Хайрт минь хаврын мэнд... Хаврын мэнд хайрт минь! Хавар болж байгааг хамгийн түрүүнд чамдаа дуулгах гэж яарлаа.
Цаана чинь! Хавар айсуй!
Ичигсэд цочиж сэрээд, ичээндээ яраглан өндийж байна. Уулс эвшээлгэн сунайж, хур цасны шар усаа тараахаар зэхэж байна. Толгодын энгэр нүцгэрээд, нүцгэн энгэртээ эрхлээч хэвтээч гээд даллаж байна. Өндийн ургах өвс ногооны өвдөж уйлагнахыг чагнаач, бүүвэйлээч гэж дуудаж байна.
Ирэх өдрүүдэд их юм болох бололтой.
Төд удалгүй, хүн бүрийн дотроос цөн түрч, хүсэл хийгээд сэтгэлийн мөс хайлна гэнэ. Хүсэл тачаалын гал салхинаа халдаж, салхиар тарна гэнэ. Тэр салхины хүрэхгүй газар, орохгүй орон гэж үгүй тул агаар бүхний амт найрлагыг өөрчлөх юм гэнэ. Агаар бүгд исэж хөгсөхөөр, амьсгалсан бүгд согтуурж мансуурна гэнэ. Хөлдүүснүүд сэрээд романтикаар хийрхэнэ гэнэ. Гэнэ гэнэхэн гэгэлзээд гэртээ ч, гадаа ч тогтохгүй болцгоох юм гэнэ...
...Ийм л цаг дор ирэх өдрүүдийн шуугианаас дөлж ээх наранд гэсэж бүлээсэвч (би) хийрхлээ дарж, зүрхээ чагнан энгүй хорвоогоос чамайгаа эрж хайж бэдэрнэм...
No comments:
Post a Comment