БЧХ - Би чадахгүй нь ээ

Би юу чадахгүй вэ? Би чамд сайн байж чадахгүй. Би чамайг харан харан шохоорхон явж чадахгүй. Би чамайг сэтгэлийнхээ мухарт тээн явж чадахгүй. Би ерөөс үлгэн салган байж чадахгүй. Үлгэн салган дурлаж бол бүүр чадахгүй.

Чамаар сэтгэл зүрхээ тэр аяар нь дүүргэж, эзлүүлж тэгээд өөртөө жаахан зай ч гэсэн авч үлдэх гэж тэмцэж гуйж бол чадна.

БЧХ - Дурлалын тоглоом

За эхлээд... Жаахан нээлттэй зан гаргачихъя. Тэгээд энэ хачин, шаааал дэмий ч юм шиг романтик тоглоомыг, хэрэгцээгүй ч гэмээр сээтэгнэлүүдийг зүгээр л хүлээгээд авчихъя. Өөрөө жаахан хүч нэмээд хүртэл тоглочихъё, энэ дүрдээ. Дуртай үедээ эндээс гарчихаж чадна, энэ чинь зүгээр л тоглоом шүү дээ гэж бодоцгооё. (Угаасаа тийм л юм чинь!)

БЧХ - Гуравдахь захидал

Удаах захидалаа удааж байгаад бичсэнд уучлаарай. Чин шударга байцгаая гэж эхний захиа маань эхэлсэн бил үү? Чин шударгаар хэлье: хоёрдахь захидалаа бичиж үнэхээр чадахгүй байна, нэг л юм болохгүй байна. Энэ болохгүй байгаа, болгохгүй байгаа мэдрэмжиндээ үнэнч байгаад энэ (хоёрдахь) захиаг бичихгүй байчихъя. (Мэдрэмжтэй маань хардан булаацалдахгүй биз дээ намайгаа?)

Годотыг хүлээх нь

Маргааш, маргааш, маргааш
Маргаашийн ард дахиад л маргааш байгаа.
Тэр л маргаашууд итгэл найдвар болж гэрэлтэнэ.
Тэгэвч тэр гэрэл хичнээн ойрхон байгаад ямагт нэг хоногийн зайтай...

-- Чи андуураад байна, наад абсурд гээд байгаа чинь уран зохиол хараахан биш юм. Абсурд бол театр юм. Театр гэдэг чинь юусан бил ээ дээ? Театр бол үзүүлж харуулдаг зүйл. Бидний сэтгэлийн дотоодхыг гадагш нь дэлгэж тайзан дээр иллэн харуулсан байг. Энийг ил, тэрийг далд гэж ангилалгүй бүгдийг нь иллээд харуулчихсан байг! (Хөшиг нээв)

-- Өө бурхан минь!

-- Өө яасан? Үзэшгүй муухай байна уу? Тайзан дээр хөглөрөх энэ их хог новшинд эвгүйцээд хэрэггүй дээ.