Сервантес - Дон Кихот. Энэ зохиолын ном нь хэвлэгдсэн тоогоороо дэлхийн хэмжээнд Библийн дараа 2-т ордог гэсэн статистикийг нэлээн олон газраас сонсож байсан юм байна. Бас 2-дахь мянган жилийн манлай романаар тодорсон гэж бас л хаа нэгтээгээс сонсож байсан.
Монголоор "Кихот ноён" нэртэй хэвлэгдсэн энэ номын гол баатар нь 50 гарсан хатингар, хачин царайтай, хачин сахалтай өөрийгөө баатар гэж бодсон эргүү, солиотой нэг тайж нөхөр. Бас нутгийнхаа нэг тариачинг хөлслөөд дагуулаад дэвэн дэлхийгээр адал явдал хайн бэдэрж байгаа юм даа. Тэр тариачин нь манай хөлөг баатрын туслах нь бөгөөд нэрийг нь Санчо гэнэ дээ. Бараг мөнхөрсөн гэмээр нэг зураглал байдаг:
Кихот гуай хатингар морио уначихсан хуягт жадаа дээш нь өргөөстэй, араас нь Санчо нь бөөн зэвсэг, тоноглол ачаад илжигээ гуядчихсан мань хоёрын сажилж яваа дүр зураг.
"Дон Кихот" бол ёгтлолгүйгээрээ бол энгийн зугаат ном. Үүгээрээ олон хүний сонирхлыг татаж олон хэвлэгдсэн байх. Нөгөө талаасаа Кихотын намтарыг яаж ч бодсон ёгтлол. Ёгтлолынхоо хурцаар утга зохиолын сор бүтээл болсон болов уу гэж таамаглана.
Ном хоёр хэсэгтэй. Нэгдүгээр хэсэг дээр Кихот зүгээр л хэний ч мэдэхгүй тэнэгхэн байсан бол хоёрдугаар хэсэгт Кихотын тухай бүгд шахуу мэддэг болсон байв. Учир нь Кихотын тэнэглэлийн тухай ном гарсан нь үлэмж алдарыг олжээ. Гэвч үүнийг Кихот үл мэднэ. Иймээс Кихот өөртэй нь тааралдсан бүх хүмүүсийг өөрийг нь шоолон элдэвлэхэд алдар нэрийн нь цуурай аугаа их болжээ хэмээн сэтгэнэ.
Кихотын амьдрал угаасаа гэнэн тэнэглэл. Бас дээр нь яруу. Юу ч мэдэхгүй байж анхны үзэмжээр бүхнийг шийдвэрлэх гэж хурган хүчээр мятрашгүй зоригтой зүтгэнэ. Угаасаа байгаа байдал нь юуг ч шийдэж эс чадна. Гэвч шийдэж чадсан сэтгэгдэлийг олон тохиолдолд өөрт нь үлдээнэ. Замд нь таараад залхсан тариачид бууж өгсөн болж аргалж байхад, зарим нэг нь бүр өхөөрдөн өөртэй нь адилхан баатрын дүрд тоглож элдэвлэж байх. Бараг танихгүй шахуу Дульсиня хэмээх тариачин бүсгүйг хорвоогийн хамгийн сайхан бүсгүй гэж өөрөө бодчихоод бусдад итгүүлэх гэж зүтгэнэ. Огт танихгүй замын хүнд хүртэл итгүүлэх гэж зүтгэнэ.
Амьдралд ийм тохиолдол олон л байдаг байх. Хичнээн олон хүн өөрийнхөө зөв гэж бодож "салхин тээрэм"-рүү дайрдаг бол. Хичнээн олон хүн "Дульсиня"-д дурлаж, "хөлөг баатрын хууль" гэгчээр нь тэр "Дульсиня"-гаа хайрладаг бол. Дульсиня нь хэн байдаг бол...
Кихот үгийг гайхамшигтай эзэмшсэн хүн. Урсгаж байгаа үг нь шүлэг, тунхаг. Дульсинягийн тухай яриа нь уран магтуу. Дульсиняд бичсэн захиаг нь одоо хүртэл дахин уншихсан гэж хүсдэг. Цээжинд тогтоогдошгүй дэндүү үгс. Ганц хоёр үг нь орж гарна. Бичигдэж амжилгүй эргэж мартагдана. Бичих хүсэл өдөөж эргэж санагдана. Эргээд мартагдана...
Дахин хэлье. Кихот үгийг гайхамшигтай эзэмшсэн хүн. Гэхдээ үгийг гайхамшигтай эзэмшсэн байлаа гээд Кихотын тэр ертөнц байхгүй. Байх боломж, хувилбар нь элэглэл дооглол дунд байгаа ертөнц. Үгийг гайхамшигтай эзэмшсэн хүн үгээр ялж болно. Гэхдээ тэр хүн Кихот байвал ялаад ч хэрэггүй.
Амьдрал дээр ч ийм тохиолдол олон байдаг. Хэн ч үгийг гайхамшигтай эзэмшээд юуг ч итгүүлж, өөрөө итгэж болно. Гэвч тэр ертөнц нь Кихотынхтой адил байх нь инээдэмтэй. Гэвч инээх хүн цөөхөн!
Кихот нээрээ хамгийн сүүлийн бүлэг дээрээ "эдгэрдэг" шүү. Өөрийгөө ямар тэнэг байсныг цохон тэмдэглээд мундаг захиас үлдээгээд нас бардаг юм. 60-тайдаа эдгээд 61-тэйдээ нас барсан байж болзошгүй. Гэвч зохиолч нь насны тухай ямар нэгэн юм үлдээгээгүй санагдаж байна :)
Ялгаа байхгүй би ч "Кихот" та ч "Кихот".
Кихотыг тэнэг гэж шоолон уншиж болно. Дон Кихот бол тэнэг хүний тухай зохиол гэж бодож үлдэж болно. Эсвэл Дон Кихот бол тэнэг хүний тухай биш тэнэглэлийг минь элэглэн шоолсон зохиол юм аа гэж өөрийнхөө эрхэм ариун нэр хүндэд бага зэрэг сэв үлдээгээд уншсан ч болно. Уншихгүй байсан ч бас болно...
Ха ха. Энийг одоо би бичсэн юм байх даа?
ReplyDeleteКихотын амьдрал угаасаа гэнэн тэнэглэл. Бас дээр нь яруу.
ReplyDeleteяг vнэн.
сайхан бичиж. уншсанаа сайхан бататгалаа
ReplyDeleteengiin tsuun heden oguulbereer zohioliin yg mon chanariig sain gargaj ogson baina shu!
ReplyDeleteyostoi mundag bichsen bna.bi unshaad setgegdelee bichnee.bi bur Mongol xuvilbar olox yumsan gesen setgegdel turuud file.r xaigaad oldoggui e
ReplyDeleteкихот ноён яав ч тэнэг хүн биш түүнийг тэнэг гэж шоолвол өөрийгөө л шоолж бйагаагаас ялгаагүй. Дон кихот нь түр зуурын номын цагаан солио туссан ч эрдэм мэдлэгтэй боловсролтой хүн юм
ReplyDelete