РЖШ3 - Төгсгөсөн нь

Хожим дуулахнээ, амраг хоёр маань зорьсон газраа саадгүй хүрсэн ба, Шекспир ч далайчин анд нартайгаа салах ёсыг гүйцэтгээд, тэндээ суурьшин, театрт шургалан эхний хэдэн жил элдвийн юм хийн аргацааж байгаад хожмоо зохиолч, жүжигчин, найруулагч болсон боловч, ажилдаа хэт их дур өгч шамдан өдөр шөнийн ялгааг умартах шахан явсаар Жульетаг нэгмөсөн уйдаажээ. Мөн энэ хооронд уйдсан Жульета Лондонгийн нэгэн язгууртан хархүүгийн толгойг эргүүлэн амжиж түүнтэйгээ гэрлэх болов.

Харин үүнийг мэдсэн Шекспир "сайхан учирсансан, сайхан салбал юутай сайхан" гэж эелдэглэн сэтгэлээ тэвчээд, Жульетагийн хуучин нэрийн дурсгал болгон "Ромео Жульета хоёр" хэмээх нэгэн сайхан бүтээлийг тайзнаа зохиомжлон тавьжээ. Жүжиг тавигдтал учралгүй байсан хоёр уулзмагцаа уучлалын тухай үг уралдан өчилцөж дахин амраглан жаргах болсныг мөн дурдая.

Тэрхүү "Ромео Жульета 2" хэмээх алдарт эмгэнэлт жүжгийн зориулагдсан эзэн нь болох Жульета нь өөрөө үзэхдээ жүжгийн турш инээчихгээд, инээдээ дарж ядан үздэг бөгөөд Ромеогийн чинжаалыг Жульета өөртөө дүрдэг хэсэг дээр бүр байж яддаг бөгөөд "амраг" Шекспирийнхээ уран залийг түмэнтээ бахдаж эхэр татан инээдэг байна.
Тийнхүү дахин дахин нууцаар амраглах болсон Жульета Шекспир хоёр дур хүслийн нар нь жаргатал, тачаалын тэнгэр дороо амьдын жаргалаа тоонд нь дөхүүлэн эдэлсэн болой.

Төгсгөн өгүүлэхэд Жульета Лондонд үлдэж, Шекспир бүхний мэдэхээр Стратфорд дахь гэр лүүгээ, эхнэр лүүгээ, амар тайван үхэл рүүгээ сэтгэл хангалуунаар буцсан билээ.

Төгсгөл

Зээ хүсэх мэт сайхан авхай нар минь. Урт чилээт, ур дүй муут яриаг минь хүлцэн сонссонд гялайн, мэлтийе ээ. Өгүүлэн нуршсан маань үнэндээ:
"Ромео Жульетта-д хайртай. Гэвч Жульетта Шекспирт хайртай. Бас нөгөөтэйгүүр Жульетта йыбөйыө явдалтай байсан тул сайн нэр зүүхээргүй байв. Сайн нэрийг Ромеод дурлаж олж авах байлаа. Харин Шекспир Жульетта, Ромео 2-ыг хамтад нь үхүүлсэн гэж зарлан Жульеттагийн нэр төрийг цагаатгаад Жульеттатай янаглан амраглана. Ромео бол Жульета, Шекспир 2-ын амраглал бас нэр төрийн золиос..." гэсэн хэдхэн үг юм шүү дээ. Аан тийм бас нэмэх нь:
"Гэвч Жульета, Шекспир хоёр Ромеог үхсэн гэж эндүүрч байжээ..."
За за балай далий маазраа маань газар авсангүй. Та бүхний мэргэн ухаан аль хэдийн мэдчихэж. Мэдээж энэхүү зугаа наргиа маань шоу роман, савангийн хөөсөн дуурь биш тул тэгэж Ромеог яаж ийгээд амилуулан үргэлжлэхгүй билээ. Хүлцэн сонссонд дахин талархая.

5 comments:

  1. би бас ёоолчий. үнэндээ. өдөр бүр унших гэж асар их тэсвэр тэвчээрийг өөрөөсөө шаарддаг байлаа. эцэст нь хэлэхэд сонирхолтой байлаа.

    ReplyDelete
  2. урт байлаа шүү, яаж дуусахыг нь хүлээсэн өдрүүд, хэ хэ

    ReplyDelete
  3. wow, Romiyo amilsan bol yu boloh bol...

    ReplyDelete
  4. @Dao, @Anon (1nd) хэхэ. баярлалаа.
    @Anon (2nd): Тэгвэл савангийн дуурь болчих байх аа даа :D

    ReplyDelete