Рауль төржээ... Эхний Раулийн тухай Өлзийтөгс эгч дэлгэрэнгүй биччихсэн тул миний зүгээс нэмэх зүйл гэвэл би Раультай тааралдаж үзээгүй гэдгээ л хэлэх явдал байна даа.
Одоо дараагийн Рауль...
Рауль төржээ... Хоёр дахь Раулийн тухай мөн л Өлзийтөгс анай биччихсэн тул миний зүгээс нэмэх зүйл гэвэл бас л би Раультай тааралдаж үзээгүй гэдгээ л хэлэх явдал байна даа.
Гурав дахь нь Мөнхбаатар.
Мөнхбаатар төржээ...
- Уучлаарай бичиж байгаа хүн нь энэ тухай санахгүй байгаа тул алгасая.
Мөнхбаатарын амьдралын эхний нэг өдөр:
- Тэр 5 настай байсан байх. Тэр цэцэрлэгт явдаг байлаа. Тэгээд нэг өдөр нэг хүүхэд баруун зүүн гар гэж ярьж байхыг сонслоо. Ойлгохгүй дээ ичингүйрч юун тухай ярьж байгааг нь мэдэхгүй тул хоёр гар руугаа хараад ялгаа олох гэж их л тэвдэж билээ. Тэгээд дараа нь өөр нэг хүүхдээс асуулаа. Тэр хүүхэд нь дөнгөж баруун зүүн гараа ялгаж сурж байсан тул түүнд өрөөний нэг буланд очоод цонх руу харж зогсоход ханан талын гар нь баруун гар үлдсэн нь зүүн гар гэж зааж өгөв. Түүнээс хойш Мөнхбаатар хүү цэцэрлэгийнхээ тэр өрөөний тэр буланд очиж зогсоод баруун зүүн гараа ялгах дасгал хийдэг боллоо.
Раулиас ялгаатай нь тэр өндөг гэж юу байдаг тухай мэддэггүй байлаа. Тиймээс түүхий өндөг иднэ гэж зөрүүдэлдэггүй байв.
Мөнхбаатарын амьдралын хоёр дахь өдөр:
- Тэр 6-н настай. Тэр цэцэрлэгээсээ гарах боллоо. Сургууль гэдэг юманд явах юм гэнэ. Тэр цэцэрлэгийнхээ тэр нэг өрөөний тэр нэг буланд хоргодон байлаа. Тэгээд өрөөтэйгээ үргэлж хамт байх аргыг олжээ. Төсөөлөл түүнд тусалжээ. Өрөөнийхөө тэр буланд байна гэж төсөөлөн бодоод баруун зүүн гараа ялгадаг болов. Түүнд одоо өрөө хэрэггүй болжээ.
Раулиас ялгаатай нь түүнд нохой болон загас тэжээх ямар ч бодол төрдөггүй байв.
Мөнхбаатарын амьдралын гурав дахь өдөр:
- Тэр 7-н настай. Тэр сургуульд орсноосоо хойш удалгүй баруун зүүн гараа төсөөлөлгүйгээр ялгаж суржээ. Баруун гар нь арай бадриун, арай хүнд байдагийг мэдэв. Тэгээд баруун гараараа юм хийдэг юм байна гэж ойлгов. Ойлгосон болохоор ч тэр үү олонх зүйлийг баруун гараараа хийдэг болов. Удалгүй онц шаардлагагүй бол солгой гараа ажиллуулахаа ч болив.
Мөнхбаатарын амьдралын дөрөв дэхь өдөр:
- Тэр 9-н настай. Тэр шууд л мэдэв - "Энэ гүзээлзгэнэ" байна гэж. Тэгээд гүзээлзгэнэ дээр очоод энэ миний баруун гар гэж гайхуулав. Гүзээлзгэнэ огт гайхсангүй. Гүзээлзгэнэ хариуд нь: "чамд давхраа байхгүй юм уу" гэж хэлэв. Мөнхбаатар гайхав. Юу ч ойлгосонгүй. Гэхдээ л надад байдаггүй юм байна гэж ойлгов. Байхгүйд нь харамсав. Удаан харамссангүй. Учир нь мартчихсан юм.
Раулиас ялгаатай нь тэр Раулиас хамаагүй эрт гүзээлзгэнийг гүзээлзгэнэ гэж бодож гүзээлзгэнэтэй гүзээлзгэнэ гэж хандаж ярилцсан. Рауль гүзээлзгэнэ рүү тэмүүлж байхад тэр гүзээлзгэнэ түүнтэй хэтэрхий ойр байснаас болоод гүзээлзгэнээс зугатааж байлаа.
Мөнхбаатарын амьдралын тав дахь өдөр:
- Түүнд тоо нэг өдөр л өөр харагдав. Өдөр бүр л хардаг байсан тоо нэг л өөр харагдав. Тэр тэгээд тоонд анхаарлаа хандуулав. Удалгүй тэр ганцаараа л тоог ойлгодог гэдгээ ойлгов. Тэгээд тоог бүр гүнзгий ойлгох ёстой юм байна гэж бодов. Ганц нэг хүмүүс ч түүнд бас ингэж шивнэж хэлэв.
Тэгээд тэр тоо ойлгодог болохын тулд нэлээдгүй хугацааг зарцуулав. Анхандаа ганцаараа л тоог ойлгодог ухаантан байсан боловч нэг мэдэхэд ганцаархнаа л тооноос өөр юм ойлгохгүй маанаг болсон байв. Тэр тоог л ойлгож амжсан боловч бусдыг нь ойлгосонгүй. Харин бусад нь бусдыг нь ойлгочихсон байв...
Энэ үеийн Раультай ойролцоо намтар нь гэвэл тэр загас тэжээх тухай огт боддоггүй байсан хэрнээ нэг мэдэхэд загас тэжээдэг болсон байв. Тэгээд бас л нэг мэдэхэд тэдгээр загаснууд бас аквариумнууд байхгүй болсон байв. Загас байхгүй болсон боловч нохойтой болсон байлаа.
Мөнхбаатарын амьдралын зургаа дахь өдөр:
- Тэр амьдралынхаа тухай эргэцүүлж бодов. Анх удаа танин мэдэхүйн шаардлага байхгүй байхад "бодож" үзлээ. Гүзээлзгэнээс болж шүү дээ. Гүзээлзгэнд анх хэлж байсан үгээ бодлоо. Баруун гараа гайхуулж байсан...
Солгой гараа гайхуулах ёстой байсан юм болов уу? Тэр тэгээд солгой гараа хүмүүжүүлж эхлэв. Дээд сургуульд ороод өөрийгөө солгой гэж хүмүүст итгүүлэв. Сургууль дээрээ байх хугацаандаа дандаа солгой гараараа бичиж, тэмдэглэж, дохиж зангаж байлаа.
Тэр солгой хүн болчихоод гүзээлзгэнэ дээр гүйж очив. Гүзээлзгэнэд тэр таалагдсангүй. "Гүзээлзгэнэд баруун хүн таалагддаг юм байна. Гүзээлзгэнэ өөрчлөгджээ" гэж бодов.
Мөнхбаатарын амьдралын долоо дахь өдөр:
- Тэр гүзээлгэнийг мартахын тулд солгой гараараа бичихээ болив. Сургууль дээрээ өөрийгөө солгой биш ээ гэж хэлээд баруун гараараа бичдэг болов. Лекц, тэмдэглэлүүд, хичээлүүд солгой гараараа л бичдэг байсан болохоор л түүнд сонин байдаг байж. Баруун гараараа хичээл хийнэ гэдэг ямар ч сонирхолгүй болсноос хойш тэр хичээлдээ суухаа болив. Өглөө бүр сургууль дээрээ очоод ангидаа биш номын санд суудаг болов.
Мөнхбаатарын амьдралын долоо хагас дахь өдөр:
Ганц агшин! Агшин гэдэг үгэнд ганц гэдэг үг зохихгүй. Гэхдээ л өөрөөр илэрхийлж чадахгүй нь. Ямартаа ч бүтэн өдөр лав биш. Тиймээс долоо хагас гэдэг үг л яг тохирно.
- Тэр ойлгов. Тэр тоог ойлгоогүй байсан гэдгээ ойлгов. Тооноос бусдыг нь ч ойлгоогүй байсан гэдгээ ойлгов. Гүзээлзгэний тухайд ч гэсэн. Тэр юуг ч ойлгоогүй байсан гэдгээ ойлгов. Тэр ойлгов!
Мөнхбаатарын амьдралын найм дахь өдөр:
- Тэр Раулийн тухай уншив. Гоё санагдав. Даанч Раульд өөрийнхөө тухай уншуулж чадаагүйдээ харамсав. Тэгээд блог нээлээ. Рауль уншиг. Раульд зориулж нээснээ бүгдээс нууж "Чөлөөт тэмдэглэл" гэж сонин нэр өгөв. Сонин нэр учраас хэн ч Раульд зориулж бичсэн гэж сэжиглэхгүй.
- Рауль том газар төрөхийг хүсээд хэн ч өөрийг нь сонсохгүй болохоор хоолойгоо сөөтөл хашгирдаг. Харин Мөнхбаатар хашгирмаар санагдвал зүгээр л Рауль уншиг гээд блог дээрээ бичдэг гэнэ.
- Тэр Раулийн тухай бодов. Рауль ойлгодог байж. Ойлгодог учраас баруун зүүн гарын тухай ганц ч үг хэлж байгаагүй байж. Ойлгомжтой юм чинь.
Ойлгодог учраас өндөг, нохой, загас ярьдаг байж. Рауль мэдэрдэг байж, мэддэг байж. Рауль савхи мэдэрдэг учраас савхин хүрэм өмсдөг байж. Харин би юу тааралдсанаа өмсдөг байж. Рауль мэддэг учраас дээгүүр санаатан байж, дэндүү олон шаналдаг байж. Харин би юу ч мэддэггүй учраас юу ч санадаггүй зүгээр л тоо бодож цаг өнгөрөөдөг байж...
Мөнхбаатарын амьдралын найм дахь өдөр:
- Тэр энэ хооронд сургуулиасаа гарчихсан байлаа. Маш олон хүн сургуулиасаа гарсанд нь гайхна. Харин өөрөө болохоор яагаад сургуульд орсондоо гайхна? Яагаад заавал сургуульд ордог юм бол?
Мөнхбаатарын амьдралын ес дэхь өдөр:
Тэр ес дэхь өдөр дээрээ блог дээрээ "Рауль, Рауль бид гурав" гэж бичлэг оруулж байлаа. Хүмүүсээс нэрийг нь дурдах болон нэрийг нь дурдалгүйгээр төлөөлүүлэн нэрлэх байдлаар бичлэгтээ оруулж болох талаар зөвшөөрөл авж амжаагүй тул аль болох цөөн хүний тухай оруулж, цөөн хүний нэр дурдахаар шийджээ. Өөрийнхөө нэрнээс гадна Рауль, Рауль, Өлзийтөгс гэсэн гурван нэрийг л дурдав. Учир нь энэ гурван нэрийг дурдахгүй байхын аргагүй байсан учраас тэр гэнэ. Хожим таарвал гурвуулангаас нь хүлцэл өчих биз ээ.
Бичлэгээ яаж дуусгах вэ гэж эргэлзэнэ. Үргэлж бодолд нь эргэлдэж байдаг, хойшид ч олон хэлэх тэр л өгүүлбэрээр дуусгая гэж шийдээд, шийдсэн дороо бичээд бичлэгээ дуусгалаа:
Энэ нь гагцхүү уран зохиол бөгөөд зохиолч нь гол дүр биш болно...
Энэ нь гагцхүү уран зохиол бөгөөд зохиолч нь гол дүр биш болно.................
ReplyDeleteтаалагдлаа. Би энэ тухай бодож байсан бичих гэж явсаар чадалгүй өнөөг хүрсэн. Сайхан бичжээ.
ene zohioliig olziitugs anaigiin shar havtastai nomnoos unshij baij bil ee tegehed ih l gaihshirch suuld ni nileen udaan bodsondoo... hehe
ReplyDeleteГоё...
ReplyDeleteЧи өөрөө л юм шиг, гэхдээ зохиол гэсэн...
ReplyDeletetanii bichleguud ch goy shu
ReplyDeleteӨөрийнхөө тухай бичиж гэж бодоод улам илүү мэдэх гэж шимтэн уншсаар атал "Энэ нь гагцхүү уран зохиол бөгөөд зохиолч нь гол дүр биш болно..." !!! Юутай харгис, юутай гашуун.
ReplyDelete