РЖШ3 - Тохуурхал

Мань мэтийн жаалуудын зохиол бүтээл оролдох хүсэл, туурвин хатуужих зовлонгийн нь өмнө юу ч эс болон хэмхрэх мэт аж. Хэдүй энэ мэт суу билгээр дорой авч хэнүүс ч гээд ов залийг гаргаад биесээ зугаацуулаад дөнгөх жам энүүгээр нэг бүлгээ.

Иймэрхүү зугааг энд ядмаглаад, ядмагхан ч гэсэн яаж ийгээд дүйх мэт байгаагаар нь биесээ зугаацуулах гэх нь, үлгэрлэвээс үдшийн цагаар үлгэр ший ярьж биесээн зугаацуулах зуур элдэв зугаат явдал энэ тэрүүгээр өрнөчих мэтээр найдах лугаа болой. Өнөө үдшийн зугаагаар өөрийн зүгээс нэгэн элий сюжетийг хүүрнэн балайрсу. Балайрахын сацуу зарим газар нь зарим утгыг барим тавим тодруулан эгээ л дэргэдээс нь үзчихсэн мэт, эсвээс өөрөө тэр явдал дунд хутгалдан явсан мэт тодруулан алиатая.

Өмнөтгөн өгүүлэх нь: Нэгэнтээ "Sheakspeare in Love" хэмээх киног үзсэний догдлолоо дарж дийлээгүйн балгаар мөн иймшүү сюжет урлан үзэхийн хорхой язганан ассан билээ. Тийнхүү ассан хорхойсол минь мөнөө л дээр дурдсан чинь юу ч эс болон хэмхрэх заяатай ч ов залиар аргалан булхайлж, дутуу түүхий ч гэсэн та олонд хүргэн байгаа маань энэ буюу.

РЖШ3 - Тохуурхал

Нэгэн залуу авхай хөлөг онгоцны тавцан дээр нарлан сууна. Түүнээс нэлээн зайтай тавцан дээр хир хөлсөндөө дарагдсан залуу эр доош гулжийн суугаад үе үехэн олны нүдийг хариулан түүнтэй харц шидэлцэн байв.
Ийнхүү ширтсэн эрийн байр байдал нь цаанаа л нэг хайш яайш ба хэд хоногоор хоол, нойрыг тухтайгаар аваагүй ба чухам л араатанлаг сүр хүчээ сөхөн байж тэрхүү хүнд хүчир өдрүүдийг өчүүхэн ч шантрал цөхрөлгүйгээр ид бахтайгаар давж ирсэн нь эрийн сортоог нь ихээхэн нэмчихжээ. Тэр эр хэдий тийн хачин язгуур дорд дүртэй мэт боловч биений нь байдал болоод гар хурууны нь эвдрээгүйг үзвэл эрхгүй язгуур өндөртэйг илтгэнэ.
Тэгээд түүнийг харсаар байтал тун шалмагаар өвөр дээрх үүргэвчээ ухан цаас, модны нүүрс гаргаж ирэн ямар нэг юм бичиж дууссанаа жижиглэн эвхээд далд хийн дахиад л олны нүдийг хариулан бүсгүйг ширтэж эхлэв.

Энэ нь зөвхөн хагас өдрийн турш аялан тээвэрлэдэг далайн хөлөг онгоц аж. Хөлөг онгоц буух газраа ирэхэд үүссэн үймээнийг далимдуулан залуу түүнд дөхөж очоод "авхай та юм аа унагаачихсан бололтой" гээд нөгөө нугалж эвхсэн цаасаа гарт нь атгуулаад алга болов. Бүсгүй гэрийнхэнтэйгээ зэргэлдээ хот руу айлчлаад ирж явсан нь тэр байлаа. Гэртээ ирээд өрөөндөө ганцаар үлдэх мөчийг удаан хүлээсний эцэст өнөөх атгуулсан цаасыг нээж уншваас түүн дээр өмнө өгүүлж байсан "Уучлаарай" хэмээх гарчиг бүхий үгсийг бичсэн байв.

Хотод анх удаагаа ирсэн залуу маргааш нь гадуур гараад бүсгүйтэй дахин тааралдаад үнэхээр их гайхав. Бүсгүй түүн рүү инээмсэглэн зөрсөнийг нь ч гэсэн санахаас зүрхшээв.
"Юутай том хот билээ дээ энэ, юунд бас дахин тааралдав даа бид. Ай хувь заяа юутай тохуутай, хуурамч хүсэл минь юутай уран. Өчигдөр таашаасан бүсгүйтэй өчигдөртөө уулзахаар яарахыг азная гэдэг нь өнөөдөр уулзахаа мэдээд тэгсэн ч байж мэдэх юм. Янаг дурлалд ухаангүй шимтээд ямархан балагтай хутгалдсанаа мартаагүй л байлтай. Ядаж л дахиад хэдэн өдөр энэ тоглоомоос холхон байчихаж болохгүй байна уу" гэж өөртөө шивнэв.
Тэр өдөртөө хотоос гараад, эх газрын гүнрүү нэлээн яван хэдэн өдрийг ямар нэг юмны төлөө өнгөрөөсний дараа хотод дахин орж ирээд нэгэн орд харшийн ойр өнөөх бүсгүйтэй дахин тааралдав. Энэ удаа харилцан инээмсэглэн зөржээ.
"Хувь заяа надаар тохуурхаж байна. Эрээн мяраан үзэсгэлэнд хууртагдан татагдахгүй болсныг минь мэдээд элдэв хачин учралаар хууран уруу татаж байна намайг. Энэ хувь заяа" гэж бодов. Цааш явж байгаад тэсэлгүй эргэн харсанд бүсгүй мөн түүн рүү эргэн харсаар хажуугаар нь зөрсөн харшийн үүдээр явж оров. Хавьд нь байх тэрэгний хөтчөөс энэ бүсгүйг таних эсэхийг лавлаад баян Фиттоны ганц охин гэдгийг, мөн эднийд маргааш багт наадамтай тул хотын язгууртнууд болон залуу эрс, охидыг урьж байгаа гэдгийг мэдэж авав.

Учир нь үл олдох шинэ дурлалаасаа зугатах гэж аль байдгаараа сэтгэлийн галаа хөвчлөн хумиж цөхсөн залуу маргааш нь аятайхан хувцас өмсөн, ямар нэг баг олж аваад багт наадамд очив. Хэн ч танихгүй, хэнийг ч танихгүй түүнийг гол танхимд ороод удаа ч үгүй байтал нь нөгөөх бүсгүйн харц түүнийг аанай л олоод ирснийг анзаарав. Бүсгүй "хүссээр байгааг минь үзсээр байж, хүрээд ирчихгүй яадаг маанаг вэ" гэж бодон үе үехэн бусдын нүдийг хариулан түүн рүү харц шидсээр байлаа.

Удалгүй бүжиг эхлэхэд залуугийн шийдмэг зан оволзон, "Хувь заяа чи надаар үргэлжлүүлэн тохуурхсаар л байх уу? Тохуурхана тоглоно гэхэд арай ч ингэтлээ тоглохгүй байлгүй дээ. Тоглоом чинь энд хүрээд өндөрлөж л таараа даа" гэж бодоод бүжгэнд орж яван бүсгүйд ойртох мөчийг хүлээв. Тэр хоёрын золгон бүжих ээлж ирэхэд, ялимгүй ойртон духаараа жишүүлдэн харснаа эгцлэн тэгшлээд, гараа өргөн алгаа иллээд алганд нь нийлүүлэн бүжих зуураа:
"сонэт шүлэг бичиж өгье. охин биеээ өгөөч"
гээд хэлж орхив.

1 comment:

  1. yoh, lag tusuultsun unshij baisan chin tegej heleed baihdaa yadag bainaa, "сонэт шүлэг бичиж өгье. охин биеээ өгөөч" gene shu

    ReplyDelete