— Байгаагаараа битгий байгаач?
— Юу гэнэ ээ?
— Шал өөрөөр байгаач? Надтай шал өөрөөр харьц. Жүжиглэ. Хуурмагла!
Чи өөрийнхөөрөө байх гэж, өөрийн дур зоргоо эдлэх гэж хэтэрхий удаан, хэтэрхий их хичээчихжээ.
“Энэ л би мөн байх” гэж бодож, энэ бодсоныхоо дагуу байх гэж, энэнээс өөр бодлоосоо, элдвийн үнэн араншингаасаа зугатааж, “ийм ч байхгүй, энэ чинь би биш”, “тийм ч байхгүй, тэр чинь би биш” гэж байсаар тийм ч биш, ийм ч биш, ерөөсөө ямар ч биш болчихжээ. Чи минь.
Чи өөрөө өөрийнхөө байгаагаас уйдаж эхэлсэн байна. Тэгтэл би чиний уйтгарыг харж тэсэхгүй нь. Чи минь энэхэн биендээ ямар их уйтгар гуниг тээж явдаг юм бэ!
Тиймээс өөрөөр байгаач. Эхэндээ энэ, зүгээр л нэг хуурмаглал мэт байх болно. Зүгээр. Энэ хуурмаглалын жүжигт жаахан оролцчих. Тэгээд энэ бүхэн чамд хуурмаглал үгүй шинэ ертөнцийн хаалгыг нээж өгөхийг харах болно оо, чи минь.
No comments:
Post a Comment