Бас нэг хэсэг

Амьдрал уудам. Уудам учраас хаана нь ч байсан ялгаагүй...
Хаашаа ч явах хэрэггүй юм байна. Хаа нэгтээ явж яах юм? Яг ингээд л зогсчихьё. Арай ч бас биш юм. Зогсоод ч бас яах юм. Зогсох ч үгүй яах ч үгүй ингээд л байж байя. Тэгээд л байж байя. Энд л байж байя. Тэнд л байж байя. Тэгээд хаашаа ч явалгүй байж л байя. Байгаад л байя...
Байх ямар гоё юм бэ? Байх тусам баймаар санагдана. Байгаад л байвал байхаас бусад нь утгагүй санагдана. Санагдаа ч үгүй юм байна. Санах ч санаа байсангүй. Байсан ганц нь байдал байлаа. Нэг мэдсэн чинь жижигхэн байдал болсон байлаа.

Жижигхэн байх сайхан байв. Тэгээд надад байдал бас дээр нь сайхан нэмэгдэв. Сайхан байх сайхан байлаа.

Сайхан байгаад л байсан чинь санаа бодол минь ч эргэж ирэх шиг. Эдгээд ирж байгаа нь тэр байх. Санаа бодол ирсэн чинь хүсэл тэмүүлэл ч өндийх шиг. Хүсэл тэмүүлэл өндийхтэй зэрэгцэн хүч чадал ч мэдрэгдэх шиг. Эрч хүч нь мэдрэгдэж байгаа энэ хүчийг яах вэ? Илд сэлэм мэт далайлгаад өндийх үү? Яг өмнөх шигээ тэгээд л уухайлаад л урагшлах уу?...
Мэдрэгдэж л байг. Бас л байж л байг. Хүч чадлыг байлгаж суръя. Тэгээд л надтайгаа хамт байгаад л байг. Яг л над шиг байж байг. Яг л над шиг өндөр зүг, өчүүхэн зүг тэмүүлж үзээ л байлгүй. Үзээгүй бол өөрөө л мэдэг. Надгүйгээр мэдэг...

Баймаар бол байж л байг. Байгаа юм шиг байсан ч байж л байг. Байхгүй юм шиг байсан ч байж л байг. Ер нь дур зоргоороо л байг. Надаас тусгаар баймаар бол тусгаар байг. Над дотор баймаар бол дотор минь байж л байг.

1 comment:

  1. надад танил мэдрэмж,

    ReplyDelete