Цаас

  Цаас хэзээд дотно. CRT, LCD, TouchScreen, X, Y, Z гээд технологийн ямар ч дэвшилд ямар ч давуу тал байж болно. Давуу талыг нь хүлээн зөвшөөрнө. Гэхдээ цаас хэзээд дотно.
  Цаасан дээр түүх байгаа. Тэр түүх бол дан текст биш юм. Үнэр танар, өнгө будаг, тоос ч тэр цаасан дээрх түүх. Бидний хичнээн үе санамжийнхаа доройг цаасны тусламжаар нөхөж, баяр хөөр, хорсол, гунигаа цаасан дээр сийлж цагаан цээжийг нь эрээн болгож намтар түүхээ үлдээж ирсэнийг тоолох биш ойлгох нь чухал аа.

Сул дорой байх эрх чөлөө

    Эрх чөлөөний тухай яриа бүхэн хүч чадлын эрх чөлөөний эргэн тойронд өнгөрөх нь олонтаа. Харин энэ удаагийн эрх чөлөөний тухай яриа бол сул дорой байх эрх чөлөө.
Хүч чадалтай харагдаж байвал сайхан. Гэхдээ нь зайлшгүй шаардлага биш. Зайлшгүй шаардлага бол эхлээд ямар нэг байдлаар "орших".

Шидтэний удам тасраагүй

Ухаантайдаа ч биш л дээ. Гэхдээ ер нь зарим хүмүүсийн зарим үйлдлийн төлөө үнэхээр өмнөөс нь шаналах юм. Нэг үгээр хэлэхэд шидтэний удам тасраагүй. Ер нь тасарж байгаагүй юм шүү. Шидтэнүүдийн тухай эртний бичиг судар архивын баримтуудыг үлгэр, домог гэсэн сонин нэр өгөөд албан ёсны бус болгочихож байгаа юм даа. Сонин шүү. Угаасаа байсан болоод л тэдний тухай бичсэн болж таарна шүү дээ. Золигнууд бас нохойтох аргаа олж ядах юм даа. Үлгэр домгийн үнэн бодит эсэхийн тухайг ингээд цэглэе.

Даруу зангийн тухай

Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэлцдэг. Энэ үгэнд би итгэдэг. Олон сонссон учраас биш ортой болохыг нь мэдэх учраас итгэдэг билээ.
Эрдэмт хүн даруу гэдэг…
Би хэзээнээсээ олон үгтэй, ойворгон зантай билээ. Ихэрхэн хийрхэж байсан нь олонтаа. Даруу зан гаргаж байснаа лав санадаггүй. Сурсан мэдсэн маань ихгүй ч бас багагүй гэж боддог. Тэгэхээр эрдэмт хүний хэлтэрхий надад даруу зан бага ч атугай байх учиртайсан. Гэтэл тиймгүй ажээ. Мэдэх тутам мэдэмхийрч, чадах тутам чалчих нь улам л ихсэх юм.

Бодлын гүн нуур

Бодлын гүн нуурын эрэг дээр би тайчиж зогсоно. Бодлын гүн нууранд шумбахад гоё ганган хувцас, хөлөг баатрын нөмрөг, хуяг, бамбай, сэлэм хэрэггүй. Иймээс би бүгдийг нь тайлна. Тэгээд умбана, шумбана. Тааваараа эрхэлнэ. Гүнд нь шумбана. Бодлын минь хир уусна. Гэхдээ нуур тунгалаг хэвээрээ.

Google ба Жонатан Ливингстон

Интернет хайлтын системийн тэргүүлэгч Google болон Ричард Баахын бичсэн "Жонатан Ливингстон хэмээх цахлай" туужид аль алинд нь намайг үнэхээр гайхан бишрүүлсэн нэг зүйл байдаг. Тэр бол ямар нэгэн зүйлийг угт нь тултал хөгжүүлэх явдал.

Зөрөөд өнгөрсөн бүсгүй

Би уг нь зурах дуртай. Даанч гоё сайхан зурж чаддаггүй. Гэхдээ л зурах дуртай. Зураад л, ураад л, хаяад л, дахиад зураад л. Заримдаа урах ч үгүй, хаях ч үгүй.
Энд ойрын үед зурсан нэг зургаа сонирхуулах гэсэн юм. Сүйдтэй мундаг зураагүй ч гэсэн өөрт минь дажгүй л санагдаад байгаа юм. Зурж чаддаг хүний нүдээр бол таталбар л байх.

Миний тухай

Би бол он цагийн горхиноос салаалж одоод одоо ч гэсэн урсгал нь татраагүй нэгэн салаа билээ.
Би бол огторгуйн эхлэлээс тасарч одоод одоо ч гэсэн хязгаарт тулаагүй нэгэн тоосонцор билээ.

Би бол маргаашийн тухай тэмүүлэл дээрээ мацаж гарж чадсан тэмүүлэй билээ.
Би бол энэ бүхнийг элдэв бодол юугаа умартанхан бичиж байгаа бичүүлэй билээ.

Блог нээлээ. Сайн байцгаана уу?

Одоо л нэг хувийн блог албан ёсоор нээж байна. Ингээд блог ертөнцийн гишүүн болов оо хө. Бичээд найзлаад, нөхөрлөөд, хэлэлцээд байдаг хэрэг.
Би блог дээрээ юу бичих вэ? Ер нь бол юуг ч бичиж мэднэ. Гэхдээ голчлон сэдэвт баригдалгүй чөлөөтэй л бичих байх. Тийм ийм төрлөөр дагнаж бичнэ гэсэн бодол одоогоор алга.
"Чөлөөт тэмдэглэл" гэсэн нэрийн тухайд бол элдэвт баригдалгүй, чөлөөтэй тэмдэглэе гэснээ л тэмдэглэхийг зорьсон юм.
Анхны маань бичлэг. Таалан уншсанд баярлалаа.