БЧХ - Санаархал мину


Би чамаас чамайг гуйж байгаа юм биш. Чамайг болон өөрийгөө чамаас ч, надаас ч өмнө байсан гоё сайхны үргэлжлэлд зориулах гээд байгаа юм.

Би чиний гоо үзэсгэлэнг бишрэн бахдагч биш юм. Гоо үзэсгэлэнг чинь бадраан цогцлоогч юм. Би! би! би л чамайг бүрэн бүтэн болгож чадах хүн мөн юм байна гэж ойлгож мэдсэн нэгэн юм.

Чамгүйгээр би амьдарч чадахгүй байгаа юм биш. Чамгүйгээр амьдарч чадахгүй болмоор байгаа юм. Бүхэл бүтэн байхаасаа татгалзаж, бүхэл бүтэн зүйлийн өрөөсөн нь болж тэр бүтэн зүйлдээ бүрэн шингэх аялалдаа хамт гарах гээд байгаа юм.
Би чамайг сонгож байгаа юм биш. Чамаас өөрийг нь ч сонгож байгаа юм биш. Сонгож болох бүх сонголтуудыг хаяж орхиод, хайр бол сонголт төдий биш гэж үгүйсгэж зугатаад, чамтай хамт цааш зугатахаар ирж байгаа юм.

Би чамд ямар нэг юм амлаж байгаа юм биш. Хайрлана ч гэж амалж байгаа юм биш. Харин шууд л хайрлаж байгаа юм.

Би эмзэг зөөлхнөөр дутсан эрс хатуу биш, эрс хатууг эрж хүлээсэн эмзэг зөөлхөн биш. Би эмзэг зөөлхөн биш, эрс хатуу ч биш. Би эмзэг зөөлхөн бөгөөд эрс хатуу билээ.

Би чиний эмзэг зөөлхөнд чинь эмзэг зөөлхнөөрөө хүрч тэмтэрч, эрс хатуугаараа энэ бүхнийг чинь хучиж, хамгаалж, эмзэг зөөлөнгийнхөө үүрэнд гоо сайхны үрийг ургуулж өндийлгөх гэж байгаа юм.

No comments:

Post a Comment