Мэдрэмж тээвэрлэх

Огт мэдэхгүй дууг анх удаагаа сонсох гээд сонгож авна. Чихэвчээр сонсвол ер нь дээр. Дууг нь маш чангаар тавьчихаад дахин дахин сонсохдоо тэр дуугаар дамжин над руу орж байгаа бүх зүйлийг нь ховх сорон өөрийнхөө дотор үлдээхээр тэмүүлэнгээ тэмүүлэлээ хэзээ ч төгөлдөр болохгүйд харамсан тачааданхан сонссоор ухаан балартах юм уу эргэцүүлэн бодох ямар ч тэнхээгүй болсон үедээ чихэвчээ салгах хэрэгтэй. Тэр дуунд өнөөдрийн гэгдэх бүх л зүйлийг шингээхийг чармайлаа...

Тэгээд тэр дуугаа хаана нэг газар хадгалчих юм уу өөр лүүгээ тодорхой хугацаа заагаад шуудан, захиа, e-mail, тээврийн хэрэгслээр явуулчихна. Тэгээд тэр дуугаа сонсохгүй байвал зүгээр. Бүүр хожим өнөөдрөөс шал өөр өдөр чи шал өөр болчихсон шал өөр мэдрэмж, үнэлэмж, эргэцүүлэл дунд хутгалдан байхдаа тэр дуугаа санамсаргүй олох юм уу өнгөрсөнөөс чинь илгээсэн илгээмжээ аваад тэр дуугаа сонсох үедээ чи хичнээн өөрчлөгдсөн байсан ч өнөөдрийг чамд авчрах болно тэр дуу.
Юу билээ энэ чинь? Мэдэхгүй хэрнээ нэг л танил юм шиг дуу байх чинь... Энэ дууг сонсож байсан өдөр тийм өдөр байсан. Тэр өдөр би тийм байсан... Тийм юм мөрөөдөж, тийм юм хүсэж, тийм юм руу зорьж явсан байх нь. Тэр өдөр би хүчтэй байсан. Тэр өдрийн хүч өнөөдөр надад ирж байна... Тэр өдөр, тэр өдөр, тэр өдөр би, би... Би л хүртэж чадах тэр өдрөөс ирсэн илгээмж...

Тэр дуу чамайг гайхшруулж, уйлуулж, уурлуулж, эрс шийдвэр гаргуулж, гэрээсээ гаралгүй хэд ч хамаагүй хонуулж, эсвэл хаа нэг тийшээ хар хурдаараа гүйхэд ч хүргэж мэднэ. Ер нь яахыг би лав таашгүй. Таашгүй тусмаа тансаг. Тансаг байхын учир нь хаа холын цаг хугацааны мэдрэмж тээвэрлэгдэн ирсэнд байх болов уу...

3 comments:

  1. Ухаан балартаж тачаатталаа нэг дууг сонсож байсангүй. Харин ямар нэг сэтгэл хөдөлгөсөн онцлог үед эгшиглэж байсан дууг сонсоход тэр үйл явдал амилаад ирэх шиг болдог.

    ReplyDelete
  2. Өө бүткүү бүткүү. Над шиг ой муутай хүнүүс нь тэгээд яаж тээвэрлэхийн. Тээхнэг л ашиглана биз дээ гсн.. лол

    ReplyDelete
  3. Ganga: Өө харин наад тохиолдолыг чинь л аргачлал болгох гэж л оролдсон юм

    Сумьяа: Энэ чинь техник байхгүй юу. Багаж ашиглах гэж байгаа бол дэмий дээ л гэж хэлье. Болдоггүй юм байна лээ...

    ReplyDelete