүх өгүүлбэр цэгээр төгсдөгтэй адилаар энэ өгүүлбэр ч гэсэн түүгээр дуусж байна.
Цааш унших