Аркис и Фаркис - 4

Ингэчихвэл даанч хялбардчих болов уу? эхэнд.


4-р бүлэг

Аркисыг очиход түүний бараанаар үүд хаалга нь нээгдэв. Баахан гайхсан Аркис юу ч гэсэн босгыг нь даван орлоо. Гэрт нь ороод гайхсан Фаркистай нүүр туллаа.

Ф -- Хаалга үүд хаалттай байсан биш үү? Хаагуур нь ороод ирэв чи?
А -- Үүд хаалга чинь өөрөө нээгдэж угтав... Үнэндээ би ч өөрөө гайхлаа.

Амар мэндээ мэдэлцсэний дараа, Аркис тун эв хавгүйгээр сэтгэлээ ойлгуулав.

Ф -- Өө өнөөг хүртэл үү. Чам мэтийн залуус над олноороо дурлаад, ээрэн тойрон бүлгээ. Тэд олноос юугаараа онцгойрно гэж найдан хүлээв чи?

Тэрхэн хооронд эх захгүй бөөн бодол Аркис дээр овоорон шамбаарав:
-- "Фаркис юунд ийн худал хэлэв? Зугтан зугтан явсаар эцэст нь эргээд энэ ааштай нүүр тулах шив дээ?",
-- "Хүсдэг, хүрээд ирнэ гэж хүлээдэг. Ирэхэд нь хичнээн бэлтгэлтэй байсан ч тулгамдчихдаг нь эмэгтэй хүний зан...",
-- "Болж болно л доо. Гэхдээ ингэж лав биш гэж халган хулчийна. Гэвч яаж ийж байгаад нэг юм болчихвол эвлэрэхэд хэзээний л бэлэн. Нэгэнт болчихсон юм чинь...",
-- "Яаж ийгээд ямар нэг юм болгож болно л доо. Хэрвээ тэгэх юм бол, ингэх юм бол. За яахав яаж ийгээд ямар нэг юм болгоно оо гэдэг чинь ямар нэгийг мэдсээр байж дутуу болгоно оо гэсэн үг. Тэр ямар нэг нь...",
-- "Хэдий тийм ч хайр дутуу бол бусад нь юу ч бүрэн байгаад дутуу л санагдана. Тэгэвч энэхүү дутуу санагдах чинь бүх дутуугийн эхлэл шүү дээ. Үүнийг юугаар ч нөхөн гүйцээж болохгүй.",
-- "Дутуугийн мэдрэмжтэйгээр өдөр хоногийг сэтгэл үргэлж дундуур өнгөрөөнө. Сэтгэл нь нэг л дүүрч өгөхгүй, амьдралаас элдвийг нэхнэ. Тэгэвч нэхэж байгаа нь хэзээ ч дундуурхан тэр сэтгэлийг нь дүүргэхгүйг мэдрэн гуниглана.",
-- "Би юу хийх вэ?",
-- "Юу ч хийгээд нэмэргүй болжээ. Фаркисын худал хэлсний учир энэ байх.",
-- "Баяртай Фаркис минь, уучлаарай намайгаа, хайр дүүрэн байж чадаагүйд минь."

А -- Бүгд олноор чамд дурлан байх билээ, бүгдийн адилаар чамд дурласан тул юуны онцгой над байх?
Хэлж дуусаад Аркис бодов: "Мөн өөрийгөө хууран аргадахад буюу нөгөө талаас дурласан хүн эрж хайвал, байхгүй зүйлийг ч олдог. Магадгүй би огт байхгүй итгэл найдварыг хүртэл олж хараад өөрийгөө зугаацуулан явсан байх нь..."
Бодсон боловч бодолд нь хүч байсангүй тул дотогшоогоо хашгичив:
"Ай итгэл найдвар чи үхэх болоогүй л байна уу?"
      . . .
А -- Тэгээд чи намайг хайрлаж байгаагүй гэж үү?
Ф -- Үгүй. (бүх зүйл өнгөрчээ гэж бодов)
А -- Бүүр хэсэгхэн ч гэсэн, жаахан ч болов хайрлаж байв уу тэгвэл? (шал дэмий асуулт гэж бодсон ч нэгэнт асуусан байв)
Ф -- Хэзээ ч, тийм ээ бүүр хэзээ ч, өчүүхэн ч байгаагүй. Мөн би чамайг хэзээ ч хайрлахгүй. Би чамд үнэхээр дургүй. Чиний энэ хайртай дуртай гэж дэмий гүйх чинь намайг бүүр зовоож гүйцээд байна. Чи бид хоёр маш их ялгаатай. Гэхдээ энэ ялгаа юу ч биш. Гол нь би чамд хайргүй.

"Энэ мэтийн үгийг хэлэх ч үнэхээр амаргүй дээ, иймд нь тулгасаныг бодвол энэ бүсгүйг үнэхээр залхаажээ" гэж бодоод зугатах мэт ухарлаа.

А -- Уучлаарай.

Аркис тэндээс арай ядан гарлаа. Түүнд өөрт нь хорвоо тэр аяараа найгаж байх шиг санагдана. Зөнгөөрөө гэрлүүгээ чиглэн явлаа. Гэхдээ гэрлүүгээ явж байгаагаа мэдэхгүй явлаа. Яваад л байлаа. Ямар ч итгэл найдваргүй тэр яваад л байлаа. Ямар ч итгэл найдвар үгүй, түүнийг ийшээ тийшээ явуулах ямар ч итгэл найдвар үгүй. Гэхдээ тэр яваад байлаа. Урьд түүгээр дүүрэн итгэл, найдвар байжээ. Бүхий л амьдралынхаа итгэл найдварыг бүсгүй хүнийг хайрлах хайр болгосон байсан бололтой юм. Тэгтэл тэрхүү хайр нь бүсгүйд ямар ч хайрын гэрэл болон тусдаггүй болж таарав. Гэрэл гэгээ унтарлаа. Өөрөөс нь жаахан ч гэрэл гардаг гэж боддог байсан бодол нь бас унтарлаа. Таг харанхуй. Таг харанхуй бас алга боллоо. Гэрэл ба харанхуй аль аль нь алга болов.

Түг түг...
Хэн нэгний алхаа дуулдах мэт болов. Алхах чимээ гэхэд даанч биш шиг. "Чихний ойр элдэв юм дүнгэнээд байна уу" гэж бодох гээд чадсангүй. Чихтэй холбоотой ямар нэг бодол төрсөн гэсэн баримжаа... Чих... Чихэн дээр нь түг түг... Чих биш байна... Гэхдээ л түг түг... Нар шингэж байгааг харлаа. Бас л түг түг... Газарт тэрийн хэвтлээ. Бас л түг түг... Өнөөх "түг түг"-ийг сонсох тэнхээгүй боллоо. Түг түг дотроос нь гарч байлаа. Түг түг түүнийг ниргэж байлаа.

Хэн нэгэн нь түүн дээр иржээ. Тийм нэг дулаахан хэрнээ сэрүүхэн ч юм шиг таатай зүйл түүнийг нөмрөн авав. Тэр зүйл түүнд хүрлээ. Тэр зүйл түүнийг тэвэрлээ. Тэр зүйл мэгшин уйллаа. Хайрлан уйллаа. Аркисыг хайрлан уйллаа. Тэр хэвтсээр л. Тэр ирсэн зүйл нь, түрүүний түг түг нь түүний зүрх байлаа.

Тэр яагаад түүний зүрх одоо л ирж байгааг ойлголоо. Гайхсангүй. Тэр үргэлж л зүрхээ гадна гээчихсэн юм шиг, тэр зүрх нь үргэлж жаахан зайтай байгаа юм шиг эрж хайдаг, тэгээд зүрхтэй болох гэж зүрх гуйн гуйн хүсдэг байснаа ойлголоо. Зүрх өөр цагт ирсэн бол таних ч үгүй байсан байх. Тиймээс одоо л ирж байгаа байх. Тэр удалгүй зүрх болж байлаа. Тэр одоо бүхий л биеэрээ зүрх болон лугшиж, бүхий л хорвоогийн зүрх болон лугшиж байлаа. Хорвоо тэр чигээрээ урсан тэр зүрхээр орж, тэр зүрхээр шахагдан гарна. Тэр зүрх цохилоход хорвоо эргэлдэн байлаа. Тэгээд цохилоод л байлаа. Тийм дээ тэр чинь одоо зүрх шүү дээ, цохилохоос өөр яах ч билээ дээ.

5 comments:

  1. хөөх, арай ч иймээр төсөөлөөгүй юмсан.

    ReplyDelete
  2. @Duurnee Яасан? :]

    @Anonymous Яая гэхэв дээ. Энэ зохиолын хувь заяа ийм л байсан юм :)

    ReplyDelete
  3. wow, huwi zayag uurchilj bolohgui gej u? yagaad zaawal tm baih yostoi gej?!

    ReplyDelete
  4. Аркист итгэл найдваргүй болсон мэт санагдаж байгаа нь надад их хүндээр туслаа л даа нтр :]

    ReplyDelete