Сул дорой байх эрх чөлөө

    Эрх чөлөөний тухай яриа бүхэн хүч чадлын эрх чөлөөний эргэн тойронд өнгөрөх нь олонтаа. Харин энэ удаагийн эрх чөлөөний тухай яриа бол сул дорой байх эрх чөлөө.
Хүч чадалтай харагдаж байвал сайхан. Гэхдээ нь зайлшгүй шаардлага биш. Зайлшгүй шаардлага бол эхлээд ямар нэг байдлаар "орших".
    Өнөөдөр хүн бүр сул дорой байх эрх чөлөөгөөр дутагдаж байна. Нийгэм хэн нэгний сул дорой байхыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид бүр өөрснийгөө сул дорой байхыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Дөнгөж Homo Sapiens ухаан суугаад эхлэх 6, 7 наснаас нь сургууль гэдэг газарт аваачиж өгөөд тэнд нь үргэлжийн "мундаг" байхыг шаардаж өсгөнө. Хэрвээ "мундаг" байж эс чадваас зохион байгуулалттай үзэн ядалтыг нийгмийн зүгээс тэр нялх амьтан руу явуулна. Зохион байгуулалттай үзэн ядалтынх нь илрэл нь дүн хэмээх зэвсэг, ээж аавын дургүйцэл, ойр тойрныхны дорд үзэлт...

    Ингээд үзэн ядалтын бай болохгүйн тулд "мундаг" болно. Болж чадахгүй учраас "мундаг" болж жүжиглэнэ. Жүжиглэхээс ч аргагүй юм. Хэн ч стандартын төгс төгөлдөр биелэл болж чадахгүй. Энэ жүжиглэлээс худал хуурмаг үүснэ. Бүх нийтээр худал хуурмагт нь алга ташин угтана. Энэ жүжиглэл, өөрийгөө мундаг гэсэн итгэл, сул дорой байдлаа ухаан зулаггүй нуухыг амьдралынхаа утга учир болгоно. Хэзээ ч сул дорой байгаагүй гэж намтарт нь буувал тэр "амьдрал"! Утгагүй.

Сул дорой байх эрх чөлөөгөө хүлээн зөвшөөрөхгүй байснаар хуурамч, хөөмөл хүчирхэг байдлыг хэлбэрдэж галбирдсаар эгэл сул дорой байдлаас ч сул дорой болдог. Ингэснээр оршин тогтнох наад захын шаардлагаа ч хангаж чадахаа байдаг.
Түүх ажицгаая. Сул дорой байх эрх чөлөөгөө хангалттай эдэлсэн буюу "мундаг" байх гэж өөрийгөө шал дэмий шаналалгүй сул доройгоо хүлээн зөвшөөрч бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадсан хүмүүс "мундаг", "хүчирхэг" болон өндийсөн байх юм. Жишээ дурдах шаардлагагүй. Хангалттай байгаа.
    Сул дорой байх эрх чөлөөг олгосноор тэр хүнийг сул дорой болгочих гээд байгаа юм биш шүү. Угаасаа тийм юм болохгүй. Хүн угаасаа хүчирхэг, мундаг байдлыг хүсдэг. Тэгээд ч тийшээгээ зорьно. Тэгэхийн тулд сул доройгоос л эхлэх учиг байгаа юм даа.
    Сул доройн гүнээс аугаа хүчирхэгийн нууцыг олох ёстой байдаг ч юм бил үү хэн мэдлээ. Ямартаа ч сул дорой байдлаа үгүйсгэснээр хүчирхэгжин манддаггүй л юм шиг байгаа юм.
Уучлалыг галбирдахаас өмнө сул дорой байх эрх чөлөөг нэг нэгэндээ олгоцгооё.

6 comments:

  1. Сонин л юм. Гэхдээ сул доройг өөгшүүлэн дэмжих зөв буруу эсэхийг чи өөрөө мэдэж байгаа байлгүй. Сул дорой байдал хөгжил дэвшилд хүргэхгүй байх. Хөгжил дэвшил хэрэггүй хүнд бол хөгжил дэвшил утгаа алдана.

    ReplyDelete
  2. Сайхан шаахымааа

    ReplyDelete
  3. Саналаа сэтгэгдэлээ илэрхийлсэн та хоёрт талархаж байна. Энэхүү сэдвийг цааш үргэлжлүүлэх бодол байгаа тул дараа бичлэгээрээ хариулт барья.

    ReplyDelete
  4. нэг бодлын чиний зөв

    ReplyDelete
  5. ene l erh chuluuguur tsangaj yawna da, 10 jild bhda B awah erhgui negen bsn bol oyutan bolloo ch yalgaa alga, sul doroi bh erh chuluug l olgoogui blhoor jujig ehelj bgam da, zarim uyed namaig hen ch tanihgui, nadaas hen ch yamar negen zuil shaardahgui yertuntsiin muhart ochood shigdchihmeer sanagddag shu

    ReplyDelete