Аркис и Фаркис - 2

Салгаад хасчихаж чадахгүй нь ээ илтээр

2-р бүлэг

Өөртөө тачаадна гэдэг бол угаасаа ямар ч утгагүй зүйл. Харин эл явдлыг утгатай болгож байгаа нь өөртөө тачаангуй чанар, өнөөг хүртэл тачаангуйг нь түрүүлэн олж хардаг байсан гоо сайхан, сайхан зүйл байгааг, өөрийгөө үгүйсгэн буруутгах биш, өөрийгөө сайн сайхан гэж итгэж хүлээн авч, удалгүй нэгэнт хүлээн авчихсаны дараа сайн сайхны тухай утга нь өөрөө тэмүүллээ алдан, ерөөсөө л хүлээн авч л байгаа бол тэр чинь сайханыг нь хадгалж, сэргээж байгаа болж таарч, өөрийгөө ингэж мэдэрч, өөрийгөө хайрлаж эхэлнэ. Өөрийгөө хайрын өмнө бага багаар ч гэсэн нээж өгнө.

Аркис голоос гарч ирээд голд дахин өөрийгөө харав. Өнөөх балагт тачаал үндэсээрээ ховхорчээ. Хамтад нь үрийг нь дахин цацчихаас болгоомжлох сэрэл мэдрэмж Аркист гүн хоногшив. Аркис нэгэн цагт ингээд л голд гарах лугаа адилаар Фаркисынхаа нүд рүү ширтэж байсан байх даа гэж бодов. Хэрвээ Фаркис анхлан мэдрэмж хүслээ сонсолгүй "хайртай юм чинь, хайртай" хэмээн тосон авсан бол эгээ л голд унах Нарцисс лугаа Фаркис, Аркис 2 гэнэн хайнгаар дурлалцаж, хэн хэнээсээ холдож чадамгүй ойртовч, цааш ойртон нягтрах арга мөн үгүйд худал үнэнээр ойртон холдож, олон дахин ингэсээр биесээ химлэж эндээх байсан биз гэж бодохуйд Фаркисынхаа хайрынхаа төлөөх зөн ухаант, чанд хатуу сэтгэлийг Аркис бишрэн ухаарав.

Аркис санаашран хэвтээд тэнгэр ширтэв. Тэнгэрээр нэг үүл байх тул тэдгээрийг ажиж эхлэв. Түүнд багад нь хэн ч юм зааж өгсөнчлөн үүлэн дундаас элдэв юмсын хэлбэрийг олон тоглох гэв. Гэвч энэ удаад тийм ийм гээд юутай ч адилтгачихмаар үүлний хэлбэр үзэгдсэнгүй. Өчүүхэн цухал төрөв. Хүчлэн хайх гэв. Тэгснээ гэнэтхэн чангаар хашгиран инээв. Хаха. Инээд алдан бодолхийлэв. Би ямар тэнэг вэ, үргэлжид л үүл харах болгондоо өөрөө ч мэдэлгүй, өөрийн мэдрэлгүй ямар нэг хэлбэр хайдаг болчихсон байна шүү дээ. Үүлний хэлбэр хараачилсаар үүлийг үүл чигээр хараагүй их уджээ. Хаха. Уджээ гэчихжээ. Харж байгаагүй ч юм бил үү. Аркис үүл харав. Бараг анх удаагаа алсын уудамд хөвөх амгалан үүлийг харав.

Тийнхүү явсаар хотдоо эргэн ирээд Фаркисын сураг байх магад гээд салхины исгэрээг чагнав. Фаркис хотод алга байв. Хаа нэг тийшээ явжээ. Араас нь зүглэх үү яах уу? Хэрхэх вэ, салхи минь. Зүг зааж өгөх үү, чи надад? Салхи чимээгүй л байв. Хэр удахыг нь мэдэхгүй ч хүлээе гэж бодов.
Аркис аялан тэнэж нэлээд хугацааг барсан тул аж ахуйгаа жаахан өөд татах хэрэгтэй болов. Тэгээд ахуй амьдралынхаа аар саар явдлыг болгон, ажил эрдэмд шамдан өдөр хоногийг өнгөрөөн байлаа. Тэгээд нэгэн өдөр салхины исгэрээ өөр болоход Фаркис ойрхон хагас өдрийн зайтай хотод суурьшаад багагүй удсаныг мэджээ.

Фаркис дээрээ очих уу байх уу. Оч гэж чи надад шивнэв үү дээ салхи минь. Тэглээ ч гэсэн хэрхэн очих вэ би...

Очихоор бодоход очсоны хойно, ухааных нь саадыг гатлан, зүрхэнд нь хүрэх хэрэгтэй. Гатлан эс чадваас.., гатлан чадах юм байна аа би. Гагцхүү зүрхэнд нь хүрэхдээ бохир, болхиор хүрч бохирдуулж, гэмтээж болохгүй. Тийм нямбай, тийм ариун байх учиртай. Тэгэвч би чадахааргүй харагдаж байна. Би чадахгүй байх. Арай л болоогүй байна. Ядаж л би чинь өөрийгөө гэмтээхгүй, өөрийгөө зүв зүгээр байж байгаад өөрөө гутаачихгүй мөрөөрөө байж сурсан бил үү? Суралцаж л явна даа... Тийм ээ би арай л болоогүй байна. Ер нь тэгэхдээ хэзээ болно гэж хүлээх вэ? Хэзээ ч болохгүй ч юм бил үү? Ямартаа ч тэр болтол очихгүй ээ. Би айж байна...

Би хийхгүй, хүрэхгүй юм байна. Би зүгээр л байж байх юм байна. Хайр хийх юм байна. Хайр бүгдийн өмнөөс хийх юм байна. Бид хайранд л хүрэх юм байна, хайрын тэнгис давалгаа хаана хүргэхээ өөрөө мэдэх юм байна. Харин хайрандаа биднээр юуг ч хийлгэсэн үл саад болох л чухал. Хайрыг тосон авахад ухаан хэрэггүй ээ, тэгэвч хайрыг хүлээн авах зам дах саадыг арилгахад ухаан хэрэгтэй. Хайрлахад гэнэн ухаангүй хэрнээ, ухаалаг байх хэрэгтэйн учир энэ байх. Тиймдээ ч хайрыг тосон авах бэлтгэл болгон, дурлахдаан бид ухаанаа түр гээдэг юм болов уу...

Тийм ээ би очно оо чамдаа. Фаркис минь. Байз! Би бэлэн болжээ. Гэвч Фаркис маань бэлэн биш ч юм бил үү. Тиймээс лав шуудхан очих хэрэггүй байх. Ямартаа ч салхи чи дуулга! Очиж явааг минь түүнд минь дуулга. Ямар ч гэсэн би очно оо. Бидний хоёр эргийн хооронд гол байсан ч, хуурай сайр байсан ч гатлан очно. Гэхдээ хуурай сайр байвал бүүр сайн шүү дээ.

4 comments:

  1. Онгод хязгаар минь өршөө намайгаа, олигтой болтол нь хүлээж, хүлээлгэж тэссэнгүй. Нийтэлж л орхилоо :D

    ReplyDelete
  2. хэхэ сайхан байлаа үнэхээр гоё байсан :D хмм

    ReplyDelete
  3. gaihaltai, oligtoi bolgoh gj huleeh hereggui baijee,

    ReplyDelete
  4. @Duurnee, @Anonymous баярлалаа :)

    ReplyDelete