РЖШ3 - Үнэний яруу найраг

Жульета хариуд нь юу ч хэлэлгүй суусаар байлаа. Тэгэж тэгэж ямар нэг юмнаас халгаж булзсан байртай сууж байсан Жульетаг тодхон сонсогдох гутлын чимээ цочоов. Өрлөг эх бололтой. Гэхдээ ганцаараа лав биш нь тодорхой байв. Тэр даруй Жульета хаалгаа түгжээд Шекспирийг хувцасныхаа шүүгээнд нүцгэнээр нь нуугаад араас нь хувцаснуудыг нь хамж өгөөд яг хаагаад эргэтэл хаалгыг нь тогшив. Тэрхүү өрлөг эхтэй хамт ирсэн хүн бол Ромео юм. Өрлөг эх Ромеог ирсэн талаар дуулгаад буцав. Жульета сэжиг авхуулалгүйхэн шиг хувцас хунартаа анхаармар болоод хаалгаа нээлээ.


Дэгжин гоёмсгоор хувцаслан зассан боловч зэгсэн халамцуу, дээр нь догдолж бэргэсэн залуу Ромео Кэнт хаалгаар орж ирлээ. Жульетийн өрөөнд анх удаа орж ирж байгаа биш нь илэрхий байв. Тэгээд шуудхан тэврэн нялуураад "Хайрт минь, чи минь, хамаг ариун нандин бүхний биелэл цогцлол минь. Би чамдаа хайртай, би чамайгаа үхэн үхтлээ хайрлана. Үүнд итгэ, үүрд бид хамт байна. Хэзээ ч чамайгаа ганцаардан уйтгарлуулахгүй. Тэгснээс би тэнгист биеээ үйж үхсэн нь дээр биз" гэхчилэнгийн юм яриад ухасхийн үнсээд "ёслол эхэлтэл түр хагацах болох нь, тэр болтол хүлээж үл тэснэм, тэгэвч би тэсэшгүйг тэсэж чамайгаа хүлээнэм" гэж хэлээд яаран гарав.

Үүнийг үзсэн Шекспирт Жульета сүйн тухай өнөөдөр сонссон биш, өмнө нь ч гэсэн мэдэж байсан, Ромеотой ч гэсэн хэдий нь сүрхий дотно болж амжсан байх нь гэж хар буужээ.

Ромеог гарсны хойно Жульета өрөөгөө түгжээд Шекспирийг суллан гаргахад Шекспир Жульетаг элдэв юм яричихаас нь урьтан:
"Хайртай, хайртай, хайртай. Чамайгаа хайрласан хайр минь байж л байвал би чамайгаа хайрлаж л байна. Чамайг хайрласан хайр минь хаа нэг газраасаа сэвтэж эхлээд үгүй болчихвол чамайгаа би явуулж л орхино, сэв зунгагт тэр намгаас явуулж л орхино, чамаасаа ч гэсэн би өөрөө холдоно. Тэр цаг ирэхвий гэж бүү ай. Ирвэл ирэг. Ирэх өдөр нь инээмсэглэн салъя. Би чинийхээ ёроолгүй, ёзоор бариулгүй, тэвчишгүй хүсэшгүй ганцаардал, уйтгарт чинь тавьсан цэг биш юм аа гэхэд таслал нь болон байя. Би түр байя. Магадгүй үүрдийн ганцаардалтай чинь үхэл учруултал би түр байя. Өнөөдөр ямар ч гойд өдөр биш. Ганцаардлаасаа ингээд л салж байгаа өдөр гэж бүү бод. Үүнээс хойш ч гэсэн чи ганцаардалтайгаа учрах л байх. Ганцхан ялгаа нь ганцаардалтайгаа нүүр тулан учрах итгэл зоригийн үрийг зүрхэнд чинь би гүн дүрж суулгах өдөр" гэж хэлж дуусаад хувцсаа яаран өмсөөд гарахыг завдав.

Жульета араас нь ухасхийн гараас нь зууран үлдээв. "Тэр одоо ингээд явчихвал хэзээ ч эргэж ирэхгүй" гэж санагджээ.
Ж -- Ээх. Чи минь, амраг минь, юутай сэтгэл хөдлөм юм бэ. Сэтгэлийн минь дэнсийг нэгмөсөн сэгсчүүлэн савчия гэж санав уу чи. Эхнэртэй гэргийтэй. Түүн дээрээ аль нэгэн өдөр очно гэдгийг чинь бодоод сэтгэл бүрнээ хөнгөрчихлөө. Юутай шулуухан үнэнч өчил вэ. Юу ярисан бүхэнд чинь би итгэнэ. Тэгэвч чин сэтгэлээсээ, чивэлт хүслээ дэлгээд нэгэн зүйлийг хүсэж болох уу чамаас. (чамаасаа)
Ж -- Хэзээ бид салж хагацахыг мэдэхгүй ч тэр мөч иртэл яг л үүн шигээ өнөөдрийнх шигээ үнэнч байж чадах уу чи надад.
Ж -- Тийм ээ үнэнч байж чадах уу чи надад, үнэнээр нь өөрийнхөө сэтгэлийг дэлгэж байж чадах уу чи надад. Үнэнч байна аа гэдэг чинь шударга байна аа гэсэн үг шүү дээ. Зөвхөн намайг л хайрлаад, намайг л хүсээд байхын нэр биш. Юу хүсэж байгаагаа юуг нь ч гэсэн нуулгүй надад хэлж чадах уу чи. Хэлмээргүй бол хэлмээргүйгээ ч гэсэн хэлчихэж чадах уу чи...
Ж -- "Яав? Ийв?" гэж асуун шалгаахад минь "Ийв! Яав!" гэж эрс үнэнчээр өчиж чадах уу чи наддаа.
Ж -- Яруу найраг хуурмаг ч байж болдгийг би мэднэ. Яаж ийж байгаад итгүүлчихдэг гоо (яруу) сайхан шүү дээ. Үргэлжид үнэний яруу найргийг өгүүлж чадах уу чи надад? үүнийг л чамаас би гуйж байна...

Ш -- Гоо үзэсгэлэнг хэтийдэн магтаж хэрэг дээрээ ямар ч нийцгүй зүйлстэй зүйрлэн хэлж тайз, лангуунаа худалдахад өндөр үнэ хүрдэг билээ. Тайз, лангууны үнэт явдлыг биш, задгай үнэн хүслийнхээ явдлыг, чамдаа би хөгтэй ч бай, хөггүй ч бай хүүрнэн хэлсээр байх болно. Чи итгэхгүй бол би чамайг ятгахгүй.
Ж -- Би яахин итгэхгүй байж чадах билээ. Үнэний өнгийг, үнэрийг шүүх эрх надад бий бил үү. Би юу хэлсэнд чинь гэнэн тэнэгээр ч хамаагүй итгэнэ. Тэгээд нэгийг асууя. Юу ч хэлсэн би итгэнэ.
Ж -- Юу ч болсон, юу ч бодогдсон, ядаж дахиад нэг удаа надтай уулзана гэж хэлээч. Амлах хэрэггүй, зүгээр л хэлчихэд болно.
Ш -- Тэгэлгүй яахав, би хаана хэзээ уулзахаа хүн явуулж хэлэх болно. Тэр хүн өөрийгөө Тибалт гэж нэрлэг.
Тэгээд Шекспир гарч оджээ.

No comments:

Post a Comment