Зуун жилийн ганцаардал

  Олон жилийн хойно ч гэсэн Мөнхбаатар гэгч энэхүү "Зуун жилийн ганцаардал" хэмээх номыг уншихаас өмнөх болон уншсаны дараах үеээ эргэцүүлэн бодохуйяа тэр үеэ сайтар санаж байх болов уу гэж бодно.
  Жилийн өмнө энэ номыг уншсан. Уншихаасаа өмнө энэ номын тухай жаахан сурталчилгаа үзээд амжсан. Дармын Батбаяр гуайн залуу цагтаа хойно сурж байхдаа нэгэн гадаад найзаасаа "Энэ номыг уншаагүй хүнтэй яриад ч яахав" гэсэн үг сонсоод "Аль ном болгоныг уншихыг тэр гэхэв. Сүртэй юм" гэж бодоод сүүлд нь уншсаныхаа дараа найзынхаа зөв байсаныг ойлгосон тухай бичсэн байсаныг уншаад юутай ч тэр номыг нь нэг нээгээд үзчихье гэж бодсон л доо.
  Испани хэл дээр Г.Маркес хэмээх 20-р зууны нэг мундагжаа бичсэн байсаныг нь Орос хэл дээр орчуулсанаас нь Г.Аким гуай Монголчилсон хувилбараас нь уншсан л даа. Хэл дамнуулж орчуулсан гэхэд тун чиг дажгүй орчуулга болсон гэж боддог.
  Унших явцдаа нэг хэсэгтээ зохиолоо ойлгохгүй явсан үе бий. "Энэ сонин зохиол хэзээ яаж дуусах юм бол?" гэж залхсан үе ч байлаа. Тэгээд уншиж дуусаад тайллыг нь үзээд бахадсан ч тэр нь сүүлд төрсөн бахадлын хажууд юу ч биш. Унших явцдаа зүгээр л цочролд орчихсон зүгээр л уншаад уншаад л байсан гэх үү дээ. Ер нь нэг их олон юм ойлгоогүй.
  Өмнө нь "Кихот ноён" гэдэг зохиолыг уншихад нэг тиймэрхүү юм болсон. Уншиж байхдаа олон юм ойлголгүй зүгээр л уншаад дуусгачихсан. Дараа нь зүгээр л тэр номны тухай бодож байхдаа маш олон зүйлийг ойлгодог...
  Одоо ч гэсэн тэр номын үйл явдлууд цээжинд маань байгаа юм шиг санагддаг. Хэрэг гармагц бодохын төдийд эхнээс нь үйл явдлыг нь хөрвүүлэн бодож, дахин дахин хүлхэж, яруу тансаг өгүүлэмжийг нь ойлгох тусмаа шогширдог. Уншиж байхдаа ойлгоогүй, анзаараагүй юм уу даа гэмээр зүйлүүдийг зүгээр л гадуур алхаж байгаад, бодолхийлж байхдаа ойлгож байдаг.
  Гол нь энэ ном урьд танин мэдэхүйнхээ хүрээнд босгож, сэтгэж, бүтээсэн зорилго, мөрөөдөлүүдийг маань гэнэн тэнэг төсөөлөл төдийхөн байсан гэдгийг маань харуулан өрөвдөх хайрлах юмгүй булшилж хаячихаад "хоосон хөндий"-г надад үлдээдэг. Тэнд нь би огт өөр болчихсон хүн цоо шинээр өмнөхөөсөө илүү тансаг, илүү бодит ертөнцийг бүтээх болдог. Тэгээд бүтээж л явна. Ер нь сонгодог зохиолууд намайг ийм байдалд хүргэж байсан. Ийм номнууд гашуун. Гэхдээ гайхамшигтай.
  Уншихаасаа өмнө энэ номын тухай өөрийнхөөрөө төсөөлж, ийм байх болов уу тийм байх болов уу гэж бодож байсан бүхэн маань бүгд худлаа байсан. Гэхдээ надад бодсоноос минь илүүг хайрласан. Өмнөх бодлууд маань өдгөө бодогдох ч үгүй байна...
  Энэ номын дүрүүд нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд дүр бүрийнх нь тухайд өөрийн сэтгэгдэлээ дараагийн бичлэг дээрээ үлдээнэ гэж бодож байна...

6 comments:

  1. гайхалтай зохиол шүү... дүрүүдийн тухай бичлэгийг хүлээж сууя..

    ReplyDelete
  2. Тийм ээ. Гайхалтай зохиол.
    Дүрүүдийн тухай эхний хэсгээ бичээд нийтэлчихлээ.

    ReplyDelete
  3. Би жилийн өмнө уншиж байгаад талаас нь орхичихсон. Ойлгохгүй байсан юм л даа. Одоо дахиад уншинаа

    ReplyDelete
  4. Энийг нэг уншчих юмсан...нэг найзаасаа өгөөч гэж аль түрүү жил л гуйсан кк

    ReplyDelete
  5. chi nomiin tuxai delgeruulexees gadna gun guzgii mederch chadaj bgaa chini baxarxaltai.Mundag yuma :)

    ReplyDelete
  6. bi ene nomiig 2 ydaa unshsan. ehnii udaa ih dogdolj, tugshij unshaj blaa, yr ni hunii songolt huwi zayanii talaar uguulsen ym bolowuu gej bodson

    ReplyDelete