"Гэм зэм" зохиолын хэлэлцүүлэг

Уучлаарай уншигчдаа. Товчхон өмнөтгөл биччихье. Энэ удаагийн бичлэгийг анхнаас нь блогдоо оруулна гэж төлөвлөлгүй өөр юманд зориулж бичсэн ч өөр газар огт нийтлээгүй блогтоо анх нийтэлж байгаа болно. Жилийн өмнө "Гэм зэм" зохиолоор "review" бичнэ гэж ам гарсан боловч ер өөдтэй болж өгөхгүй өвөл хавар дамжин гурван сар шаналж байж арай гэж дуусгаад 3 хүн рүү явууллаа. Дараа нь уулзаад "ямархуу болж?" гээд асуувал нэг нь уншаагүй, нөгөө нь уншаад юу ч ойлгоогүй гээд, харин гуравдахь нь "чи ер нь их солиотой хог байна шүү" гэж хэлж билээ :)

Жаахан засаж янзлах хэрэгтэй санагдаад далд хийчихсэн байсан чинь нэг мэдэхэд нэг жил өнгөрчээ. Саяхан гаргаж ирээд гүйцээж янзалсан болоод нийтэлж байгаа энэ.

"Гэм зэм" зохиолын хэлэлцүүлэг

- Агуу уярам чадаагүй, бүтээгүйн түүхийн хажууд эгэл даруухан чадчихсан болчихсон түүх илүү биш гэж үү.
- За яахав. Би тэгвэл агуугаас агуу уярам, чадаагүй болоогүйн дэлгэх юм уу хаашаа юм! Утга учир, үр дүнгийн тухай яриаг чинь сөргүүлэн автахуй, уярахуй ярих юм уу? ...

...

Эмзэг: Чи тэгэхлээр энэ зохиолыг агуу гавьяа төлөвлөчихөөд түүндээ хүрж чадаагүй, магадгүй бүүр хүрч чадаагүй нь яалт ч үгүй гарцаагүй байсан мэтээр аргадан тайлбарлаж буй уярам түүх гэж үзэж байгаа хэрэг үү?

Мундаг: Яагаад үгүй гэж?

Хувиа хичээж, магадгүй өч төчнөөн увайгүй муухай зүйлс хийн байж хурааж хуримтлуулсан хэдийгээ дайчлан гарамгай гавьяа байгуулдаг байсан, мөн үргэлжид хүн төрөлхтний сайн сайхан үйлсийн ул суурь, охь шим нь ийм л замаар бүрэлдэж байсан бол? Ийм л байсан, үргэлжид бас ийм байхаар бол, бас дээр нь би үүнийг мэдчихээд байгаа бол... би юу хийх вэ? Чи юу хийх вэ?

Соломон - Дуунаас дуулдсан дуу (1)

дарснаас нэрэгдсэн дарс, дуунаас дуулдсан дуу

1-р хэсэг

(Бүсгүйн дуулал)

- Амраг минь намайгаа үнсэг
Амраг халуун хайраа амлуулан амсуулан үнсэг
Амтат дарсанд ч дарагдамгүй
Амь сүнсний минь ангааг тайлан тайлан үнсэг