Олны Шекспир гэх нэрээр нь мэдэх тэр хүн 18-тайдаа гэрлэсэн боловч барагцаагаар 3 жилийн дараа гэрээсээ явж, удалгүй хатан хааны усан цэргийн флотод нэрээ худал мэдүүлэн (Томас Эдгар) элсчээ. Тийнхүү тэнгисийн усан цэрэг болсны хойнох нэгэн удаагийн далайн аянаар Ла-Маншийн хоолойн хавьд далайн дээрэмчидтэй халз тулж хөлөг нь сүйдээд мөн явж байсан хатан хааны шадар тайж барьцаалагдан үлдэж, ихэнх нөхөд нь алагдаад, хэдэн цэрэг жижиг завиар самбаачлан зугтаасан ба нэг аюулаас мултарсан боловч нөгөө аюулаас мултарч чадалгүй завь нь далайн давалгаанд цохигдон үйрчээ.
Ганцаар эрэг дээр үхлүүт хэвтэх түүнийг бараа бологчдийн хамтаар эзэмшил газраараа зугаалан явсан Францын нэгэн тайж олж, ордондоо авчраад юу ч гэсэн хэд хоног байг гээд ухаан ортол нь асарч сувилуулжээ. Ухаан орсны хойно ерөөс цэцэн сэргэлэн ба язгууртны ёс жаягийг дэгтэй сайхан үлгэрлэж, хэд гурван орны хэл бичгийн эрдэмд гойд нь илт мэдэгдсэн Томас тайжид таалагдаж ойр шадар хүнээр тодрон ордонд үлдэв.
Гэвч жил орчмын дараа мань эр өөр нэгэн сурвалжит язгууртны гэргийтэй учир ургуулсан боловч нөгөөх амраг хатагтай нь баахан зориг дутаж, эргэж хургасны улмаас ээлжит амрагийн учраан дээрээ баригдахад, бантсан Томас эвийг нь олоод хууль ёсны эрийг нь халз тулаанд дуудчихав. Омголон залуу ноён "урилгыг" нь дуртайяа хүлээн авч, 3 өдрийн дараа зайдуу газар халз тулахаар болоод, Томасыг хорионд хийв. Хайрт амрагаа, ханилсан нөхрийнхөө гарт алдах болсон хатагтайн сэтгэл сүрхий зовинон уймарсан боловч эцэстээ зориг шулуудан болзоот өдрөөс урьтаж шөнө дөлөөр Томасыг оргуулан явбаас араас нь цэргүүд нэхэн ирэхэд дөнгөж хөдөлж байсан нэгэн хөлөг онгоцонд амжиж шургуулан "үүрд дурсагдах хайрт минь үүрд баяртай" гэж хэлээд үджээ.
Энэ явдлаас болоод зүрх зориг нь үхэжсэн Томас нэг хэсэгтээ л элдэв амрагийн паянд хутгалдчихгүй юм шүү гэж бодохын сацуу "хулчгар хүнд бүү дурла" хэмээн тангараглачихаа шахжээ.
Яаран хүлцэл өчихөд: Түүнээс цааших хэсэг явдлын тухайд өгүүлэгч би бээр үнэхээр мэдэж чадсангүй. Гагцхүү өчнөөн сарын дараа өнөөх та бидний мэдэх байдлаар Жульетатай харц мөргөлдөн учирсны дараа л тэр эрийн элдэв явдал мэдэгдэм болж ирсэн билээ.
Галзуу хаха
ReplyDelete