Гэвч би чиний төлөө илүү санааширч байна. Юу гэвээс би шаналал зовлонгоо хүлээн авч байна. Энэ миний л шаналал зовлон, өөр хэнийх ч биш, би л үүнийг шаналж зовж, шархалж зовиурлаж дуусгах ёстой.
Харин чи минь гарцаагүй ирэх ёстой шаналал зовлонг хүлээн авахаас татгалзаж байна. Шаналал зовлон огт байхгүй хэмээн шүд зуун инээмсэглэж байна. Инээмсэглэж байгааг чинь харж, "чи инээмсэглэж байна, чи жаргалтай байна" гэж хэлсэн хүмүүс чамд "би аз жаргалтай байна шүү дээ" гэсэн бодлыг зүүж өгч, зовлонг чинь нимгэлж байгаа юм шиг байж, инээмсэглэн буйг чинь харуулж байгаа толь чамайг аз жаргалтай болгож байгаа юм шигээр санаж, улам улмаар тэр толинд ойртож, ойртох тусам толь инээмсэглэл хоёрын үзүүлж байгаа аз жаргалтайн тухай илбэний үнэмшил нь тодорч тэр толины цаанах ертөнцөд үлдчих юмсан гэж боломжгүйг болгох гэж тэчьяадан байна, чи минь...
Гэвч би чиний төлөө илүү санааширч байна. Юу гэвээс хэдий би дурлалынхаа хойноос үхэн зүтгэж байгаа мэт ч энэ миний хувьд гүехэн байгаа юм. Чи дурлалд илүү гүн орсон байна. Гэвч энэ дурлалаа тосож авахаас ч зүрхшээж байна.
Би ганцаараа удаан байсан. Би эмэгтэй хүнээс хол их удаан байсан. Тэгээд чамтай учирсан. Тэгээд чамд дурласан. Харин чи олон олон эрчүүдийн дунд эргэлдэн байсан. Тэгээд тэр дунд байхдаа л надад сэтгэлээ алдсан. Би дахиад учирсан анхны бүсгүйдээ дасахад чиний тухай мартана. Харин чиний тухайд, чи минь яасан ч, хэнтэй ч учирсан миний тухай мартаж чадахгүй.
Би дурлан шаналж байна.
Гэвч би чиний төлөө илүү санааширч байна. Би эмэгтэй хүнээр дутаж байна, харин чи зөвхөн надаар дутаж байна. Тиймээс би хэн нэгэнтэй учрангуут чамайг мартана. Харин чи хэнтэй ч учирсан намайг мартаж чадахгүй.
Хэдий увайгүй сонсогдож байгаа ч энэ даанч үнэн юм. Чи минь л жаахан чармайж таарах нь. Чамд байгаа хамгийн зөв алхам бол өмнө минь өөрийн аль сайхан бүхнээ дэлгээд сэтгэлийг минь эзлэхээр чармайх явдал юм. Үгүй бөгөөс чи минь л ирээдүйд шаналан зовох нь дээ. Зовлон шаналалын чинь төлөө залбиран залбиран байхаас өөр би яалтай...
No comments:
Post a Comment