БЧХ - Чамд

1
Болох болохгүйгээ үзээдхэе гэсэн үү
Таарч тохирохоо шалгаадхая гэсэн үү
Нэг хоёр уулзаадхая гэсэн үү
Нэр ором төдий учраадхая гэсэн үү

Үнэн сэтгэлийн үнэрийг дарах
Үгэн тоглоомоос хэргээр тойрч
Ил далд санаагүйгээ илтгэж
Ил цагаан шууд хэлсэн билээ

Эхнэрээ болгоё л гэсэн билээ
Эр чинь байя л гэсэн билээ
Хатан шигээ байлгая л гэсэн билээ
Хаан шиг чинь байя л гэсэн билээ

Жаргаая, цэнгээе гэж амлаж хуурсангүй
Жаргал зовлонг чинь хариуцъя л гэсэн билээ
Зовооё, туйлдаая гэж айлгасангүй
Зорьсон эхлүүлсэн үйлстэй л гэсэн билээ

2
Болох цаг нь болсон гээд
Болгоомж сэрэмжгүй мэт байна уу
Болох юм болж байна гээд
Бодож тунгаахгүй мэт байна уу

Туулсныг минь мэдэхгүй болохоор
Туулахыг минь гадарлаагүй болохоор
Тухайлсан этгээд үйлдэлд минь
Тунирхаж ундууцах чинь аргагүй ээ

Элдвээр сонжсон эргэлзээг чинь
Эрхэлсэн дэмий зан гээд тоогоогүйг
Эрхэмлэж чамайг хүндлэхгүй байна гэж
Энхрийлж нандигнах бодолгүй байна гэж
Эндүүрэн бүү бодоорой

Хүсэж хүлээсэн зугаанд чинь
Хүч тамираа зориулаагүйг
Хүн ёсоор чамд дурласангүй гэж
Хүсэл сэтгэлээ зориулахгүй байна гэж
Хүнийрхэж бүү бодоорой

3
Ил цагаан бай гэсэнгүй
Ичиж зоволгүй зөвшөөр гэсэнгүй

Цаашаа гэж нэг гараараа түлхээд
Наашаа гэж нөгөө гараараа татахыг
Хүлээгээгүй билээ гэж хэлээд
Хүрж очих замыг минь бэлтгэж засахыг

Үгүй шүү хэмээн хэлээд
Тийм шүү хэмээн нахилзахыг
Зүйтэй урнаар эрхлэхийг
Зөөлрөн, уяран нялхрахыг

Ийм мэтхэнийг мэдэх л байлгүй дээ
Эзэмшиж амжаа л байлгүй дээ

4
Чамайг би, хүсээгүй биш хүссэн
Чамд би, шунаагүй биш шунасан
Хүсмээр шунамаар сайхныг чинь
Хэлээгүй биш, хэлсэн

Гоо өлмийг чинь үргэлж үнслэн байгаад нь
Газар дэлхийд би атаархаж үзсэн
Гол шиг биеийг чинь таалж ус шиг урсан байгаад нь
Тэнгэрийн салхинд би уурсаж үзсэн

5
Амраг хонгор хүслүүдийн минь
Алдууран тонгочих цаг нь болжээ
Алдарсан сэтгэлээ амархан гэж бүү зэмлэ
Ая нь таарсан зүйлд хөндөлсөж бүү саад бол

Хүсэл тэмүүллээ чамд бэлчээсэнгүй гэж
Хүч тамираа чиний төлөө үрж зарсангүй гэж
Арга ухаанаа чам дээр шавхсангүй гэж
Алив залиар толгойг чинь эргүүлсэнгүй гэж

Эрхлэн будангуйрах хүслээ дарж чадахгүй бол
Эргэлзэн хүнийрхэх сэтгэлээ зогсоож чадахгүй бол
Үнэн шулуун сэтгэлээс ичиж байгаа бол
Үнэхээр эвлэрэмгүй, эвгүй санагдсаар байгаа бол

Үнэн сэтгэлийнхээ төлөө чамайг орхихоос өөрөөр
Үнэндээ би яах ч юм билээ...

Амраг уриалгахан сэтгэл минь
Арав хоног гасална л биз
Чигч шулуун чин сэтгэл минь
Чигээ өөрчлөхгүй гэж зөрнө л биз

Амьдралын жамыг тэрслэе гээгүй юм чинь
Амьд байгалийн хуулийг сөрье гээгүй юм чинь

Амраг сэтгэлээ аргадаж дөнгөх байлгүй
Чигч шулуун сэтгэлийнхээ чигийг залж болох байлгүй

No comments:

Post a Comment