Пост модерн Ромео Жульета

Шекспирийн алдарт "Ромео Жульета 2"-г пост модерн маягаар бичиж үзвэл ямархуу маягийн юм болох бол? Магадгүй пост модерн сэтгэлгээнээс Ромео Жульета гарч ирэхгүй ч байж болох юм. Ямар ч гэсэн гол санаан дээр нь шүлгийн бичлэгийн хэв загварыг нь өөрчлөөд үзье...

Мэдээж бүх хэсгийг нь бичихгүй. Зарим нэг хэсгийг нь өөрчлөх гэж оролдох нь:

Эмийн санч Ромеод хор өгөхдөө хэлдэг үг:
...Амьдралаас уйдсан гэнэ ээ?
Амьдралын уйтгарыг өгөөч гэнэ ээ?
Амрагийнхаа араас явна гэнэ ээ?
Араас нь тэгээд яаж явна гэж?...
Амраг чинь тэгээд хаа зүг одов?
Амраг чинь үхэл зүг одож гэнэ ээ?

...Үхэхийг сонгож гэнэ ээ?
Үхэхийг сонгодог гэж үү?
Май энэ хор.
Магад чамд эрдэнэ мэт байх...

Хороо уучихаад Ромеогийн хэлсэн үг:
...Үхлийг хүлээж мэндэлчихээд
Өнөөдөр л би хүрж байна.
Үхэхээс амжиж амссан янаг хайр ч юм уу?
Янаг хайрандаа халуурсан үхэл ч юм уу?
Хайр ч юм уу?
Үхэл ч юм уу?
Яасан тансаг мэдрэмж вэ?
Яг л ингэж төгсөх байж энэ амьдрал...

Эмийн санч шударга үнэнч бас хатуу хүн байж.
Эд эсээр минь нэвчих хорны нь яарууг ээ?
Зориг гарган хор өгсөн сэтгэлийг нь хүндэлж
Зовиурыг тэсэн үхлийг амар хүлээе...
Ийм л хатуу хүмүүс амьдралын төлөө тэмцэж
Эргээд үхлийг ч бас бэлэглэж чадаж байна...

...Яагаад үхэл гунигтай байна?
Яагаад би харамсаж байна?
Хайргүй хүүхнийхээ араас үхэв үү?
Хайртай хүүхэн минь үхээгүй байв уу?
Үнэнийг мэдэж чадахгүй юм шиг байна...
Үхэж л тэр үнэнийг нь тэмтрэе...


Жульетагийн хорын үйлчлэл дуусаж сэрэнгүүтээ Ромеог хараад өгүүлрүүн:
...Чи бидэн хоёрыг учруулсан шийдмэг зан чинь
Чи бидэн хоёрыг эргээд хагацуулах нь энэ үү?
...Ганцаардлын харанхуй бүчихээс өмнө
Ганцхан удаа зориглоод чам руу үсэрлээ...


гэж хэлээд Ромеогийн хутгыг аван өөрийгөө бүлэв. Бүлчихээд хэлрүүн:
Тэнэг охин ухаажив.
Тэгээд бүхнийг гэнэт ойлгов.
Дурлалын оргил үхэл шиг юм.
Дусалж байгаа энэ цус шиг юм.
Оргилон олгойдох эрч шиг нь юм.
Одоо цагийн харуусал шиг юм.
Хонгор минь би чамд хайртай.
Хоёулаа маргааш гэж байдаг бол тэнд уулзая...

...Маргааш болоход би чамд хайртай гэж хэлэхгүй
Маргааш болоход би чамд хайртай гэж хэлэх шаардлагагүй...

...Ромео - Чи миний гунигийн шалтгаан
Ромео - Чи миний үхлийн шалтгаан
Ромео - Чи миний маргаашийн шалтгаан
Ромео - Чи миний бүхний шалтгаан...

5 comments:

  1. Нэг юм нэмчихье. Ромео үхэхийнхээ өмнө хор уусан лонхоо гараасаа алдсан гэнэ. Тэгээд тэр лонх руугаа хараад яг үхэхийнхээ өмнө:
    "Хорны хоосон лонх хайраар дүүрэн" гэж хэлсэн гэнэ... :P

    ReplyDelete
  2. Би энэ жүжгийг нь үзсэнээс биш зохиолыг нь уншиж үзээгүй л дээ. Тийм ч гэсэн үнэхээр гоё болж гэж л хэлэх гэсэн юм.

    ReplyDelete
  3. хэхэхэ. Сүүлд нэмсэн чинь харин гоё болж :)

    ReplyDelete
  4. Musicfan-д: Баярлалаа.

    Арима-д: Сүүлд нэмсэнийг уг нь ч анх бичиж байхдаа л бичих гэж байсан л даа. Даанч Галсансүх найрагчийн "Шар айрагны хоосон лонх уйтгараар" дүүрэн гэдгийг улайм цайм хуулбарлачихсан болохоор сэтгэгдэлд оруулсан юм :D

    ReplyDelete