БЧХ - FATE, TIGER N DEER

Чи надад “үгүй” гэж хэллээ.

Энэ үгийг чи сандарсандаа хэлсэнгүй. Саваагүйтэж хэлж үзмээр санагдаад хэлсэнгүй. Ичиж, ичингүйрдгээ харуулах гэж хэлсэнгүй. Анхны удаад амнаасаа сул унагасангүй.
Үнэндээ чи… Сандарч нэг хэлж билээ. Би сонсоогүй мэт өнгөрөөсөн. Саваагүйтэж бас хэлж билээ. Эрхлэг дээ гээд бас өнгөрөөсөн. Ичиж ичингүйрдгээ харуулах гэж хэдэнтээ бас хэлж билээ. Тэгэлгүй яахав, тийм юм байлгүй яахав гээд бас л өнгөрөөсөн.

Чи надад “үгүй” гэж хэллээ. “Надаас сайхантай нь учир! Би ч чамаас өөдтэйтэй нь учрах болтугай” гэлээ.

Энэ удаа хэлсэнд чинь итгэхгүй бол би чамайг үл хүндэлсэн болох биш үү, хүсэл зоригоо, хүлээлт санаашралаа мэддэггүй нэгэн гэж үзсэндээ тулах биш үү.

Тиймийн тул чамайгаа би өнөөдрөөс орхиж байна.

Чам руу дахин хүсэж тачааж харахгүй, хүсэл сэтгэлийн чинь уг мөрийг мөшгиж бодолхийлэхгүй, үйл хэргийн чинь үр хийгээд дагаварыг шинжлэхгүй, үг бүрд чинь дайгдан үелзэх хүмүүн ёсны тэмүүллийн чинь хөг эгшгийг тааруулах гэж анирдахгүй, эрхлүүлж нялхруулж болмоор эгзэг хийгээд боломж бүрийг отож манахгүй болох нь.

Оролцож болохоор байвал оролцож, хүрэлцэж болохоор байвал хүрэлцэж, ажиглаж болохоор байвал ажигладагаа аль алинийг нь болих нь.

Сайныг хэрхэн харж байна вэ, саараас хэрхэн зайлж байна вэ, сайхан зүйлтэй учраад яаж байна вэ, саар зүйлийн дайрлагад өртөөд хэрхэж байна вэ гэж харуулдан цэгнэхгүй, жолоодон дагуулахгүй байж ер дураар чинь орхиё.

Ердийн үг хэлж, ерийн үйлийн тухай дурдаж, ер бусын зүйл байдаг юм аа гэхэд тэр нь лав чи бид хоёрын дундаас биш гэж бодож байх болно.

Хорвоо дэлхий уудам ч, холхин хөлхих зай талбай маань давчуухан болсоор байх энэ цаг үед дахин дахин тааралдаж, олон олон уулзах нь лавтай. Тиймийн тулд дахин уулзваас, санаатай санаандгүй таарваас яавал зохихыг, хэрхэн биесээ авч явахыг хэлж тохирсу!

Муу явааг минь үзвэл… Энэ мэт эрд би олноор нь "үгүй" гэж хэлж явсан билээ гэж бодож, над мэтийн муутай нэг хоёр үг байтугай нэлээд үгийг сольсон ч автах, гутах зүйлгүй гэдэгтээ итгэлтэй байж. Энэ эр ч дахин элдвийг санаж сарвайхаа больсон биз гэж бодож тайвширч санаа амар явагтун.

Сайн явааг минь үзвэл... Би чинь ийм эрд хүртэл нүүр өгөөгүй хүн шүү дээ гэж зовхио өөд нь татаж, зоргоороо жолоо хийж энэ цагт болсон бүхнийг элэгдэж яваа хөнгөн дурсамж төдийд үзэж, инээмсэглэх шалтгааны хэмжээнд л бодож, элдвийг саналгүй, эрээлэх явдалгүй харилцан явагтун.

Муу явааг минь үзвэл… Энэ мэт мууг би нэгэнтээ таних болж, тиймээс эднээс хахь өөр, харахаас андашгүй сайн эрт тэнцэх нэгэн болоход шамдсу гэж хичээн үйлдэж, тэрхүү сайн эр нь ирвээс сайн ерөөлийн хүчээр саадгүй учрах болтугай.

Сайн явааг минь үзвэл… Би чинь ийм эрд хүртэл "үгүй" гэсэн билээ. Тийн атал юунд ээрэн тойрон байх энэ муу эрсээс сонгон тал өгч, элдвийн аашийг нь хүлцэхээр болохдоо тулах билээ гэж бодол хийгээд санаагаа өөд нь барьж, энэнээс ч сайных нь энгэрт эрхлэх өдөр бий гэж итгэж зорьж явагтун.

No comments:

Post a Comment