Хачирхалтай юм аа. Энэ удаагийн бичлэг маань "Гэм зэм зохиолын хэлэлцүүлэг" бичлэгтэй тун ойролцоо хувь заяаг туулж та бүхний гар дээр хүрч байгаа юм байна. "Анна Каренина" зохиолоор "review" бичнэ гэж яг жилийн өмнө хүмүүст ам гарсан боловч тэр дор нь бичиж дөнгөлгүй, 3 сарын турш нухаж нухаж арай гэж дуусгаад унших хүмүүс рүү нь явууллаа. Дараа нь сар гаруйн дараа уулзаад таг чиг байсан болохоор нь нэрэлхэн байж "уншив уу? ямархуу болж?" гэж асуувал нэг нь ч бүрэн уншаагүй гэж хэлж билээ :)
Засаж янзлалгүй яг тэр хэвээр нь энд нийтэллээ.
"Анна Каренина" зохиолын хэлэлцүүлэг
Хайр дутуугаас үүдэлтэй өвдөлт зовиур өчнөөн төрөл янзаар байх боловч, хайраар бялхаж дүүрэх жаргал ганц л байх ажгуу.
— Эмзэг: Байз, байз. Аннагийн амьдралыг Вронскийтой учиртал зүв зүгээр, ямар ч асуудалгүй хэвийн байсан гэх гээд байна уу. Вронский л хөөрхий бүсгүйг дурлал гэх дарсанд автуулж толгойг нь эргүүлээд "тэр бүх" ээдрээ нугачаа руу хөтлөн аваачсан гэх гээд байна уу.
— Мундаг: Яг тийм. Бид яг тэгэж ярилцаад байж байлаа.
— Эмзэг: Хоцорч ирсэнд уучлаарай. Гэхдээ та нарын анзаарч ярилцаагүй байсан зүйлийг дэлгэж ярилцвал цааш явалгүй, энэ сэдэв дээрээ жаахан азнаж болно биз дээ. Зохиолын эхэнд Аннаг Петрбург орохдоо галт тэргэнд ямаршуу байдалтай байсныг, тэр дундаа тэр нэг чичлүүр хутганд их хачнаар татагдан гэх үү хорхойсон тэчьяаж байсныг ярилцсан уу?
— Мундаг: Тэр тухай дэлгэрүүлж ярилцаагүй юм байна. Энэ тэгээд тийм их хамаатай гэж үү? Бас дээр нь юун чичлүүр хутга болоод явчихдаг билээ?
— Эмзэг: Хамаатай! Хамаатай! Хамгийн их хамаатай! (гэж киноны хэсгээс ишлэн хошигнох аястай хэлэх зуураа, гадуур хувцсаа янзлаад суудалдаа тухлаад ярьж эхлэв)
— Эмзэг: Анна галт тэргэнд байхдаа нэг чичлүүр хутга гаргаж ирээд хацар, хүзүүндээ нааж үзэн их л таашааж явдаг. Номыг нь уншаагүй ирсэн хүмүүс ч гэсэн анзаарсан байж магад. Кинон дээрээ энэ хэсэг дүрслэгдсэн байдаг.
Бүсгүй хүн өөрт нь ямар ч гоёлын болон ахуйн хэрэгцээгүй тийм чичлүүр хутганд тэгэж их татагдана гэдэг энгийн нэг явдал биш шүү дээ. Энэ хэдийгээр зохиомол түүх боловч зохиолч нь энэ тухай хүртэл анхаарч бичсэн байдаг нь гайхалтай явдал биш гэж үү?
— Мундаг: За за тийм хутгатай хэсэг гардаг шиг санагдаж байна. Тэглээ гээд энэ хутганд тэгэж их ярилцаад байх юм юу байгааг ойлгохгүй л байна шүү.
— Эмзэг: Энэ хутга магадгүй Аннагийн Вронскийд дурласан дурлалыг зарим талаар ойлгоход гэх үү, тайлбарлахад гэх үү нэмэр болж болох юм л даа. Хүний сэтгэл зүрх зүв зүгээр байж байгаад тааралдсан нэг хүнээс болоод сүрхий хөдөлдөггүй.
Ер нь хүнд, ялангуяа эмэгтэй хүнд эхлээд ямар ч эзэн биегүйгээр дурлалын тухай тодорхой хүлээлт, хүсэмжлэлүүд бий болдог. Дараа нь тэдгээр мөрөөдлүүд нь аль нэг хүн дээр биелэн гадаад байдал дээр биеллээ олдог. Хэрвээ тийм хүлээлт урьдчилж бий болоогүй бол хүмүүс тийм амархан шууд дурлачихдаггүй.
Бүх дурлал ингэж үүсдэг гэсэн үг мэдээж биш, гэхдээ Аннагийн дурлал энэ түгээмэл тохиолдлоос гажаагүй. Тэр дурлал нь тийм ч айхтар онцгой тохиолдол байгаагүй бөгөөд Аннаг гэнэтхэн л Вронскийд дурлачихсан юм биш гэсэн санаа.
— Мундаг: За яахав, хүмүүс тэгэж дурладаг байг. Анна ч гэсэн тэгэж дурласан байг. Тэглээ ч гэсэн Аннагийн дурлалтай тэр хутга яг яаж холбогдоод байгааг ойлгохгүй л байна шүү.
— Эмзэг: Мэдээж би яг таг, ийм тийм учраас гэж хэлж зүрхлэхгүй байгаа ч таамаглал дэвшүүлэн хэлэхэд, Аннагийн тэр хутганд татагддаг нь... (дуугаа хурааж хэсэг азнаснаа цааш нь үргэлжлүүлэв)
Өөрийгөө мэдрэх мэдрэмжээ өдрөөс өдөрт бага багаар гээсээр өөрийгөө мэдрэх мэдрэмж нь байгаа үгүй нь мэдэгдэхээ байж эхэлсэн байна л даа. Тэгээд өөрийгөө мэдрэх гэсэн, амьд байгаагаа мэдрэх гэсэн тэмүүлэл нь хүчтэйгээр цухалзах болж өөрийг нь амьд байгааг нь мэдрүүлдэг тийм зүйлсийг ухамсартай, ухамсаргүй аль алингаар нь хайж эхэлсэн байна.
Өөрийгөө амьд байгаагаа мэдрэх маш энгийн аргуудын нэг нь өөрт нь хүчээр мэдрэгддэг, мэдрэхээс аргагүй болдог хурц мэдрэмжүүдээр буюу өвдөлт зовиураар дамжуулан мэдрэх. Энэ мэдээж жаахан болхи арга ч хүмүүст нэлээд түгээмэл тохиолддог зүйл.
Тэр хутга Аннад амьд гэдгийг нь мэдрүүлдэг, магадгүй тэр мэдрэмжийг бүр гүн амсахын тулд тэр хутгаар эсгэж (todo: энэ хэсгийг нэмж бичих)
Энэ хутга тэгэхлээр Анна өөрийгөө амьд гэдгийг улам гүн мэдрэхийн тулд амьдралдаа ямар нэг шинэ зүйл оруулахыг хүсэж тэмүүлж байсан гэдгийг илтгэж болох юм гэсэн санаа дэвшүүлж байгаа гэх үү дээ. Нөгөө талаас шинэ зүйл буюу шинэхэн дурлалынх нь хөрс аль хэдийн бүрдчихээд байсан гэсэн үг. Тэгээд тэр үед нь галт тэргэнд тааралдсан Вронскийн ээжийн ярьсан хүүгийнх нь тухай яриа маш зөөлхөн аядуу эхлэл болж таарсан. Тэр яриаг сонсож байхдаа л Вронский хатагтайн хүүг эхлээд сонирхож, удалгүй танилцах хүсэл төрж эхэлсэн гэсэн үг.
Тийм учраас магадгүй шууд Вронскийтой тааралдсан бол тэгэж хүчтэй дурлахгүй байсан, тэгэж хүчтэй дурлах байсан шалтгаан нь бүр эртнээс санамсаргүй шахуу тохиолдлуудаар дамжин сэтгэлд нь тавигдсан байсан байж болох бөгөөд ийм санамсаргүй зүйлсийг хүртэл санаатайгаар өрж найруулж чадсан зохиолчийнх нь ур чадварыг би бахдаж тэр хутганы тухай хүртэл оруулсныг нь гайхалтай явдал гэж хэлсэн юм. Хутганы тухай дүрслэлийн ач холбогдол, хутга дурлалтай яаж холбогдсон тухай сэтгэгдлээ ойлгомжтой илэрхийлж чадсан болов уу гэж найдаж байна.
— Мундаг: Чи бид хоёр зарим талаар их өөр хүмүүс гэдгийг, чиний хэлээд байгаа зүйлсийн ихэнхийг би ойлгодоггүй гэдгээ мэднэ л дээ. Гэхдээ нэг зүйлийг жишээ нь "өөрийгөө мэдрэх мэдрэмж" гэж юун тухай яриад байгаагаа дэлгэрүүлж болох уу. Ярьсан зүйлийн чинь чинь энэнээс бусад нь ойлгогдож болохоор байна.
— Овжин: Мундагтай санал нэг байна. Тэр үгний утгыг би ч бас сайн ойлгоогүй.
— Дэгжин: "Өөрийгөө мэдрэх мэдрэмж" гэдгийг тайлбарлуулж ойлгоно гэдэг хачин л санагдаж байна. Би хэдийгээр энэ үгийг ойлгож байгаа боловч тайлбарлаж лав чадахгүй юм байна.
— Овжин: За тэр! Энэ хэдийгээр эмэгтэйчүүд болон Эмзэгийн хувьд мэдээжийн энгийн зүйл мэт боловч, бидний хувьд ойлгоход амаргүй зүйл байж болох юм. Эмзэг чи нэг тайлбарлах гээд үзэх үү? Чадашгүй гэж бодож байгаа зүйлээ чадах гээд нэг үзэх үү?
— Эмзэг: Хэхэ, би ч бас үүнийг тайлбарлаж чадна гэдэгтээ итгэлгүй л байна. Гэхдээ ямартаа ч тайлбар хүлээж байгааг хүлээлтийг чинь гонсойлгохгүй байхыг хичээе даа.
... (Шууд үргэлжлүүлж чадалгүй хэсэг зогтусав) Ингэж хэлж болох юм.
Анна тун дажгүй эмэгтэй. Сурвалжит гаралтай, чинээлэг амьдралтай, нийгэмд нэр хүндтэй, улс нийгмийнхээ өмнө гавъяатан гэж хэлж болохоор ханьтай, цовоо сэргэлэн эрүүл чийрэг хөөрхөн хүүтэй.
Товчхондоо жаргалтай амьдралд хэрэгтэй бүх зүйл түүнд байгаа. Гэхдээ энэ бүхнийг тэр өөрөө хүсэж таашаагаад байгаа юм уу үгүй юм уу гэдэг нь ойлгогдохоо больчихсон. Өөрийгөө тэр гаднаас нь буюу эргэн тойрны хүмүүсийнх шиг нүдээр харвал бүх зүйл хэвийн байгаа боловч дотроос нь харах гэхээр л... Дотроос нь харах гэхээр л юу ч харагддаггүй, тэр өөрийгөө харж мэдэрж чадахаа байчихсан. Өөрийнхөө амьдралыг харахаар өөрөө биш өөр нэг хүн л амьдраад байгаа юм шиг. Аль хэдийн өмнөх, өнгөрсөн үеийнх нь Аннагийн өнхрүүлээд орхичихсон жимээр л амьдрал нь өнхрөөд байгаа юм шиг.
Тэр янз бүрийн зүйлийг хийж амьдарсаар байх боловч тэр бүхнийг зөнгөөрөө аясаараа л хийдэг. Өдөр бүр тэр төрөл бүрээр нь инээмсэглэж байна. Энгийн даруу инээмсэглэлээс авхуулаад элэгсэг дотно инээд наргиан хийх, эгзэг нь таарвал тачигнатал тас тас хөхрөх зэргийг тэр маш сайн хийж чаддаг. Гэвч тэр өөрөө үүндээ автдаггүй. Тэр хүмүүст инээмсэглэж, баяр баясгалантай байгаа Аннаг харуулж чадах боловч өөрөө жинхэнээсээ инээмсэглэж, баяр баясгаланг мэдэрч чадахаа байчихаж.
Тэр хүмүүсийг эвлэрүүлж, хүмүүсийг баярлуулж чаддаг ч өөрийгөө чаддаггүй. Хүмүүсийг болохоор болоод байдаг, өөрийгөө болохоор болдоггүй болчихсон...
(Цааш үргэлжлүүлэлгүй хэсэг чимээгүй болов) Энэ ч тийм сайн тайлбар болсонгүй, гэхдээ би үүнээс илүүгээр тайлбарлаж чадахгүй юм шиг байна...
— Овжин: Баярлалаа. Чи боломжоороо тайлбарлах гэж оролдлоо. Бид ч гэсэн боломжоороо ойлгох гэж хичээцгээе.
— Эмзэг: Бас нэг зүйлийн тухай ярилцмаар байна. Та нар Аннад анх яагаад хар даашинз тэгэж их зохисныг анзаарсан уу? Яагаад заавал хар гэж? Петрбургт ирснийх нь дараа болсон үдэшлэгт бэлдэж байхад Кити түүнд арай өөр өнгийн хувцас санал болгож байсныг санаж байна уу.
Хувцас яахаараа хүнд их гоё зохидогийг, зохино гэдэг чинь ер нь юу гэсэн үг юм бэ гэж би их удаан бодсон. Аннагаас болж л их удаан бодсон. Тэгээд ямар нэг сэдвийг, мэдрэмжийг илүү гүн, илүү амьдаар илэрхийлж эзнээс нь ч тэр сэдэв, мэдрэмж ялгарч, анхилж байвал хувцас хүн хоёр хосолж, хувцас нь гайхалтайгаар зохидогийг ойлгосон. Эрэлхэг зант хүнд эрэлхэгийг нь тодруулсан хувцас, намбатай хүнд намбыг нь харуулсан хувцас бүр жинтэй зохидог гэх мэтчилэн.
Китигийн санал болгосон өнгийн хувцас нь Аннагийн талаарх Китигийн ойлголт, эргэн тойрных нь хүмүүсийн ойлголтыг илэрхийлж байсан. Үнэхээр ч тийм байсан. Танд хун шиг цагаан өнгө гайхалтай зохино гэж Кити хэлж Долли ч тэгэж бодож байсан.
Гэвч үнэндээ тийм биш. Анна өөрт нь ямар өнгө зохихыг мэдэж байсан. Өөрийнх нь дотроос өөрийг нь өдрөөс өдөрт мэрж байгаа тэр л мэдрэмжийн өнгө өөрт нь өөрийнх нь мөн чанартай гайхамшигтай зохицож, тийм л өнгөтэй хувцас түүний этгээд гоо үзэсгэлэнг хүн бүхний өмнө оньсого болгон дэлгэнэ гэдгийг мэдэж байсан. Энэ бол хар өнгө. Тас хар өнгийн даашинз.
— Мундаг: За энэ ч бүүр айхтар нарийн анализ болоод явчихлаа шүү. Ингэж тэр хүүхний гартаа барьж үзсэн ганц хутга, тэдэн сарын тэдний өдөр өмссөн хувцасны сонголт нь ийм учиртай тийм учиртай гэж дэлгэрүүлж яриад байвал бүхий л оройжин ярилцаад ч дуусахгүй шүү дээ.
Бид соёлтой хүмүүс шүү дээ, хүн бүр л өөр өөрийнхөө өнцгөөс ярилцах гэж ирсэн шүү дээ. Одоо өөр талаас нь ярилцаж эхэлвэл яасан юм бэ? Эсвэл шууд нарийвчилж ярихын оронд өмнөх шигээ ерөнхийд нь тоймлоод дараа нь онцгойлж зарим хэсгийг нь задлаж ярилцах уу?
— Овжин: Ер нь тэгвэл шударга явдал болох ч юм уу. Хувцас сонголтын талаарх бодол чинь сонирхолтой байлаа Эмзэг ээ. Гэхдээ одоо Мундагийн хэлсэнчлэн ингэж жижиг юмс дээр хэт их анхааралгүй цаашаа ярилцах саналыг дэмжиж байна.
— Бүгд: Тэгцгээе дээ.
— Мундаг: Минийхээр энэ зохиол бол улс төр, философи, нийгмийн талаар тун нарийн задалж бичсэн зохиол. Тэр үеийн нийгмийн байдал, хүмүүсийн амьдралыг үзэх үзэл, амьдралын хэвшил зэргийг маш нарийн дүрслэн харуулсан байсан. Тэр дундаа нэлээд дэлгэрэнгүй дүрслэгдсэн сонирхолтой дүр бол Левин.
Тэр утгаараа зохиолыг "Анна Каренина" гэж нэрлэсэн нь тийм ч оноогүй санагдсан. "Константин Левин" гэж нэрлэчихгүй яасан юм бол гэж гайхаж байсан. Левиний уг хүн нь ч гэсэн уншсан хүний сэтгэлд их ойр үлдэхээр өвөрмөц хүн байсан төдийгүй энэ ном тэр чигээрээ Левиний амьдралын үнэнийг эрж хайсан эрэл хайгуул, философилог үзэл санаагаар дүүрэн байсан л даа.
— Эмзэг: Үгүй байлгүй дээ. Ер нь чи хошигнож байгаа байлгүй дээ. Юу юу гэчихэв дээ. Юун улс төр, юун нийгэм билээ? Энэ зохиол чинь эмэгтэй хүний сэтгэлийн дотоод ертөнц рүү өнгийж тэр доторхыг дэлгэхдээ гадаад ертөнцтэй нь хамтад нь харуулах гэж оролдсон оролдлогуудын хамгийн гайхамшигтай нь шүү дээ. Яаж харахаараа, үүнийг философийн зохиол гэж хэлдэг байна аа.
— Мундаг: Яах аргагүй философийн зохиол шүү дээ. Энэ зохиолд хичнээн олон аугаа философилог үзэл санаа дэвшүүлэгдсэн байв аа. Яахав зохиолч Анна Каренина гэж тэр хүүхнийг төлөвлөж байсан бүх үйл явдалуудаа зангидахын тулд ашигласан байж болох юм.
— Эмзэг: Зохиолч тэр нийгмийнхээ тухай өгүүлэхийн тулд Аннаг ашигласан гэж үү? Би бол яг эсрэгээр нь бодож байна. Зохиолч Аннаг маш сайн дүрслэхийн тулд түүний эргэн тойронд байсан бүхнийг бүгдийг нарийвчлан дүрсэлсэн байх.
— Овжин: Хэдийгээр би Эмзэгтэй адилхан бодолтой байсан ч Мундагийн хэлсэн зүйл илүү ухаалаг сонсогдож байна. Зохиол нийтдээ 8 хэсгээс бүрддэг ч Анна 7-р хэсэг дээр үхдэг. 8-р хэсэг дээр нь Вронскийн тухай хальт, нээрээ шүү хальт дурдагддагаас биш бусдаараа бол Аннатай онхи хамаагүй зүйлсийн тухай гардаг. Тэгээд ч зохиол Стива Левин хоёрын уулзалтаар эхэлдэг. Аннагийн тухайд зүгээр л Москвагаас ирж яваа сураг л байдаг. Төгсөхдөө ч гэсэн Аннагийн үхлээр биш Левиний ухаарлаар төгсдөг шүү дээ. Энэ тэгэхлээр хайр сэтгэлийн ээдрээний тухай зохиол гэхээсээ илүүтэйгээр хүний амьдрал, нийгмийн байгууллын утга учрыг эрж хайсан ухаарал эргэцүүллийн зохиол байж болох юм.
— Эмзэг: Хмм, Овжин чи хүртэл ингэж хэлж байгаа хэрэг үү. Яаж ч бодсон энэ бол хайр сэтгэлийнхээ төлөө эрс зориг гаргаж зөвхөн хайрын төлөө өөрт байсан бүхнийгээ алдахад ч бэлэн байсан эмэгтэй хүний тухай зохиол шүү дээ.
— Мундаг: Юу гэсэн үг вэ. Арай чи нөхрөө араар нь тавьсан хүүхнийг өмөөрөх гэж аугааг Толстойг амьдралынхаа 5 жилийг энэ романд зарцуулсан гэж бодоогүй биз дээ.
— Эмзэг: Өмөөрсөн үү, шүүмжилсэн үү хамаагүй, гэхдээ л Толстойн энэ зохиол эмэгтэй хүний нэрээр нэрлэгдсэн. Нэрийг нь би юм уу чи өгөөгүй. Толстой өөрөө өгсөн юм шүү. Энэ бол эмэгтэй гол дүртэй, эмэгтэй хүний нэрээр нэрлэгдсэн хайр сэтгэлийн талбар дахь тэмцэл, тэмүүллийн тухай зохиол мөн.
— Мундаг: Чи Толстойг ойлгох болоогүй л байна даа. "Хайр дурлал гэж байдаггүй. Зүгээр бие махбодийн хүсэл тачаал, хамтран амьдрах боломжийн ханьтай байх гэсэн эрэлт хэрэгцээ л гэж бий" гэж Толстой зөвхөн өөртөө зориулан хөтөлдөг байсан өдрийн тэмдэглэл дээрээ бичсэн байдаг юм шүү. Энэ тэмдэглэлүүд нь хожим хойно нийтэд ил болсон ч Толстой тэмдэглэлээ маш шударгаар зөвхөн өөртөө зориулж хөтөлдөг байсан нь үнэн.
— Овжин: За та хоёрыг ингээд ирэхээр л манай номын хэлэлцүүлгүүд гоё болдог шүү. Гэхдээ надад наад гал дээр чинь нэмэх нэг тос байна. Би ч гэсэн өөрийнхөө бодлыг хэлж болно биз дээ. Тэгэж ярих юм бол, минийхээр бол энэ зохиолыг "Стива Облонский" гэж нэрлэх байсан юм.
(Бүгд нэгэн зэрэг инээлдэв)
— Овжин: Нээрээ шүү нээрэн. Та нар намайг тоглож байна гэж бодож байна уу. Би үүнийг нухацтай хэлж байна. Стива чинь гайхалтай залуу шүү дээ. Анна, Левин, Каренин, Вронский нар ч гайхалтай дүрүүд л дээ. Гэхдээ тэд чинь бодит гэхээсээ бэлгэдэлт дүрүүд шиг санагдаагүй юу. Төлөөлж байгаа зүйлсийнхээ туйлын хэлбэр биелэл нь болсон дүрүүд. Харин Стива хажууд нь хамаагүй бодит, жинхэнэ дүр.
Стива маань яахав жаахан явдалтай, задгайдуу хүн л дээ. Гэхдээ одоо тэглээ гээд яая гэхэв дээ. Хэрвээ Левин шиг төрсөн бол. Левин шиг элдвийн дур хүсэл багатай, гуч хүрчихсэн ч гэсэн хүүхэн хүсэмжилж адгахгүй байж болоод байдаг бол яая гэхэв, тийм байж болно. Гэхдээ тийм онцгой байгаагүй хүнийг онцгой этгээд Левинтэй харьцуулан гэр бүл хань ижлээ зовоогч гэж үзэх нь хэр зохистой вэ.
Яахав чаддаг бол тэр зовлон, будлианыг тойроод гарж болох байсан л даа. Гэхдээ Стива маань хүн юм болохоороо, бодит хүн юм болохоороо алдаа гаргаж л дээ, зайлуул. Тэр ганцхан алдааг нь тэгэж их дэврүүлэн авах хэрэг байгаа юм уу ер нь.
— Мундаг: Тэглээ ч гэсэн "Стива Облонский" гэснээс "Константин Левин" гэж нэрлэсэн нь дээр санагдаад л байна даа :)
— Овжин: Харин ч үгүй шүү. Тэгэж ярих юм бол энэ зохиол ямар үгээр эхэлдэг юм бэ?
— Бүгд: Жаргалтай айл бүхэн адил төстэйдүү атал...
— Овжин: Наадхыг чинь ч мэдээд байна л даа. Гэхдээ наадах чинь зүгээр титэм үг болохоос зохиолыг эхлүүлсэн үг биш. "Облонскийнх гэдэг айл баларлаа" гэж эхэлдэг. Бүүр нарийн ярьвал "Облонскийнх" гэж эхэлдэг юм шүү. Тийм юм чинь яагаад "Стива Облонский" гээд нэрлэчихэж болохгүй байх билээ.
— Мундаг: За за, хэдийгээр би өөрөө эхлүүлсэн ч гэсэн зохиолын нэрний тухай яриаг больвол яасан юм бэ. Ёжлуулаад байгаа юм шиг санагдчихлаа.
— Овжин: (Сонсоогүй юм шиг үргэлжлүүлэв) Облонскийнхон (Анна, Стива) ер нь сонирхолтой хүмүүс. Аль аль нь сэтгэл зүрхний хэрэгцээгээ амин чухлаар мэдэрч үүнийхээ төлөө тэмцэж чаддаг хүмүүс. Анна ахынхаа тарьсан "балаг"т явдлыг цэгцлэх гэж яваад өөрийнхөө "балаг"т явдлыг эхлүүлдэг. Петрбургт ирэнгүүтээ Вронскийд дурладаг.
Хүн бүр Левин шиг бодол санааныхаа ертөнцөд амьдарч чаддаг бол сайн л хэрэг. Гэхдээ энэ болгоход хэцүү сайныг хүн бүрт тулгах албагүй шүү дээ. Ер нь хэзээнээсээ л хүний хорвоо гэдэг чинь эхнэр нөхрийн хэрүүл, хормой хотны явдлаар дутаагүй, тасраагүй. Энэ бидний үед ч тасарчихаагүй л байна. Үүнийг нэгэнт тасалж чадахгүй юм бол зөвшөөрчихье л дөө.
— Мундаг: За за, одоо болно оо, би ч зөвшөөрөхөд бэлэн байна л даа. Гэхдээ Овжин гуай танаас хүсэх нэг юм байна. Хэрвээ та ийм ёжилсон маягаар цаашид ярихгүй байна уу гэсэн хүсэлтийг маань зөвшөөрвөл би зөвшөөрлөө.
— Овжин: Зөвшөөрөлгүй яах вэ. Стивагийнхаа нэр төрийг цагаатгахын төлөө энэ байтугайг зөвшөөрнө. За өөр юм ярьцгаая.
— Мундаг: Уг нь өөр юм яримаар байна, гэхдээ энэ сэдвийг гялс товч тодорхойлж хэлээд хаачихъя. Анна бол яахав дээ нэг тийм байдаг л муухай эмэгтэй. Өөрт нь харизм байж болно. Хүмүүсийг татдаг байж болно. Гэхдээ тэднийг өөрийнхөө хүссэнээр байлгаж, болгож, өөрчилж тэр дунд тоглолт хийнэ гэдэг бол муухай явдал.
Дээрээс нь хөнгөмсөг, гэр бүлээсээ гадуур явдалтай. Каренин шиг тийм сайхан залууг хайрлаж чадаагүй. Арчаагүй. Товчхондоо бол, нэг үгээр хэлэхэд, за байз, Англиар лав "bitch" гэдэг үг тохирно.
— Эмзэг: "Bitch" гэсэн үү "Witch" гэсэн үү?
— Мундаг: "Bitch"
— Бүгд: ... (Гэнэтхэн нам гүм болж, хэсэг хугацаанд хэн ч юу ч дуугарсангүй)
— Овжин: Нээрээ клубын дүрэм ёсоор яриандаа халаад хэл хальтрах үе зөндөө л байдаг учраас хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгээ буцаан татах боломж хүн бүрт нэг нэг байдгийг сануулах нь бараг илүүц болов уу.
— Мундаг: Өө бас хэзээнээс тийм боломж байдаг болчихсон юм бэ. Тийм юм бол хадгалж байгаад дараа ашиглая даа.
— Бүгд: ... (дахиад чимээгүй болцгоов)
— Мундаг: За яахав би жаахан бүдүүлэг үг сонгочихсон байж болох юм. Гэхдээ хэлж байгаа маань үнэн шүү дээ. Нэгэнт ханилан суучихсан юм бол, бүр хүүхэдтэй хүртэл болчихоод тэгэж гэр бүлээ хаяж гүйх ямар хэрэг байсан юм бэ.
— Эмзэг: Мэдээж Анна Вронскийн хоёрын албан ёсны амраглал хэн хэнийх нь амьдралд нэлээд ээдрээг бий болгосон тал бий. Гэхдээ л ээдрээ нугачаагүй амьдрал гэж юу байх билээ. Хэрвээ шийдье л гэсэн бол тэр бүхнийг шийдэж болох байсан шүү дээ.
— Мундаг: Анх тэгээд хайртай дуртай гэж суучихаад дараа нь хүүхэдтэй, тогтсон амьдралтай болчихоод тэр амьдралаа самарч байгаа хүнийг зөвтгөх гээд байгаа чинь ойлгогдохгүй л байна даа.
— Овжин: Эмзэг ч энэ байтугай зүйлийг бидэнд ойлгуулж байсан даа. За хэдүүлээ түүний хэлэх үгийг сонсвол яасан юм бэ.
— Эмзэг: Овжин ч зугаацах боломж бүрийг алдахгүй юм даа. За яахав тайлбарлах гээд л үзэхээс. (Үгээ цэгнэн хэсэг азнав)
Анна маань арван хэдхэн настай, охиноороо, жаалхнаараа байж. Амраг нандин хайр сэтгэлийн хүсэл тэмүүлэл хүн бүрт төрж байдаг боловч хайр сэтгэлийн тухай ойлголт нь ч бүрэлдээгүй, тэрхүү төсөөлж мөрөөсөн буй зүйл нь үнэндээ юу болохыг зах зухаас нь ч амсаж үзээгүй тэр л үе нь байж. Тэр үед гэр орноор нь орж гардаг, ойр хавийн хүмүүсийнх нь хүндлэлийг хүлээсэн нэгэн сайн залуу ирж очдог байж. Анна яг л Кити шиг байж. Ноён Карениныг өөрт нь аз жаргал, хайр дүүрэн амьдралыг бэлэглэж чадах хүн эсэхийг ч хэлж мэдэхгүй байж.
Тэр хүний сайн сайхан эрмэг дүр төрхийн цаана байх сул дорой чанар, эелдэг ёсорхуу зангийн цаанах хүйтэн хөндий сэтгэлийг тэнсэн мэдэх ухаан түүнд минь даанч байсангүй.
Анна яг л Кити шиг байж. Каренин яг л Левин шиг байж. Хөөрхий тэр үеийн (одоо өөрчлөгдөөд хэр шальсан бол?) бүсгүйчүүдийн амьдрал ямар амаргүй, барьцгүй байж вэ, тийм ээ? Ухаан төхөө сууж ч амжаагүй байхдаа чухлаас чухал шийдвэрийг гаргах болчихсон байдаг. Тэгээд алдсан бол, андуурсан бол хожим хойно нь түүнийг буцааж ухраах, больж дахиад сонгох боломж даанч хязгаарлагдмал.
— Эмзэг: Анна гэнэтхэн л Каренинд хайргүй болчихоогүй байх. Өөрийгөө ноён Каренинд хайртай гэж бодож, хайртай гэж итгүүлэх гэж хичнээн олон удаа оролдож цөхсөн бол?
Янз янзаар оролдоод, арга чаргаа барахдаа энхрий бяцхан Серёжа хүүгээ харах бүртээ "энэ чинь л миний амь амьдрал, хайр шүү дээ" гэж өөртөө хэлж Каренинаас хүртэж чадахгүй байгаа хайрын орон зайгаа Серёжагаар дүүргэх гэж оролдож за амьдрал гэдэг нь ийм л байдаг юм байлгүй дээ. Энэ байгаа амьдралаа нандигнаж эрхэмлэж явах хэрэгтэй, илүү харж билүү долоох хэрэггүй гэж өөртөө зөндөө л хэлж байсан байлгүй.
— Мундаг: Тэглээ ч гэсэн Аннаг зөвтгөн бодож чадашгүй нь дээ эмзэгхэн минь. Харин өрөвдөх бодол бол төрж байна шүү. Бас чиний хэлснээр Анна нөхөртөө хайргүй болчихсон юм байна. Олон түмэнд үлгэр дууриал болон хүндлэгдсэн, алдар гавьяат тийм сайхан залууг яагаад хайрлаад халамжлаад байж болоогүй юм бол оо?
— Эмзэг: Карениныг сайхан залуу гэж хэлээд байх юм. Би гайхаад байна. Намайг уучлаарай. Аннагийн тухай товч боловч нэлээд хурц тодорхойлолт хэлсний хариу болгож би бас ноён Карениныг товчоор тодорхойлон хэлье л дээ. Каренин бол алуурчин. Тэгтэл чи тийм хүнийг сайн сайхан хүний үлгэр дууриал гэж хэлж байх ч гэж.
— Мундаг: Каренин хэнийг алсан гэж?
— Эмзэг: Каренин бол алуурчин. Тэр хүн мэдээж ургаж байгаа цэцгийг тасалж хаяад дэвслээгүй, тэгэж хүчирхийлэн түрэмгийлэх хүн яавч биш боловч ургаж цэцэглэх учиртай тэр цэцгийг услан чийглэх, ээн энхрийлэх хариуцлагыг хүлээн авсан боловч түүнийгээ гүйцэлдүүлээгүйгээр үл барам өөр хэнийг ч тэр цэцгэндээ хүргэхгүй байсан.
Ингэж хүргэхгүй байгаагаа элдэв балай ёс заншил, нийгмийн дүрэм журмуудаар тайлбарлан хаацайлж бараг л өөрийгөө зөвтгөн байдаг. Харин ч бүүр энэ цэцэг надтай адилхан хатуужин моджоогүй нь тоогүй гэж халаглаж, хамт моджин хөших байсан юм, ямар нэг хэлбэр загварт орж хэв дууриал болон хатаж хорчийх байсан юм гэж гонсойж тэрхүү үхэж гундан байгаа цэцгийг улам ч ихээр буруутган байсан.
— Эмзэг: Каренин бол алуурчин. Тэр л Аннаг алсан. Хүчирхэг хүмүүс хүний өмнөөс үхэж үрэгдэж чаддаг бол, хүч чадалгүй сул дорой хүмүүс л өөрөөс нь болж хэн нэгэн үхэж үрэгдэхэд хүргэдэг.
— Мундаг: Үхэж үрэгдсэн нь биш амьд үлдсэн нь хүчирхэг байдаг юм. Чиний хэлж байгаа санааг ойлгож байна. Гэхдээ, хэрвээ хүч чадалтай нь түрүүлэн үрэгдэж хөгийн новшнууд нь үлддэг юм бол одоо амьдран байгаа, амьд үлдэгсдийн үр хойчис бид хөгийн новшнуудын үр удам болж таарах уу. Тиймээс наанадаж логикоор бодсон ч хүчирхэг нь үлдэж, хүч дорой нь үхдэг. Бүр сул дорой нь өөрийгөө хороодог юм.
— Дэгжин: Нээрээ Аннаг амиа хорлоход их гайхаж билээ. Би лав Вронскийг Аннад хайргүй болчихсон гэж бодоогүй ээ. Гэтэл Аннаг амиа хорлочихоор нь жаахан эргэлзэж эхэлсэн шүү. Гэхдээ л Анна арай түргэдчихсэн юм шиг санагдсан.
— Мундаг: Гайхах юм уг нь баймааргүй л юм. Вронский угаасаа Аннагаас аль дээр уйдчихсан байсан шдээ ер нь бол. Эхний том уйдалтан дээр Анна жирэмсэн гэдгээ хэлж аргалсан. Дараа дараагийн уйдалтын давалгаануудыг Вронский өөрийгөө улам бүр завгүй болгож аргалсан. Гэсэн ч эцсийн мөчид уйтгараасаа хичнээн ч зугатаасан баригдсан.
Вронскийд буцах зам байгаагүй л дээ. Аннаг гэрт нь буцаана гэдэг нэр төргүй явдал байсан. Тийм учраас л цаашаа нүдээ аниад явахаас өөр аргагүй байсан.
— Эмзэг: Вронский Аннад хайртай хэвээрээ л байсан даа. Гагцхүү одоо хайр дурлал маань хуучнаараа байж болохооргүй гэдгийг мэдсэн, мэдэрсэн. Харин тэгээд шинэ хэлбэр төрх, өнгө будаг нь юу байж болох вэ гэдгийг эрж хайн, тэрхүү хайр дурлалынхаа дараагийн үзэгдэлд тоглоход, яая даа гэтэл гарамгай сайхнаар тоглоход өөрийгөө жаахан нөөж, бэлтгэх. Амарч тэнхрэх хэрэгтэй байсан юм аа.
— Мундаг: Юун амарч тэнхрэх вэ?
— Эмзэг: Вронскийд хайр дурлалаасаа түр чөлөө авах, түр ганцаараа байх хэрэгцээ байсан болов уу гэсэн санаа.
— Овжин: Хайр дурлалаасаа чөлөө авна гэж юу гэсэн үг вэ. Түр зуур өөр хүн хайрлана гэсэн үг үү?
— Эмзэг: Тийм биш л дээ. Аннад хайртай хэвээрээ л байна. Гэхдээ түр Аннагаас хол байх хэрэгтэй байсан гэсэн үг.
— Овжин: Яагаад? Анна Вронскийг амраахгүй байсан юм уу?
— Эмзэг: Би тийм л гэж ойлгосон. Яагаад гэвэл зарим талаараа тэр хоёрын хайр дурлалын харилцаа нь нэг төрлийн тоглооморхуу хэлбэрт орчихсон байсан.
Хайртайгаа нэг нэгэндээ үргэлж илэрхийлж, нотолж тоглодог тоглоом. Энэ тоглоом сонирхолтой амттай ч гэсэн болж л өгвөл тоглож баймааргүй дэмий тоглоом.
— Овжин: Их сонирхолтой сонсогдож байна. Дэлгэрүүлэн яриач хө.
— Эмзэг: Яахав зарим тохиолдолд хайр сэтгэлээ илэрхийлж болдог л доо. Цаана нь далд гүнд нь хайр байгаа шүү гэдийг харуулж зааж чиглүүлж болдог л доо. Хайртайн илрэл нь болсон ямар нэг зүйлийг хийгээд байж болно л доо. Ингэснээр, хайртайн илрэлээ илэрхийлэн гаргаснаар цаана нь хайр байгаа юм байна гэж мэдэж болдог. Тэглээ үүнд их дасвал хайрынхаа илрэлийг илэрхийлэн гаргаагүйнх нь төлөө хайргүй болчихож гэж бодож сэтгэлээ зовоох аюултай гэх юм уу даа.
Хоорондоо хайр сэтгэлийн холбоо тогтоож байх эхэн үед хэн хэнд нь эргэлзээ байгаа бол хайр сэтгэлээ илэрхийлж байх нь эргэлзээгээ арилгаж бүр дотно болоход хэрэгтэй ч Анна Вронский хоёр шиг тийм удаан хамт байсан хүмүүс нэг нэгнээсээ тийм зүйл шаардаж амьдарсаар байсан нь дэмий зүйл байснаар үл барам хор хөнөөлтэй нөлөө үзүүлсэн.
Хайр сэтгэлд юу ч шаардагддаггүй боловч түүнийг илэрхийлэн гаргах нь үргэлж янз бүрийн зүйлийг нэхэн шаардаж байдаг. Цаг хугацаа, мөнгө хөрөнгө, эрч хүчийг шаардаж байдаг. Тийм учраас үргэлж олон дахин илэрхийлээд байвал ямар ч хүн эцэстээ туйлдаж ядарна. Яг тийм туйлдаж ядардаг үе нь Анна, Вронский хоёрт хоёуланд нь ирчихсэн байсан.
— Овжин: Хайр сэтгэлд юу ч шаардагддагүй гэсэн үү, энэ арай л туйлширсан санаа биш үү? Энэ үгийг чинь Мундаг шоолон сонссон гэдэгт итгэлтэй байна.
— Эмзэг: Мэдэхгүй юм. Би үүнийг нотлон харуулж чадахгүй л дээ. Гэхдээ хайрлахад, хүмүүс нэг нэгнээ хайрлахад юу ч хэрэггүй л санагддаг. Харин хайрлахад саад болж байгаа зүйлсийг зайлуулахад олон юм хэрэг болдог. Хүч чадал, оюун ухаан, хөрөнгө мөнгө, аз завшаан юу байдаг юм тэр бүх зүйл хэрэг болох байх. Гэхдээ дахиад хэлэхэд хайрлахад юу ч хэрэггүй, зөвхөн хайрлах л хангалттай санагддаг.
— Овжин: Сонирхолтой л тайлбар байна. Бодож үзье. Тэгвэл Анна Вронский хоёр хайр сэтгэлд нь саад болж байсан зүйлсийг зайлуулаад л байснаас биш яг хайрлалцаагүй юм биш үү?
— Эмзэг: Бүх саадыг нэгмөсөн зайлуулчихсаны дараа л нэг нэгнээ хайрлана гэж ойлгож болохгүй л дээ. Саад тотгор байсан ч гэсэн тэр дунд хайрлалцаад л байсан байх нь шүү. Хэхэ.
— Овжин: Нэг тодотгох юм байна. Анна Вронский хоёр хоёулаа туйлдсан байсан юм бол Вронский яагаад амрах гээд, Анна амрах гээгүй юм бэ.
— Эмзэг: Магадгүй Вронский төрөлхийн дайчин хүн болохоор хэзээ амрахаа зөнгөөрөө мэдсэн байх. Зөнгөөрөө л мэдсэн учраас яагаад ингээд Аннагаас зай барьмаар байгаагаа тайлбарлан хэлж чадаагүй байх. Харин Анна өөрийгөө хүчтэй эм тариагаар тогтоон барьж улам цааш зүтгэсээр байсан. Сүүлдээ шөнө унтахын тулд хар тамхины төрлийн зүйл хэрэглэдэг болсон тухай гардаг.
— Овжин: Анна тэгвэл маш хүчирхэг эмэгтэй байж. Гэхдээ Аннагийн хүч чадал өөрийг нь хөнөөсөн байна.
— Эмзэг: Ер нь бараг л тийм. Анна хаашаа явах, яахаа мэдэхээ байчихсан боловч маш их хүч шингэсэн шидэт саваа гартаа атгасан хүн шиг л байсан.
Бүүр сүүлдээ өөрийнх нь гоо сайхан Вронскийг татахаа байчихсан юм болов уу гэж гайхаж гоо сайхан нь хүмүүст нөлөөлж байгаа эсэхийг шалгаж өөр хүмүүсийг санаатайгаар өөртөө татаж дурлуулж хүртэл үзэж байсан.
Нээрээ тэр дунд нь Левин хүртэл өртсөн байдаг. Би лав хувьдаа Левинийг Аннад дурласан болов уу гэж бодсон.
— Мундаг: Ашгүй нэг Левиний тухай ярьж эхлэх нь.
— Овжин: Хувь хүнийхээ хувьд Левин бол сэтгэл татам дүр гэдэг нь гарцаагүй. Ярилцвал Аннагаас ч их зүйл яригдаж магад. Тэгээд ч Левиний фенүүд энд олон байна. Гэхдээ жинхэнэ Левин та бүхний хажууд байгааг анзаарахгүй байна гэж үү. Мэдээж энэ хүн газар тариалан эрхэлдэггүй, тариачидтай хамт хадланд гардаггүй. Гэхдээ энэ хүн бол яахын аргагүй манай энэ цаг эриний Левин мөн билээ. Тийм ээ та нарын бодож байгаа хүн мөн. Царай нь барайчихаад сууж байгаа өөрийг нь Левинтэй зүйрлэсэнд эгдүүцэж байгаа энэ хүн бол Эмзэг билээ.
Номын клубд тоотой хэдхэн удаа ирдэг. Энэ хотод ирэхдээ клубд л зориулж ирдэг. Тэгсэн хэрнээ бидний энэ амьдраад байгаа хот газрын амьдралыг ойлгож өгдөггүй. Сонирхдог ч үгүй. Газрын мухарт очоод ганцаараа ямар нэг юмны төлөө ихэд шамдан ажиллаж байдаг. Ирэх бүртээ өөр өөр хачин хачин юм ярьж байдаг чи яахын аргагүй Левин мөн.
— Эмзэг: Би Левин биш. Левин Аннад дурлачихаад Кититэй үлддэг. Тэгтэл Анна Вронскийд дурлаад Каренинтай үлдээгүй. Би Аннад дурласан бол Кититэй үлдэхгүй байх байсан. Өчигдөр үзсэн танилцсан, мэдэрсэн зүйлс бол зүүд зэрэглээ, архины халуунд мэдрэгдсэн хөөрөл байж гэж бодож, мартаж хайр дурлалд хүндэтгэлгүй хандахгүй байх байсан.
За уучлаарай одоохон... (Цаашаа хандаж ярив) Зөөгч өө, нэмж захиалга өгье. Энэнээс арай чангахан байвал дахиад нэг хундагыг аваад ирэхгүй юу.
(Буцаж эргээд) Гэхдээ Овжингийн хэлж байгаа үнэн байж болох юм. Кити дээр Левин очдог шиг явдал надад тохиолдож байсан. Тэр үед тийм зүйлд үнэхээр итгэдэг байж. Хэдэн жил уулзаагүй байсан нэг нөхөр ирэнгүүтээ "сууя" гэж хэлэнгүүт нь "за" гэж хэлээд босон харайна гэдэгт итгэдэг байж. Тийм гэнэн тэнэг байж.
— Мундаг: Чи өөртөө тохиолдсон зүйлийг яриад байна уу даа?
— Эмзэг: Хэхэ, тэглээ тэглээ. Гэнэтхэн сэдэв андуураад өөр юм ярьчихлаа. Номныхоо сэдвийг л тойрж ярилцая.
— Мундаг: Байз байз. Яагаад өөртөө тохиолдсон явдлыг номонд гарсантай харьцуулан ярьж болохгүй байх билээ. Чи үнэхээр тэгсэн гэж үү, Левин шиг, тийм, нөгөө, тиймэрхүү явдал болсон гэж үү?
— Эмзэг: Тэнэг явдал уу? Тийм ээ тэгсэн.
— Мундаг: Ха ха! Чи чинь дажгүй эр байна шдээ. Хэдийгээр би хүмүүс арай гэж ухаан зарж босгосон зүйлсээ эргээгээд өчүүхэн жаахан тэнэглэлээрээ хайр найргүй нурааж байна гэж харамсан явдаг ч ийм романтик тэнэглэлүүдэд дуртай. Дуртайгаар үл барам тэгэж тэнэглэсэн хүмүүсээр бахархмаар санагдаад байдаг юм. Би чамаар бахархаж байна. За нэг тулгачихъя.
Хэдий ухаажиж, хэрсүүживч тэнэглэх зориг үргэлж байх болтугай гээд!
— Овжин: За би ч гэсэн Левинийхээ тэнэглэлд хүндэтгэл илэрхийлээд хэдэн үг хэлье. Эцсийн эцэст Эмзэг чинь, өө биш ээ Левин чинь эр хүн шүү дээ. Зарим талаар надад Левиний Китид дурласан дурлал нь жаахан хүүгийн жаахан охинд дурласан дурлалыг сануулдаг. Аль ч талаараа нэг тийм эгдүүтэй хүүхдэрхүү сэтгэгдэл төрүүлдэг.
Та нарт Левин яагаад таалагддаг юм бэ? Хүүхэд шиг яагаад яагаад гэж мэдээжийн юмны тухай асууж бодолхийлж явдаг учраас биш үү. Левин сайхан залуу, сэтгэл татам. Гэхдээ энэ нь хүүхдээрээ сэтгэл татам байдал. Гоц ухаантай, ямар нэг юманд авьяастай, авьяастай юмандаа сүрхий буурьтай хандаж чаддаг ч хүүхэд л бол хүүхэд хэвээрээ л байдаг шүү дээ. Левин яг тийм биш гэж үү.
Левиний Аннатай уулзсан хэсгийг би энд ёстой том үсгээр дурдаж хэлмээр байна. Хэлэлцүүлэг дунд яаж онцолмоор юм бэ дээ. Чангаар хашгичиж хэлэлтэй биш. Тэр бол Левин эмэгтэй хүнд, эмэгтэй ТОМ хүнд дурласан дурлал байсан. Маргааш нь тэр өөрийгөө том хүн болж зүүдэлсэн байна гэж бодож өөрийгөө тайвшруулсан байх л даа.
Гэхдээ том хүн болно, өсөж том болно гэдэг гайхалтай зүйл шүү дээ. Левин бол харьцангуй эрсдэл багатай, томоотой амьдардаг хүн. Яг л томоотой дуулгавартай хүүхэд шиг. Үе үехэн гэнэн цайлганаар томоогүйтдэг. Гэвч энэ бол жинхэнээсээ биш.
Левинд байдаг хамгийн том дутагдал бол "жинхэнэ"-ээсээ байдал. Левин чинь жинхэнээсээ дурлаж, жинхэнээсээ шаналж байгаагүй юм. Жинхэнэ эрсдэл үүрэн дурлаж, эрсдэж халуурч өөр лүүгээ гар буу шагайтлаа шанална гэдэг бол том хүмүүсийн хийдэг том зүйл. Левин тийм юм мэдэхгүй.
Анна Левинд жинхэнэ галзуу өсөж хөгжсөн өөр хүн болж харагдсан. Хүн тийм их эрсдэл дундуур туучиж ингэж өсөж хөгжиж болдог юм байна. Энэ л яг өсөж гүйцсэн том хүн байна гэж бодогдсон. Гэвч зохиолын энэ хэсэг хамгийн хэцүү хэсэг байсан. Үүнийг үргэлжлүүлж цааш нь бичихэд Толстойн ур ухаан хүртэл дутсан гэж би боддог. Тийм учраас Левин Аннаг мартсан болгож бичсэн байх. Тийм ээ ингэж гоё эхлүүлсэн уянгын халилцаа цааш нь үргэлжлүүлнэ гэхэд надад хүртэл ярианы баялаг дутаж шууд ингээд таслахаас өөр аргагүй болсон байх. (гээд чимээгүй болов)
— Мундаг: Ха ха. За тэгвэл Овжин чимээгүй болсон юм бол Эмзэг цааш нь үргэлжлүүлэг.
— Эмзэг: Үргэжлүүлж юу ч яримаар юм бэ дээ. Нэг их сонирхуулж гайхуулаад байх зүйл биш ч гэсэн "Кити" дээр очиж хана мөргөөд буцсаны дараа энэ зохиолыг уншиж эхэлсэн. Тэгээд уншиж байхад нээрээ Левинтэй төстэй юм уу гэж бодож байсан тал бий.
Левин Кити хоёр сэтгэлээ ойлголцоод нийлж байгаа хэсэг их урам зориг өгч билээ. Даанч дараа нь Анна Левин хоёрын уулздаг хэсгийг уншаад...
Энэ зохиол дээр гардаг Анна шиг хүүхэн байдаг болов уу? Байдаг бол, хичнээн Анна өчнөөнөөрөө ингэж азгүй хувь тавилангаасаа зугатаж чадалгүй шаналж яваа бол? Анна шиг хүүхэн байдаг бол олж очоод түүнийг аврахсан гэж бодсон. Китид Левин байтугай Вронский олдоно, харин Аннад хэн ч байхгүй. Вронский ч, Каренин ч байгаад Аннаг аварч чадахгүй гэж бодогдоод болоогүй.
— Овжин: Хүүе, санаандгүй харин тун сонирхолтой сэдэв рүү орчихлоо шүү. За тэгээд яасан? Удалгүй "би ч гэсэн Аннаг аварч чадахгүй юм байна" гэж бодох болсон уу?
— Эмзэг: Үгүй л дээ. Аврах аргыг нь олоогүй ч одоохондоо найдлага тасарчихаагүй л байна.
— Овжин: Чи тэгээд яаж аврах гэж үзсэн юм бэ. Бодит амьдрал дээрх Аннаг олоо юу?
— Эмзэг: Би олсон эсэхээ мэдэхгүй байна. Ингэж боддог, хэрвээ надад 1 цагийн турш Аннагийн амьдарч байсан тэр ертөнцөд байх боломж олдвол би энэ хугацаанд Аннаг үхүүлэлгүй аварч чадах байсан уу?
— Овжин: Сонирхолтой л бодол байна. Тэгээд яасан арга олдохгүй байна уу. Аннагийн амьдралын аль үед нь очих юм бэ?
— Эмзэг: Аль ч үед нь очиж болно. Янз янзаар оролдож үзсэн. Аннаг галт тэргэнд дайруулалгүй зогсоосон ч хэд хоногийн дараа өөр үхлээр амиа хорлож байсан. Вронскийн тухай тайлбарлан хэлсэн ч надад итгэхгүй байсан. Вронскийг ятгах гээд ч бараагүй. Анхнаас нь Вронскийг Ташкент руу явуулаад Аннаг мартуулах гэж ч үзсэн. Хорь ч хүрээгүй Анна дээр очоод Каренинтай битгий суу гэж ч хэлж үзсэн. Бүх тохиолдолд бүтэлгүйтсэн.
— Овжин: Тэгээд чи болж болох бүх зүйлийг мэдээд байгаа хэрнээ л Аннаг үхлээс юм уу цөхрөлөөс тойруулж чадахгүй байсан гэж үү?
— Эмзэг: Яг тийм.
— Овжин: Гэхдээ чи зүгээр л ингэвэл ингэнэ, тэгвэл тэгэх байх гэж бодож үзээд бүтэлгүйтээд байгаа юм биш үү. Яагаад ингэж зүгээр бодож олсон тоглоомондоо тийм их утга учир өгөөд байгаа юм?
— Эмзэг: Мэдэхгүй юм даа. Бодит байдлаас гадна, бараг бүх зүйлийг нь уншиж мэдсэн байгаа номон доторх ертөнцөд байгаа хүнийг аварч чадахгүй юм бол, энэ бодит хорвоо дээрх хүнийг би аварч, авардаггүй юм аа гэхэд анхнаас нь алдаж эндэлгүй хайрлаж чадна гэж үү л гэж бодсон юм.
— Овжин: Хмм, ямар нарийн төвөгтэй юм бодож явдаг юм бэ. Магадгүй чи чадах байх, бараг чадахаар харагдаж байна. Гэхдээ чамд нэг юм дутуу байна. Чамд бусдаас илүү байдаг гайхалтай нэг зүйл бол мэргэн ухаан. Чи юу зөв, юу бурууг мэддэг. Чи зөвийг нь олж чаддаг. Гэхдээ үүнээсээ болоод бурууг нь олж харсан зүйлтэйгээ эвлэрч чаддаггүй. Магадгүй зөвийг нь олж харчихаад байгаа хүнд буруугаар нь яваад байгаа хүмүүс өмнөөс нь халагламаар санагддаг байх л даа.
Чиний мэргэн ухаан хэт ихэдсэнээс болж эрх чөлөөний урдуур хөндөлсөөд байдгийг чи анзаардаг уу. Анзаардаг уу гэж асууж байгааг минь ойлгоорой. Би чиний мэргэн ухаанд итгэж байна. Чи үүнийг ойлгож чадахгүй биш чадна, гагцхүү анзаараагүй л байх.
Тийм ээ, чи эхлээд эрх чөлөөг ойлгох хэрэгтэй. Хүмүүст зөвийг нь ч, бурууг нь хийж болох эрх чөлөө байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй. Хүнд буруу сонголт хийх ч эрх чөлөө байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэж чадах юм бол, нэгэнт болчихсон зүйлст "буруу" зүйлс байхгүй, бүх зүйлс жам ёсоороо л явж байгаа гэж харагдаж болох юм. Аннад ойлгуулж Аннаг өөрчлөх гэж чи хэтэрхий хүчлэн чармайж байсан байх.
Тэгэхлээр Анна нэгэнт үхчихсэн шүү дээ. Дахиад мянга мянган Анна үхнэ. Мянга мянган Аннагийн хайр сэтгэлийн талбар дахь эрэл хайгуул бүтэлгүйтэх болно. Чи яаж ч чадахгүй.
Тархи толгой дотор чинь илүү дээр хорвоо дэлхийн загвар боловсруулагдан байдаг. Чи үргэлжид яавал илүү дээр хорвоо дэлхий дээр илүү боловсронгуй хүмүүс илүү их хайранд умбаж амьдрах вэ гэж эрж хайдгийг чинь би мэднэ.
Энэ чинь гайхалтай. Гэхдээ, чамд л гэж үүнийг хэлэхэд...
Өнөөдөр чинь чиний төрсөн өдөр бил үү. Би чамд үүгээр бэлэг барья. Мэдээж хэт илэн далангүй яриа болж байна л даа. Хүн бүх зүйлийг ойлгох албагүй, чи үүнийг ойлгох ч албагүй. Хүний ойлгоогүй зүйлийнх нь тухай өөрөө түрүүлж ойлгочихоод гайхуулан ярих муухай л даа. Тиймээс иймэрхүү яриаг хүлээж авамгүй байж болох ч, үүнийг бэлэг гэж бодоод бэлгийн морины шүдийг үзэлгүй хүлээж аваарай гэж хүсье.
За ингэж бодъё. Анна үхсэн. Анна маш гайхамшигтайгаар үхсэн. Чи үүнийг нь хүлээн зөвшөөрсөн. Анна магадгүй зарим нэг алдаа хийсэн. Тэглээ гээд яах вэ дээ. Түүний алдсан оносон эсэхийг нь биш, Аннаг ямар нэг юм хийсэн, ер нь ямар нь хамаагүй ямар нэг юмс хийж байсан, тэр амьдарч байсан гэдгийг нь. Амьдарч байсан учраас ямар нэг юм хийж л байсан байж таараа шүү дээ гэдгийг нь хүлээн зөвшөөр. Чи түүний төлөө ямар ч үүрэг хүлээгээгүй гэдгээ ойлго.
Чи номон дунд орж Аннаг амилуулах учиргүй, тийм үүрэг хүлээгээгүй.
— Эмзэг: Хмм, тэгээд нэг Анна үхсэн. Өөр бусад олон Аннаг ч мөн тийм хувь заяа угтан байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэрэг үү?
— Овжин: Хүлээн зөвшөөрөхгүй байсан ч болно л доо. Энэ бол зүгээр бэлэг, санал төдий зүйл. Хүлээн авахгүй байсан ч болно. Алив нүдээ ань. Би дахиад эхнээс нь хэлье. Сайн бод. Анна үхсэн... (Эмзэг нүдээ анив, Овжин өмнө хэлснээ давтан өгүүлэв)
— Эмзэг: (Хэсэг хугацааны дараа нүдээ нээгээд) Хэдий эвлэрэхэд, хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа ч би үүнийг хүлээн авлаа. Хүлээн зөвшөөрлөө. Би энэ талаар анзаараагүй явсан байна. Яаж Аннаг аврах вэ, яавал бас дахиад нэг "Анна"-г аврах вэ гэж бодож улайрсаар энэ тухай мартсан байна. Баярлалаа Овжин. Үнэхээр гайхалтай бэлэг байлаа.
... (хэсэг зуур дуугаа хурааж азнав). Үнэхээр тийм юм байна. Яагаад би Аннатайгаа учраа олохгүй байснаа ойлголоо. Бодитоор оршин байгаа Аннатайгаа бүр илүү дотно болохын оронд, тэр Аннагаа бодол дотор маань байгаа Аннагаас ийм тийм юмаар ялгаатай юм гэж ялгааг нь арилгах гэж би хүсэж тэмүүлээд байсан юм байна. Тийм ээ би юу ч хийх гээд байх хэрэггүй юм байна шүү. Юу ч хийсэн, тэр бүгд маань хүмүүст бас Аннад саад болсоор байх юм байна.
— Овжин: Юу ч хийх хэрэггүй гэнэ шүү. (Тун зальжин байдалтай нуг нуг инээснээ үргэлжүүлэв) Эмзэг чи хэтэрхий эелдэгээсээ болоод, юу юугүй хүнд талархаж эхэлдэгээсээ болоод хүний бэлгийг бүрэн хүлээж авдаггүй гэдгээ мэддэг үү. Энэ эелдэг даруухан зан чинь сайн хэрэг ч гэсэн, бага юманд сэтгэл ханана гэдэг сайхан зүйл ч хүний өгсөн бэлгийг, надаас бас амьдралаас чамд зориулсан бэлгийг бүрэн хүлээж авах хэрэгтэй шүү. Миний бэлэг дуусаагүй байна.
Аннаг аврахад чи тун ойрхон байсан нь үнэн. Гэхдээ чи тун ойрхон байсан ч нэг зүйлийг л дутуу орхиод байснаас болоод аврах ажиллагаа чинь гүйцэд амжилттай болохгүй байсан юм. Харин одоо дутуу байсан тэр зүйлээ олонгуутаа өмнө нь олсон байсан бусад чухал зүйлсээ орхих шахлаа. Ингэвэл үнэхээр харамсалтай юм.
Өөрчлөлтийг хүсэж байгаа бол эхлээд бодит байдлыг ойлгох хэрэгтэй, тэгсэн ч бодит байдлыг ямар гуйвшгүй бодитоор оршин байгааг ойлгосон ч өөрчлөн сайжруулах хүслээ гээлгүй, итгэл найдвараа алдалгүй үлдэх хэрэгтэй.
Одоо бүх юм бүрдсэн, цаг нь болсон. Одоо чи Аннаг аврах хэрэгтэй.
— Эмзэг: Чамд их зугаатай байх шиг байна тийм ээ? Чи үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөж, сэтгэхүйгээр минь тоглож чадаж байна. Би дөнгөж саяхан Аннаг аврах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Тэгтэл одоо чи намайг Аннаг авар гэж хэлж байдаг. Энэ чинь утгагүй тохуурхал шиг сонсогдож байгаа ч, би яагаад чиний үгийг дагахад бэлэн байгаа юм бол оо? Яагаад тохуурхагдаж байгаагаа мэдсээр байж, үргэлжлүүлэн энэ тоглоомонд чинь автагдан чамд шоглуулсаар байх гээд байгаа юм бол оо?
— Овжин: Гайхалтай. Яг тийм. Би чамаар тоглож байна. Гэхдээ энэ тоглоом удахгүй тоглоом биш болж болохоор байгааг чи мэдэрсэн байх. Би чамд үлгэр ярьж өгч байна. Энэ үлгэр удахгүй үнэн болох гэж байгааг чи мэдсэн байх. За тэгэхлээр тоглоомоо, үлгэрээ үргэлжлүүлье.
Анна төмөр зам дээр үхсэн. Энэ бодит баримт. Үүнийг чи хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас, энэ хуудсан дээр л гацчихаад байсан учраас үлгэрийн дараагийн үйл явдал өрнөхгүй энд гацчихаад байсан юм.
Тийм ээ Анна үхсэн. Тэглээ ч гэсэн Аннаг төмөр зам дээрээс нь босго. Яг одоо босго. Очоод тэвэр. Чи Аннаг тэвэрнэ. Тэгээд Анна сэрнэ. Зөвхөн чиний тэврэлт. Чиний ганц л тэврэлт түүнийг эдгээхэд хангалттай. Өөр юу ч хангалтгүй.
Үүнийг бүгдийг чи мэдэж байх учиртай. Тэгээд сэрэнгүүтээ, чам руу хараад чамайг таньж ядан "сайн уу, танихгүй хүн гуай" гэж хэлэхийг ч бас чи мэдэж байгаа...
Алив яг одоо бос, Аннагаа авар!
— Эмзэг: ... (Үг хэлж чадалгүй хэсэг зуур ээрэв). Б-баярлалаа. Энэ үнэхээр гайхалтай бэлэг байна. Овжин чамд энэ зугаатай байгааг би мэдэж байна. Гэхдээ... Яагаад яг одоо босно гэж, хаачна гэж?
— Овжин: Би үлгэрийн баатрын тухай яриагүй. Би үлгэр яриагүй. Би бодит хүмүүсийн тухай бодит асуудал ярьж байна. Анна гэхээр чамд хэн бодогдож байгааг би мэдэж байна. Би чиний хайр сэтгэлийг шоолж байсан нь үнэн. Гэхдээ сүүлд нь мэдсэн, Анна чамайг хүлээж байгааг. Гагцхүү чиний тэнэг зангаас болоод чи Аннагаа гомдоогоод байсан. Юу юугүй эмзэгнэдэг зангаасаа болоод чи зүрхэндээ Аннаг үргэлж голж, буруутгаж хийж, ярьж байгаа бүхнийг нь байтугай оршин байгааг нь хүртэл хүлээн зөвшөөрч ч чадахгүй тэнэглэж байсан. Энэ тэнэглэл чинь энд дөнгөж сая эцэс болчихлоо. Одоо Анна руугаа яв. Нэг хором ч бүү алд. Хүлээж байгаа хүний хувьд цаг хугацаа сунаж уртсаад удаанаар өнгөрч байдаг юм шүү. Аннагаа бүү хүлээлгэ.
— Эмзэг: Үнэндээ юу болоод байгааг тийм ч сайн ойлгохгүй л байна. Гэхдээ чиний бэлгийг хүлээж авах хэрэгтэй юм шиг байна. Баяртай найзууд аа. Би Анна руугаа явлаа. (Шууд босоод гарахаар завдав)
— Мундаг: Байз хөөе. Угаасаа тарахын хооронд ингэж түрүүлж явж байгаа чинь таалагдахгүй байна шүү. Өнөөдөр чиний төрсөн өдөр байсан юм уу, эрт хэлэхгүй дээ. Би Овжин шиг бэлэг бэлдэж ирээгүй ч гэсэн...
— Овжин: (яриа таслан хэлэв) Намайг бэлдэж ирсэн гэж бодоо юу.
— Мундаг: За ямартаа ч, би төрсөн өдрийг чинь мэдсээр байж бэлэггүй өнгөрөөмөөргүй байна. Май үүнийг ав.
— Эмзэг: За яах нь вэ дээ. Зүгээр.
— Мундаг: Чи чинь хүний бэлэг голж шилээд байгаа юм уу даа. Оройн киноны 2 тасалбар. Тэр Анна гэж нэрлээд байгаа бүсгүйтэйгээ үзэхгүй юу. Киног нь голоод байгаа юм уу, Ноланы кино шдээ "Interstellar". Чамд сонирхуулж хэлэхэд гол дүрийн жүжигчин хүүхнийг нь бас Анна гэдэг юм шүү. Арай биш ч бил үү.
За за үзэхгүй байсан ч болно оо, базаад хогийн саванд хийчихсэн ч болно. Гол нь энэ хоёр бичигтэй цаасыг аваад бушуухан тонилж үзээдэх. Бид ч гэсэн тармаар байна. Би гэнэтхэн нэг ажилтайгаа саначихлаа.
— Эмзэг: Ха ха, ямар ширүүн үг дайгдсан бэлэг вэ. Дараа жилийн бэлгээ арай эелдэг гардуулаарай даа. Баярлалаа хө (тасалбарыг авав).
— Мундаг: Аа бас ирэх жил дахиад бэлэг авах санаатай эр байх нь... (гээд инээлдэн босоцгоож тарав)
Сүүлийн үед анх удаа ингэтлээ зүрх догдолж, мэдэрч шимтэн уншлаа.
ReplyDeleteҮнэхээр их баярлалаа. Номыг хэлэлцүүлгийг тэмдэглэл хэлбэрээр унших ийм сонирхолтой байдаг гэж мэдсэнгүй. Эхнээсээ төгсгөл хүртэл анхаарал татсан, чамин болжээ.
ReplyDeleteHuuh burhan min unnde ymr gy gy helelcuuleg we? Bi ene helelcuulegt ocood hamt yrilcmaar baina. Ymar nomiin club be? Bi oroj boloh bolov uu? Mashh ih taalagdlaa minii medersen bodson zuiluud emzegtei ih adilhan bailaa. Bas eniig unshaad ih ym c oilgoh shig bolloo. Guiy ymar nomiin club be nadad zaawal hariu uguurei
ReplyDeleteГайхалтай (энэнээс илүү тодорхойлмоор байгаа ч яг юу гэж тодорхойлохоо мэдэхгүй байна) тэмдэглэл. Маш их баярлалаа
ReplyDelete