Хоёулаа нуугдаж тоглох уу. Би нуугдлаа шүү.
Хайя л даа чамайгаа, харах нүдээ боогоод хайх уу би...
... Яасан бэ чи минь, арай л амархан олоод байна уу? Нээрээ шүү нээрээ, юу ч харагдахгүй байна, хажуугаар нь хараагүй, булхайцаагүй. Харин чамайгаа хачин тансаг үнэрээр чинь л хайж олоод байгаа юм шүү дээ.
Хайя л даа чамайгаа, хамраа бас нэмээд бөглөчих гэж үү...
... Яагаа вэ чи минь, яасан бас л амархан олчихсон уу? Нээрээ шүү нээрээ, энэ багны материалаас нь өөр юм үнэртэхгүй байна. Догдолсон булгилсан зүрхний чинь цохилоо чинь надад л шивнэх мэт ойрхон сонсогдоод байхаар нь олчихлоо шүү дээ.
Хайя л даа чамайгаа, чихээ бас таглачих гэж үү...
Одоо би чамайгаа яаж олно оо. Нүдээ аничихаад, зүгээ алдчихаад, хамраа таглачихаад, үнэрийг чинь алдчихаад, чихээ бөглөчихөөд, аялгуу дууг чинь алдчихаад олох уу би, чамайгаа?
Паах! Ямар зальтай юм бэ чи, яагаад ингэж нуугдаж байгаа юм бэ. Чи огт нуугдаагүй, далдлагдаагүй хэрнээ зүгээр л олон хүн дунд холилдчихсон байна шүү дээ. Яаж би чамайг одоо олох юм бэ?
За яахав хайж биш, ялгаж олохоос. Олон дундаас онцгойрох үзэсгэлэнг чинь мэдэрч, түүгээр чинь чинь чамайгаа онцгойлж олъё. Миний хонгорын гоо үзэсгэлэн, миний л хонгорын гоо үзэсгэлэн гэсэн шиг юутай содон байх бол?
Уртаас урт тоглоомынхоо туршид уруулыг чинь олонтаа үнсэж зүүдлэн хонох юм, уруулаар чинь чамайгаа хайж олохын тулд уруул болгоныг үнсэх гэж үү? Үгүй ээ би тэгэхгүй. Тэгэхгүйгээр олно. Олчихсон хойноо харин хайж удахдаа санасан шигээ удаанаар үнсэнэ.
No comments:
Post a Comment