Google ба Жонатан Ливингстон

Интернет хайлтын системийн тэргүүлэгч Google болон Ричард Баахын бичсэн "Жонатан Ливингстон хэмээх цахлай" туужид аль алинд нь намайг үнэхээр гайхан бишрүүлсэн нэг зүйл байдаг. Тэр бол ямар нэгэн зүйлийг угт нь тултал хөгжүүлэх явдал.

Гүүглийн гол үйлчилгээ бол хайлт. Анхан тэд (гүүглийнхэн) зөвхөн вебээс хайлт хийх үйлчилгээ үзүүлдэг байсан. Миний ойлголтоор интернэт хайлтын хувьд энэ нь хангалттай байлаа. Гэвч тэд тэгсэнгүй. Тэд бүхнийг хайна (юуг ч, хаанаас ч) гэсэн бичээгүй, ил зарлаагүй уриан дагуу ажиллаж байх шиг. Зөвхөн хэн нэгний вебээс ямар нэг текст, зураг, медиа файл хайх явдал тэдний сэтгэлийг амраасангүй бололтой.
Хайлтын алгоритмаа сайжруулахаас гадна хайлт хийх талбараа өргөтгөж чадаж байгаа ба зарим нь миний хувьд огтоос төсөөлж байгаагүй талбарууд байгаа нь гайхалтай. Одоо тэд интэрнэт дэхь веб-хуудаснаас хайх явдлаас хальж хэрэглэгчийн хувийн компьютерээс хайх (Google-Desktop) болж мөн дэлхий дээрээс ямар нэг хот тосгон, обьект хайх (Google-Earth) гэхчлэн ямар нэгэн зүйлийг хайх гэдэг ойлголтыг өндөр түвшинд хөгжүүлж чадсан нь бахархал төрүүлэм. Тэд бүүр даварч дэлхий дээрээс хайхаас хэтэрч сансрын уудмаас (Google-Earth+Sky) хайх болсон байна лээ.
Тэд ирээдүйд юуг хаанаас яаж хайх аргыг олохыг нь би төсөөлшгүй.

Жонатан Ливингстоны хувьд бараг л адилхан зөвхөн нисэх гэдэг нэг ойлголтыг л төгс төгөлдрийн хязгаарт тултал нь бичсэн шиг санагддаг. Зохиолын гол баатар болсон цахлай нисэх чадвараа хөгжүүлсээр байгаад сүүлдээ бараг л мөнхийн амьдралыг олж байгаа нь Google хайх чадвараа хөгжүүлсээр байгаад дэлхийн манлай компаниудын нэг нь болсонтой адилхан санагдаад байгаа юм.
Хайх, нисэх гэдэг бол аль аль нь бусадтайгаа адилхан жирийн л нэг үйл үг. Гэтэл энэ зүйлийг хийж буй хүмүүс нь, цахлай нь үүнийгээ аугаа гайхамшигтай зүйлс болтол нь бүр анхны энгийн утгыг нь алдагдтал урлагийн, авангард гэж хэлэгдэхүйц түвшинд гаргаж чадсан нь нэгийг бодогдуулам.

"Жонатан аа, Хязгаар байдаггүй юм биз дээ?" гэж нэгэн цахлай (Флечер) Жонатанаас асууж тэр зохиол дуусдаг. Харин би:
"Гүүглээ, Хайлтанд хязгаар гэж байдаггүй юм биз дээ?" гэж би энэ бичлэгээ дуусгая даа.

2 comments:

  1. Энэ бичлэг таалагдав.

    ReplyDelete
  2. Тиймээ, надад ч бас таалагдав. Ер нь их гоё бичихийн. Гэхдээ гүүглийн хайлтын системийг амин сүнс нь текст, зураг, бүр хүний DNA энэ тэрээс хайхдаа биш, үй олон хайлтын үр дүнгүүдээс тухайн хайгчид хэрэгтэйг нь гаргаж үзүүлж чаддагт оршдог юм.

    ReplyDelete