Олон цуврал болох шинжтэй байна. Эхний ээлжинд Буэндиагийн удмынхныг онцлоё.
Буэндиа - Макондогийн эцэг. Буэндиа үгүй бол Макондо үгүй байх байсан. Хойно дурдагдах бүх гайхамшигт хүмүүс үгүй. Буэндиагийн шунал тачаалын үндэснээс салаалсан хүмүүс энэ номын гол дүрүүд.
Байшингаа хөх, улаанаар будуулах тухай дахь түүний тэмцэл бол аугаа гүн ухаан. Яруу хүлцэл. Учир явдалд анхнаас нь буурьтай хандаж чадсан. Хүү Аурелианогийнх нь амьдралын шийдсэн асуудал болсон доо гэж...
Танин мэдэхүйн шохоорхол болоод үр дүнгийн тухай дахь гайхамшигт үлгэр дууриал. Хожмоо ухаан солиотой гэж оношлогддог боловч тэр үргэлжийн эрүүл ухаантай байсан гэж боддог. Гагцхүү хэтэрхий гүнийг танин мэдээд ухамсрын цочролд орсон байх талтай. Туулайн бөөр модны доор удаан суухдаа гэгээрсэн байж болзошгүй.
Урсула - Буэндиагийн эхнэр. Буэндиа Макондог бий болгосон бол Урсула бойжуулсан, өсгөсөн. Эмэгтэй хүний хүчирхэг байдлыг тод томруун дүрслэл. Буэндиагийн хүчээр болгоогүй олон зүйлийг эвээр, зөнгөөр болгосон.
Иргэншилтэй холбогдох замыг тунирхаж гүйж яваад олсон. Буэндиа яаж олох гэлээ? Романтик ч гэсэн тэр нь тэнэглэл! Гэхдээ үгүйсгэж байгаа юм биш. Урсулаг л өргөх гэсэн юм. Бизнесийн ашигтай санал сэдлийг яаж олж байлаа даа? Хичнээн хүүхдийг яаж бойжуулж өсгөв...
Хараагүй болчихсон хойноо ч гэсэн түүнийгээ нууж хараатай юм шиг аашилж хардагт нь юм хүртэл олж өгч, хутагт хэний ч билээ хөшөөг насан өөд болчихсон хойноо хүртэл нууж чадаж байсан нь сүрдэм, хүндэтгэм.
Үлэмж биет Хосе-Аркадио - Хүнд юу оногдоно тэр нь тэр хүний амьдралын замыг заадаг. Хэрэвзээ хэн нэгэнд ухаан заяасан бол ухаанаа бусдын төлөө зориулахгүй бол хэрэг нь үл гарна. Хэрэвзээ хэн нэгэнд хүч заяасан бол хүчээ бусдын төлөө зориулахгүй бол хэрэг нь үл гарна.
Хосе-Аркадиод үлэмж том нууц эрхтэн заяажээ. Үүнийхээ хэргийг гаргах нь түүний үүрэг үү? Мэдэхгүй. Гэхдээ тэр гэр орноо орхиод холыг зорьсон. Бүүр хожим үлгэр домогийн амьтан шиг болчихсон ирж байсан нь гэнэтийн. Гайхамшигт гэнэтийн үйл явдал. Ребекаг булааж авсан нь даанч энгийн :) Хурандаа дүүгээ оршуулгын газрын хажууд буудуулах гэж байхыг нь аварсаныг бодвол идээд хэвтээд байдаг дэмий эр бас биш. Мэдээж дэвэн дэлхийг туулж ирсэн хүн амрах хэрэгтэй. Идээд хэвтээд байх хэрэгтэй. Үлдэгсдэд нууц байдлаар буудуулж үхсэн ч гэсэн дарины үнэрээ даруулахгүй байх сачийтайгаа...
Хурандаа Аурелиано - Хатан зоригтон яаж бий болдог вэ? Хатан зоригтон хатан зоригтой төрдөг үү. Асуултын хариулт бол Аурелиано мөн. Багадаа ноомой, дуугүй, бага сага зөн совинтой эмэгтэй хүнтэй харьцах тал дээр нойлын ногоон тэг Аурелианогийн ирээдүйг төсөөлж чадаж байсан хүн тэр Макондо тосгонд байсан болов уу?
22 иргэний дайн гаргаад 22ууланд нь ялагдана гэдэг баргийн аавын хүүгийн барах ажил биш. 3 удаа иргэний дайн гаргалаа ялагдлаа цөхрөхөд хэн ч буруутгахгүй. Гэтэл 21 удаа иргэний дайн гаргаад ялагдчихаад 22дахийг нь гаргаж байна гэдэг бол юу ч гэмээр юм бэ дээ. ТЭНХЭЭ. Сэтгэлийн ТЭНХЭЭ. Бардамналын ТЭНХЭЭ.
15-н Аурелиано нэртэй хүүтэй болсон. Альных нь ч ээжийг нь танихгүй. Сонирхолтой зураглал. 15 хүүгээ командлаад дахиад иргэний дайн гаргачихсан ч чадна гэж насны мухарт боддог бодол нь санадаг л санаа.
...Өрөөний голд өөрийгөө тойруулаад 3метр тойрог зуруулчихаад гар буун дээрээ гараа тавьчихаад Урсулагийн өөдөөс харж байгаа Аурелианогийн харцыг яг тэр хэсгийг уншиж байхдаа төсөөлж чадсан, харсан. Хэзээ ч мартагдашгүй харц!
...Аймшигтай нэг дүрслэл энэ номонд бий. Аурелианогийн алтан загасыг маш нямбайлан хийдэг. Хийж дуусгаад эргээд хайлуулдаг. Эргээд нямбайлан хийдэг... Энэ дүрслэл. Цаг хугацаатай уралдаж явсан үе нь цаг хугацааг зүгээр л өнгөрөөхийн хүслэн болчихсон байгаа үе. Яг л шархаа долоогоод хэвтэж байгаа араатанг санагдуулам...
Туулайн бөөр модны дэргэд байгаа эцгийгаа харалгүй тийшээ морь харж байгаа Аурелиано. Бусад хүмүүст харагддаг эцгийгээ харж чадахгүй байгаа нь эцэг үрийн харьцаан дахь юуг өгүүлнэ вэ? Ойлгоогүй л байна...
Амаранта - Эмэгтэй хүний сул дорой байдал түүнийгээ дарж нууж ядсан, чадсан юм шиг санасан амьдралын хэтэрмэл дүр. Охин биеэрээ ирээд охин биеэрээ хорвоогоос буцахыг "нэр төр". Нэр төр нь амьдралын баяр баясал гэж боддог нь сонин. Амарантагаас болж нэг биш эрэгтэй хүн амиа хорлохыг уншиж байхдаа гайхаж байлаа. Амарантаг ойлгодоггүй байлаа. Удалгүй ойлгосон. Ойлгомогц өрөвдөж энхрийлмээр эмгэнэлт дүр санагдсан даа. Хурандаад хүртэл дурласан байдаг хэрнээ хэнд ч дурлаагүй юм шиг байж чадсан нь яахын аргагүй нэр төрийн дарамт, айдас хоёрынхоо өмнө гаргасан сул дорой байдал.
Ребекатай залуу цагтаа "өш" зангидаад насан туршдаа санаж явсан нь яахын аргагүй сул доройн дуулал. Өөрийнхөө авсны хулдасыг нэхэж эхэлдэг. Нэхэж дууссан өдөрөө үхэхээ мэддэг. Сүүлдээ нэхэж дуусгахаар яардаг нь сонин. Юуг өгүүлнэ вэ? Одоо хэр ойлгоогүй...
Жаахан Ремедиос - Хүүхэд насандаа хожмоо хатан зоригоороо алдаршсан хурандаа болсон ноомой, дорой Аурелианотой гэрлэхийг зөвшөөрсөн нь сонихон. Хар нялхаараа шахуу байж гэрлэхийг зөвшөөрчихөөд түүнийгээ тоглоом гэж огтхон ч бодохгүй байгаа нь юуг илэрхийлнэ вэ? Бодсоор... Жирэмсэн байхдаа нас барсан нь өрөвдмөөр. Амарантагийн Ребекад зориулсан хорыг уусан уу үгүй юу? Үхлийн шалтгаан нь юу вэ гэдэг нь нууц. Хэн ч сонирхохгүй хээнцэр даруу нууц!
Сайхан Ремедиос - Үгээр дүрсэлж чадсан үнэмлэхүй гоо үзэсгэлэн гэж боддог. Эсвэл эротизм ч юм уу? Зохиолд өгүүлэгдсэнээр цагаан даавуунаас бариад тэнгэр рүү нисэж одсоноороо absolute хэвээрээ үлдсэн.
Тэгээгүй бол үнэмлэхүй утгаа хадгалж чадалгүй өтөлж өнгө зүсээ гээх байсан биз. Эсвэл зохиолч нь үнэмлэхүй гоо үзэсгэлэнг нь хэвээр нь үлдээхийн тулд цаг хугацааны хуулийг ч золиослох байсан юм бил үү... Маркес гуай амьд байгаа. Маргааш нэрд гарахаараа асууя...
Фернандо - Хамгийн өрөвдөлтэй дүр гэж санагддаг. Энэ дүрийг бодох бүр уйлмаар санагддаг. Аймшигтай өрөвдөлтэй дүр. "Саная гээд санаанд ч багтамгүй сайхан бүсгүй" маань санаанд багтамгүй өрөвдөлтэй амьдралаар амьдарж өссөн байх юм гэж хэн саналаа. Хүүхэд насыг нь бодох бүр нуруу руу хүйт даадаг. Хамгийн аймшигтай нь олон олон "Фернандо"-той тааралддагт байгаа юм. Хичнээн олон Фернандо эргэн тойронд маань өсөж торниод эргээд нэг өдөр шинээр төрөх гэж яаж ямар зовлонг мэдрэх бол гэхээс гол харлана.
Үргэлжлэл бий...
Naad nomiig chin olj butneer ni unshixsan.
ReplyDeleteБүтнээрээ электрон хэлбэрт орчихсон энд тэндгүй яваад байдаг санагдаж байна. Google-двэл бараг гараад ирэх байх өө.
ReplyDeleteби энэ зохиолыг 9-р ангидаа анх уншсан. тэрнээс хойш 2-3 уншсан. нэг их олонд орохгүй л байх л даа. гэхдээ унших болгонд өөрийнхөө хэлтэрхийнүүдийг олох шиг болдог. тухайн үед хайж байсан асуултынхаа хариуг олох шиг болдог.
ReplyDeleteзохиолын баатруудыг өөрийнхөөрөө тодорхойлсон чинь таалагдав.
"Өөрийнхөө хэлтэрхийг олох" гэж яг тийм шүү. Өөрийнхөө хэлтэрхийг юм уу нэг хэсгийг олж харж байгаа юм шиг санагдаад байгаа болохоор зохиолын баатрууд нь дотно санагдаад эвгүй байдаг юм. Зарим нь ч шал хөндий дүр болохоор ч тэр үү бүр сонирхолтой л доо. Ийм хүн бас байдаг аа? гээд бодохоор л...
ReplyDeleteДүрүүдийн талаар гоё бичжээ. Фернандог би хамгийн их үзэн ядсан. Хоосон нэр төрийнхөө төлөө охиныхоо амьдралыг зүгээр л хөсөр орхидог. Төрсөн гэртээ аваачдаг хэсгийг уншихдаа Фернандогийн өссөн амьдралалд сэрдхийж өрөвдөх сэтгэл төрсөн ч хожим Аркадиог хорьж гэрээс гаргаагүйд нь ахиад л уур хүрсэн. Үнэхээр тэвчээр барам хатуу хахир эмэгтэй. Аркадио, Аурэлино, Буэндиа нарын нэрсийн дунд одоо ч толгой эргэсээр.
ReplyDeletegoy zohiol,buun zorchil, buun hartsuulalt, ym bodogduulna daa.
ReplyDelete