Даруу зангийн тухай

Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэлцдэг. Энэ үгэнд би итгэдэг. Олон сонссон учраас биш ортой болохыг нь мэдэх учраас итгэдэг билээ.
Эрдэмт хүн даруу гэдэг…
Би хэзээнээсээ олон үгтэй, ойворгон зантай билээ. Ихэрхэн хийрхэж байсан нь олонтаа. Даруу зан гаргаж байснаа лав санадаггүй. Сурсан мэдсэн маань ихгүй ч бас багагүй гэж боддог. Тэгэхээр эрдэмт хүний хэлтэрхий надад даруу зан бага ч атугай байх учиртайсан. Гэтэл тиймгүй ажээ. Мэдэх тутам мэдэмхийрч, чадах тутам чалчих нь улам л ихсэх юм.

Заримдаа ч даруухан дөлгөөхөн юм шиг байдаг үе бий. Гэвч тэр нь даруу дөлгөөн зан биш үнэхээр үг олдохгүй, толгой ажиллахгүй болоод дуугүй царайлж ноомой байгаа явдал юм. Yүнийг нэг үгээр дүйнгэ, маанаг, тэнэг гэх мэтээр нэрлүүштэй. Ингэхлээр би ер нь маанаг, чалчаа гэсэн хоёрхон дүртэй явсаар өнөөг хүрсэн юм шиг байх юм…

Одоо арай өөр өнцгөөс харъя.

Эрдэмт хүн даруу гэдэг…
Өөрийгөө эрдэмт хүн биш гэж бодвоос эрдмийг үзэхийг хүснэ. Хэрэв өөрийгөө нэгэнт эрдэмт хүмүүн болов гэж бодвол даруу зан гаргах учиртай биш үү. Даруу занг үлгэрлэх нь биеэ эрдэмт хүмүүн билээ гэж бодсонтой адил хэрэг бус уу.

Иймийн тул миний даруу зан гаргадаггүй нь эрдэмийг хангалттай сурсан гэж өөрийгөө боддоггүйн учир буюу. Даруу зант хүмүүний дүрд хувилахыг яарах бус даруу зан далдлавч далдайх, булавч бултайх хүртэл буюу халин бялхтал нь эрдэмд шамдах нь зөв хэрэг юм болов уу?
Ингээд бодохоор жинхэнэ даруу хүн болвоос эрдэмт хүн. Даруу хүнийг тоглохыг хичээгч нь эрдэмт хүмүүн биш болюу.

Ус бага атал дөлгөөхөн урсах гэх нь горхины явдал биш билээ.
Ухаан бага атал даруухан загнах гэх нь миний явдал биш билээ.

Даруу зан гаргадаггүйг минь өршөө.
Бардамналыг минь баясан өхөөрдөж мэргэн сургаалиа айлдаж байгтун. Танидаг болон удалгүй танидаг болох хүмүүсээ.

…Бардамнах ину. :-)

Ихэрхэж хийрхэх нь идэр насны цог золбоо билээ...

4 comments:

  1. Erdemt hun daruu getel amerikt bol daruu baih n' sul doroin shinj bolchih geed baih yumaa. End bolohoor chadaltai hun ooriigoo reklamdaj, itgel unemshiltei yarij chadna gedeg ch yumuu. Uran panaaltai baih sain chanart toocogdood baih shig.

    ReplyDelete
  2. Даруу зан гаргах гээч тогтсон нэг загварыг хэлбэрдэх биш гэж боддог л доо. Энэ бол бас нарийн урлаг шахуу зүйл юм болов уу л. Илэрхий бардамнаж байгаа боловч байгаа цаана нь эрхэмсэг даруу зан байгаатай ч таарж байсан. Өөрийнхөө сайн талыг үгүйсгэдэг эгэл мохоо соц-даруу зантай ч учирж байсан :P

    ReplyDelete
  3. Хэхэ соц-даруу гэнээ хог гэж нтр

    ReplyDelete
  4. Ус бага атал дөлгөөхөн урсах гэх нь горхины явдал биш билээ.
    Ухаан бага атал даруухан загнах гэх нь миний явдал биш билээ.
    ..... taalagdaw

    ReplyDelete