1984

Жорж Орвелл - 1984 хэмээх зохиол нь 1990 он гарсны дараахан Монгол хэлнээ орчуулагдсан боловч би түүнтэй 2000оноос хойно гарсан шинэ хэвлэлээр нь энэ хавар танилцсан билээ. Орчуулагчид нь талархана. Гэвч нэрийг нь мартчихаж.

Зөгнөлт зохиолын төрөлд хамаарагддаг боловч би үүнийг аймшгийн зохиол гэж боддог. Үнэхээр аймшигтай зохиол шүү. Энэ зохиолд цус нөж, сүнс сүүдэр гарахгүй л дээ. Гэхдээ л аймшигтай зохиол.

1948 онд Орвелл бээр 1984оны тухай энэхүү номыг бичээд 1985 онд хэвлүүлсэн гэдэг.

Ном гурван бүлэгтэй. Эхний бүлэг нь номонд өгүүлэгдэх ертөнцийг "бүтээхэд" зориулагдсан гэмээр тайлбарласан бүлэг. Уншаад залхчихгүй бол гол тулгуур бүлэг. Хоёр дахь бүлэг нь үйл явдлын зангилаа. Сүүлийн бүлэг нь тайлал болов уу гэж өөрийнхөөрөө дүгнэсэн.

Номыг алдаршуулсан нь аймшигжуулсан нь зохиолын үйл явдал өрнөж байгаа ертөнц. Манай дэлхийн 1984оны хувилбар. Аймшигтай. Хэн ч юуг ч өөрийнхөөрөө хийж болохгүй. Бүгд л худал хуурмаг сайхан, худал хуурмаг үнэнд тэмүүлж байгаа юм шиг амьдрах ёстой.

Ямарваа зүйлээс авах таашаалыг заавал тогтсон стандартын дагуу авах ёстой! Илүүдүүлж дутуудуулж болохгүй. Хамгийн хэцүү нь тэр стандарт нь хэнд ч ойлгомжгүй бас ойлгомжтой. Учир нь тэрхүү стандарт гэгч зүйлийг хэзээ ч тогтоогоогүй боловч түүнийг зөрчихийг зөвшөөрдөггүй.

Хэрвээ баярлаж хөөрж байгаа бол тэр нь албадлагын дагуу байх ёстой. Баярлана гэж байхгүй. Баярлаж байгаа юм шиг байх ёстой. Хайрлана гэж байхгүй. Хайрлаж байгаа юм шиг харагдах ёстой. Эс чадваас шийтгэгдэнэ.

Шийтгэл нь хамгийн аймаар. Үхлээс ч илүү. "Ууршуулдаг". Үхэхэд нэр үлддэг. Тэмцэл үлддэг. "Ууршуулагдахад" нэр үлдэхгүй, тэмцэл үлдэхгүй. Тийм хүн байсан тухай хэн ч ам нээх эрхгүй болдог. Ямар ч баримт үлдэхгүй. Түүний тухай ам нээсэн хүн нь мөн л ууршуулагдана.

Хүн төрөлхтөн тийм замаар орж болох байсаныг бодох тусам бүр илүү айдас төрдөг.

Магадгүй зарим хүмүүст өөрийнх нь орон нь ямар нэгэн коммунист засаглалтай болоод дарангуйлал хүчээ авч эхэлбэл эрх чөлөөгөө хүндэтгэн гадаад оронд гарна гэсэн бодол байдаг байж болох юм. Гэвч дэлхий дээр дөрөвхөн улс байдаг. Дөрвүүлээ коммунист засаглалтай, коммунист засаглалын дарангуйлал муйхарлал бүр туйлын утгандаа тултал хөгжчихсөн байвал?

Энэ ном бол хүн төрөлхтний сөнөл мөхлийн нэг хувилбарыг яруу тодоор өгүүлсэн гэж бодогддог. Хэзээ ч байхгүй нэг хүний таалалд өөрийгөө бүрэн нийцүүлж, өдөр шөнийн аль ч цагт өөрийгөө бусдаар хянуулж цагдуулж байх. Гэр бүл гэдэг зүйл бол намд ирээдүйн гишүүн болох хүүхэд төрүүлэгч механизм.

Түүхийг үргэлжид устгаж байдаг. Өнөөдрөөс өмнө өдөр бүр 30гр шоколад өгдөг байсан бол өнөөдөр 20гр шоколад өгчихөөд өдөр бүрийн шоколадны норм 10гр байснаа 20гр болж өслөө гэж бүгдэнд нь итгүүлдэг. Итгэхээс аргагүй. Итгээгүй бүр өр зүрхнийхээ гүнд ортол итгээгүй бол шууд "ууршуулагдана". Өчигдөрийн түүхийг хүртэл зохиож өгдөг. Дурсамжаа зохиомол түүхээс ангид байлгаж байна гэдэг бол том тэмцэл! Смитийн аугаа их тэмцэл. Смит ингэж л тэмцэж чадна. Өөрөөр оролдсон. Үр дүн нь зохиолын төгсгөл.

Жулиагийн Смитд хайраа илчилдэг нь хайр дурлалын тухайд урьд огт уншиж, төсөөлж байгаагүй сонин илэрхийлэл. Смит Жулиаг үзэн яддаг байв. Би чамд хайртай гэсэн зурвас авмагц тэр нь ор үндэсгүй хийсэв. Үзэн ядахаас хайрлах хүртэл 3-хан үг хангалттай байдаг юм болов уу? Харин хайраас үзэн ядалт хүртэл маш их зам туулдгийг зохиолын төгсгөл дэхь яргалал харуулдаг гэж ойлгоод байгаа.

Голдштейний ном... Номон доторх ном. Дарангуйллын мөн чанарын судар.

Смитийн сэтгэхүйн цагдаа нарт баригдахаасаа өмнө тачааддаг махлаг эмэгтэй бол хүн төрөлхтний итгэл найдвар. Бас аврагч нь болж чадах хүн. Угаасаа тийм эмэгтэйчүүд л хүн төрөлхтнийг бойжуулж өсгөж өндийлгөсөн юм шиг... Смит үүнийг зөнгөөрөө мэдэрж түүнд тачаадсан болов уу ч гэж бас бодох юм.

Обрайнд Смит дотно байдаг. Бараг л хүндэтгэдэг хайрладаг. Өөрийг нь яаж ч тарчлаан зовоож байлаа ч тийм байдаг. Тийм их дарангуйлал дунд хүнд өөрийг нь яаж ч тарчлааж байсан өөрийг нь ойлгож байгаа хүн л хамгаас дотно байдаг бололтой юм.

Зохиолын хамгийн аймшигтай өгүүлбэр гэвэл сүүлчийн өгүүлбэр нь. 3 бүлэг 300 гаруй хуудас зөвхөн тэр үгийг л аймшигтай, бодьтой байлгахын тулд л бичигдсэн мэт... Цөхрөлийн дуулал шингээстэй аймшигт өгүүлбэр нь өмнөх 300 хуудас үггүйгээр бол эгэл жирийн л өгүүлбэр:
Смит одоо их ахдаа хайртай.

6 comments:

  1. бас л эвгүй ном шүү.. амьсгаа авахад цээж бариад байгаа юм шиг, санаа алдахад ч хэцүү.
    энэ ч гэсэн бас л эвгүй бичлэг болжээ.

    ReplyDelete
  2. "Амьсгаа авахад цээж бариад" гэж бараг л нэг тиймэрхүү юм болдог шүү. Эвгүй ном.
    Эрх чөлөөгөө байн байн "тэмтэрж" үзээд байдаг болчихсон байсан шүү нэг хэсэг :)

    ReplyDelete
  3. ene nomnii mongol orchuulga ni bdag uu,

    ReplyDelete
  4. Энэ номыг Монгол орчуулгаар нь уншсан юм. Гадаадаар нь уншсан мундаг хэлтэй хүн шиг юм биччихсэн юм шиг байна.

    Хэдхэн жилийн өмнө гарсан дажгүй хэвлэлттэй ном байгаа.

    ReplyDelete
  5. чи бид хоёр адилхан л юм ойлгож, мэдэрсийм шиг байнөө. яаая, тэр сүүлийн өгүүлбэрийг уншихад, өөрийн эрхгүй, даанч дээ гэж бодогдсон шүү. бас тэр номон доторх ном байна. бас л зэвүүн эд ..,

    ReplyDelete
  6. Үнэхээр гайхалтайгаар зөгнөлийг дүрслэн гаргаж чадсан зохиол. Түүний мөн чанарыг гүн гүнзгийгээр шингээж авахын тулд би зарим хэсгийг уншчихаад түр зогсож уншсан зүйлээ нягтлан боддог байлаа. Смитийн оронд өөрийн эрхгүй өөрийгөө тавьж байх шиг, хэдий зохиол боловч түүний ганцаардал, өнгөрсөн үетэй холбоотой итгэл үнэмшлийг хуваалцмаар санагддаг байсан. Хүний ном байсан болохоор гуйж авч уншчихаад маш их таалагдаад номын дэлгүүрт зорьж очиж авсан даа. Хааяа бодит бус байдлыг, сэтгэлгээний зовлонг мэдрэхийг хүссэн үедээ номоо гүйлгэн харж, үйл явдлуудыг сэтгэлдээ төсөөлж байхын тулд зориуд худалдаж авсан юм.

    ReplyDelete