Зуун жилийн ганцаардал - Дүрүүд 2

Сэтгэл хөдлөлд автаастайгаар бичиж байгаа шүү.

Гадилын тариалангийн сүүлээр бослого гаргаж тэмцэл нь дарагдсан мянга мянган хүмүүсийн төлөө эмгэнэнэм. Дасгалын бай шиг шүршүүлж, гулууз мах шиг үзэгдэж, гуалингаас дор байдлаар ачааны галт тэргэнд ачигдаж явсан тэдгээр хүмүүсийн дүрийн тухай үг үлдээхгүй бол энэ зохиолын тухай дурдсаны хэрэг юун.

Түүх яаж устаж байгааг яруу тодоор үзүүлсэн зохиол дахь тэр хэсэг бол нэг төрлийн эмгэнэлт нууц! Ихэр Хосе Аркадио буцаж ирэхдээ ямар байдалтай учрасныг гайхсан даа анх. Зохиомол хиймэл түүхээр цаашид замнах болсон. Макондогийн хөгжил тэгээд л зогссон. Түүх хуурмаг болоод ирэхээр хөгжих үндэсгүй болж байгаа юм.

Хурандаа Аурелиано гэж байсан тухай хэн ч мэдэхгүй болдог. Мэдэж байгаа хэд нь үлгэр домогт мөнхөлж чадвал их юм. Аурелианог дурсахгүй байгаа юм чинь Буэндиа, Урсула хоёр бол бүүр үлгэр домгийн үндсэн элементэд ч үлдэж чадахгүй. Макондо яаж бий болсон юм? Хэн ч мэдэхгүй. Мэдэж байгаа нь бүгд зохиомол. Хэн нэг нь тэдэнд түүхийг нь зохиож өгнө.

Уучилж болох зүйл гэж бий. Алдахыг уучилж болно. Алдааг уучилж болно. Түүхийг өөрчилсөн, түүхийг гуйвуулсан, түүхийг доромжилсон хэнийг ч уучлах үндэсгүй. Алдаж болно. Алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ядаж! Тэгвэл ядаж тоож харж болно. Түүхийнхээ төлөө тэмцэл өрнөх ёстой. Учир нь бид өөрснөө ирээдүйн өмнө түүх. Түүхийг нэг зассан бол дахиж засна. Зассан нь одоо мэдэгдэхгүй. Мэдээж ил засахгүй.

Бүхний зүрхний гүнд үзэн ядагдавч бүхний өмнө мишээлээр булагдагч нь тэд.
Алдаагүй байсан мэтээр, айдсаар нь хүлээн зөвшөөрүүлж мандаж явсан цаг шигээ үргэлжид түүхийг өөрчилж гуйвуулж байлгаж болохгүй.

Макондо эргэж мандаагүй. Түүх үгүй болсон. Түүхийг өөрчилсөнд байгаль хүртэл гомдож гурван жил тасралтгүй бороо орж гашуудсан. Тэгээд эцэс сүүлд нь Макондог салхиар алгадсан. Сайн сайхан гэдэг бол сайн сайхан. Сайн сайхан байгаа тухай хэлбэр бол сайн сайхан биш...

Агуулга болоод хэлбэр нь үнэн сайн сайхны төлөө тэмцэж эрсэдсэн "гадилын дон"-гийн золиос болсон тэрхүү олон мянган хүний дүрийн тухай бичлээ.

1 comment:

  1. би бас энэ номонд хайртай. Яахын аргагүй маш өөр зохиол. Энэ номыг хүн бүр өөрөөр ойлгодог гэж үнэхээр үнэн юм. Түүхийг хүчээр өөрчилсөн, тэгээд бүгд устсан тухай .. өмнө нь бодож байгаагүй юм байна. Баярлалаа

    ReplyDelete