дарснаас нэрэгдсэн дарс, дуунаас дуулдсан дуу
1-р хэсэг
(Бүсгүйн дуулал)
Амраг халуун хайраа амлуулан амсуулан үнсэг
Амтат дарсанд ч дарагдамгүй
Амь сүнсний минь ангааг тайлан тайлан үнсэг
- Аах! Сад анхилах үнэрийн чинь сайхныг ээ
Ай ийм л болоод алдрын чинь цуурайнд
Агаар хүртэл анхилж дэвтээд
Амьсгалах мэт амраар охид чамд дурладаг байх нь
- Хараач! Нөхөд минь дуулалдаж байна
Хөтлөлдөн гүйхийг маань хүлээж байна
Амтат дарстай хундагаа өргөцгөөгөөд
"Ай үүнээс ч амттайд умбаг" гэж ерөөж байна.
- Ирээч дээ хонгор минь,
Яараач дээ янаг минь
Эмнэг хангал аашаа хөлөглөн
Эзэн хаан шиг морилооч
- Хот газрын хонгор охид оо!
Нүүдэлчний майхан шиг бараан ч
Хааны өргөөний хөшиг шиг туяарах
Хонгор бор арьс минь гоо биш гэж үү.
- Хар борыг минь бүү хачирхаарай
Нар надад хайртайн гэрч юм
Эх нэгтэстээ гадуурхагдаж,
Эрхэлсэн ажлаа цалгардуулсан ч
Нар намайг хайрлан ээсээр байсны гэрч юм
- Чин зүрхний охь хайр минь
Чи минь наддаа хэлээч дээ
Сүргээ чи минь хаагуур бэлчээж
Сүүдэр бараадуулахдаа хаана хэвтүүлнэ вэ
- Юунд би...
Гэгэлзэж догдлох бүртээ
Гивлүүр зүүж гэрээс гараад
Хаа байх бол гэж чамайгаа хайж
Хаа газар бүрээр тэнэх вэ
No comments:
Post a Comment