БЧХ - Би худалч, чи будмал

Чи бол тэ? Чи минь харин надаасаа шал өөр шүү. Яаая. Ямар гээчийн сайхан гэж дүйцүүлэн хэлэх юм бэ, чамайгаа. Хаанаас нь яаж эхлэмээр юм бэ дээ. Гоё сайхныг чинь хаанаас нь эхлэн дурдах вэ. Дурдахаас ч зүрхшээн дуугүй л сүрдэн сууж байх уу?

Чи минь сайхан шүү, хөөрхөн шүү. Ямар ч агуа, гуа сайханд ямар нэг засвар заавал байх хэрэгтэй байдаг биз дээ. Тийм л засварыг чи минь хийсэн шүү дээ.
Гуа үзэсгэлэнгээр намайгаа дайлах гэж л чи минь өнгө будгаар өөрийгөө жаахан будаж, бурхны тансаг бүтээлийг бурхны бүтээснээс нь илүү болгож харагдуулах гэсэн шүү дээ чи минь.

Би ойлгож байна аа. Будаг шунхгүйдээ бүү нүүрээ буруулаарай надаас. Нүцгэн байхыг минь битгий хараач гэж дуулсан ч, нүцгэн байхыг чинь би заавал харна. Будаггүй хувцасгүй нүцгэнээр чинь харна.

Тэгээд ч ийм сайхныг надад харуулсан юм чинь энэ будган багны чинь цаана юу ч байсан би хайрлана аа чамайгаа. Аль хэдийн би сонгочихсон чамайгаа, хайрлахаар сонгочихсон. Хэрвээ энэ будаг, хувцас чинь намайг хуурсан гэж хэлэхээр бол нэгмөсөн би хууртсан. Нэгэнт би чамайгаа олчихсон, сонгочихсон.

Миний худал ярьдаг нь, чиний хуурмаглан буддаг нь бид бие биенээ дайлан баясгасан, энхрийлэн халамжилсан аяс айзам байсан шүү дээ. Одоо тэр яахав. Бие биенийхээ гүн рүү шунган орсон хойно гадарга, хананы өнгө одоо ямар хамаа байх билээ? Гадагшаа бид лав гарахгүй биз дээ энэ их хайрандаа хөлчүүрээд.

2 comments: