РЖШ3 - Жульетагийн тухай

Жульетагийнх тэр хавьдаа л нэртэй язгууртан айл бөгөөд эцэг нь залуу цагтаа дайн тулааны үеээр Ромеогийн эцэгтэй сүрхий дотносон нөхөрлөж хэд хэдэн удаа нэг нэгнийхээ амийг аварч байсан аж. Дайны дараа тэр 2 эр ярилцан тэдний Жульетаг нас гүйцэх үед нь Ромеод гэргий болгон өгсү гэж тохирч гэргий нартаа зөвшөөрүүлжээ. Олон үгтэй эцэг нь архины халуунаар нэгэн удаа Ромеод Жульетаг гэргий болгохоор эцэг эхүүд нь зөвшөөрсөн тухай ам алдчихжээ. Үүнийг дуулсан Ромео Жульетаг багаас нь харан явсаар бүрмөсөн сэтгэл алдраад, хайрлаж явсан Позалина мэтийн бүсгүйгээ хүртэл тоохоо болин, удалгүй аль байдгаа дайчлан өөрийгөө хүлж баглан тогтоодог дээрээ тулчихаад шаналж гүйцжээ.

Жульетагийн хувьд бол эрүүл чийрэг, цовоо ухаантай, гярхай нямбай охин болон өсөж байх зууртаа зориг зүрх гарган хамт хичээлд суудаг харц жаалтай дотносон дурлалцан байсан боловч эцэг нь мэдээд түүнийг тас хориглон элдэв арга хэрэглэн мөнөөх жаалыг гэрээр нь өөр нэг тийш одуулжээ. Үүнд гомдож туньсан Жульета хэдэнтээ уйлан гашуудсан боловч эцэстээ гашуудахаа зогсоон эцэгтээ хорсон дургүйлхсэнийх, мөн элдвийн дур ихтэй тул самбаачлан 2 эртэй (нэг нь тэдний хотод тогтмол ирдэг нэг худалдаачин, нөгөөх нь түлээ бэлтгэгч хүдэр эр) нэгэн зэрэг амраглан явах болов. Түүний тийм явдлыг тэрхүү 2 эр нь болоод бусад хэн ч гээд гадарлаж чадахааргүй тийм нарийн сайхан тохируулан тавьжээ.

Угтаа хэдий ийм ч гэсэн Жульета Ромеогийн өөрт нь сэтгэлийн тал хэсгээ алдаад удаж байгааг мэддэг байжээ. Гэвч мэдлээ гээд ямар нэг юм болсонгүй, болгосонгүй. Харин ч тэрхүү гал халуун дурлалдаа шатаж байгаа Ромеогийн өмнө ичимхий даруу хэрнээ гэнэн танхил охины дүрийг хэлбэрдэн сэтгэлийг нь элдвээр татавч өөртөө ойртуулахгүй хэрнээ мөн холдуулахгүй байж чадсаар уджээ. Ер нь бол Жульета Ромеотой нэгэн цагт гэрлэнэ, гэхдээ гэрлэтлээ, ядаж л гэрлэлтийн сураг гартал мөнөөх 2 эртэйгээ амраглан байхаар бодож байж.

Гэвч хожим нь Шекспиртэй учраад, мөнөөх хоёр эрээсээ бушуухан харьцаагаа таслахын түүс болчихжээ. Анхлан бүжиглэн уулзахдаа товлосон пүрэв гаригаас өмнө амжин өнөөх 2 эрээ юу юугүй хөөхийг нь хөөгөөд, худалаар хардахыг нь хардаад харилцаагаа таслахаар шийдэв. Бүдүүлэг түлээчин эрд өөрийнхөө тухай элдэв юм огт хэлэлгүй амраглан байсан тул түүнээс салахад амархан байлаа. Учир нь нөгөөх нь салж хагацах шалтгааных нь үгэнд үнэмшсэн үнэмшээгүй хамаагүй, зүгээр л уулзаж учирдаг газраа очихоо болчиход хангалттай юм. Харин худалдаачин эртэй пүрэв гарагаас өмнө учраа олж чадаагүй ба, басхүү юу юугүй бушуухан салчихаасаа сэрэмжлэн байжээ. Тэгээд Шекспиртэй амраг шөнийг өнгөрөөсний хойно сэтгэл шулуудан, заль гарган худалдаачин эрийг наргин цэнгэх үеээр нь өөр хүүхний урхинд тавьж өгөөд өөрөө тэр явдалтай нь санамсаргүй халз тааралдсан болсны хойно, худлаар баахан гуньж туниад нөгөөхөө өөрийг нь салахын түүс болгоод тун амраар саадгүй сайхан салжээ.

Өмнө нь олонтаа дурдсан Жульета гэгч бүсгүйн талаар дурдах хэрэгтэй боловч, хараахан дурдаж амжаагүй байсан бага сага намтаршуу юм нь энэ болой.

4 comments:

  1. хөөхь Жульетаг иймээр хэзээ ч төсөөлж байгаагүй шүүв Арай ч дээ...

    ReplyDelete
  2. Хэхэ. "Арай ч дээ" гэдэг чинь? Жульета арай ч дээ юу эсвэл Жульетагийн тухай ингэж бичдэг би арай ч дээ юу? :D

    ReplyDelete
  3. аан, ер нь бол Жульетагийн тухай ингэж бичсэн нь л ...хэхэ

    ReplyDelete
  4. Хахахаха Жульета чинь ийм хүн бсиймуу араачдээ хаха, өдий олон жил төөрөлдөж явсан надад үнэн мөнийг нь олоход тусалсан чамд гялайлаа хаха

    ReplyDelete