Хадаг - сэтгэгдлийн үргэлжлэл

Хадаг киноны тухай сэтгэгдлээ үргэжлүүлье. Жаахан дэгсдүүлсэн байж магадгүй шүү. Эхлэл нь энд бий.

Баагий яагаад татаж унаад байдаг вэ? Орон зай, цаг хугацааны алсад байгаа аймшигт зүйлсийг мэдээд татдаг байх. Гэр нь үгүй болно гэдгийг киноны эхний хэсэг дээр урьдчилан мэдэж татдаг... Дараа нь татдаг хэсгүүд нь мөн л миний таамаглалыг батлана.

Баагий өөрийгөө хэн гэдгийг мэддэг. Харин удган мэддэггүй. Удган зүгээр л түүнийг амьд байлгах гээд л байдаг. Өвөө нь ч гэсэн мэддэггүй. Өвөө нь өнөөдрийн төлөө шаналж байхад Баагий маргаашийн төлөө уцаарлаж байдаг. Модны доор өвөөтэйгээ ярилцдаг хэсэг дээр...

Өвөлжөөн дээрээ өвс янзалж байгаад холоос машин ирж байгааг хардаг хэсгийн Баагийгийн харц нь цаанаа л гоё. Сүртэй шүү. Холыг харж байгаа нь мэдээж боловч ямар холыг харсан бэ? Хөврөх цагийн алсыг бараалж харж байгаа юм уу даа л гэж бодсон. Тэгээд шуудхан хайрт морио хээр тавихаар шийддэг. Тэгэхэд Баагий уйлдаг даа? Баагий балчиртаа, уйланхайдаа уйлаагүй юм аа. Ямар ирээдүй хүлээж байгааг мэдээд аргаа барахдаа уйлсан болов уу?

Нүүдэлчин ардын маань амьдралын хэмнэл хэрхэн киноны хэдхэн хоромд "мэс засалд" орж "нийгэмшиж" байгаа нь аймшигтай шүү. Хэнд ч гэсэн өөрийнх нь дассан өссөн амьдралынх нь хэвшил гэдэг эрхэм бас хагацашгүй байдаг. Гэтэл хагацашгүйгээсээ хагацаж төсөөлөөгүйгээрээ амьдархаар болж байгаа нь гунигтай. Энэ бүхнийг өөрчлөх ёстой. Харин хэн?

Одоо яаж амьдрах вэ гэж бүгд л бодсон байх. Баагий ч бодсон. Яаж энэ тарчлаант байдлаас гарах вэ гэж бодсон? Баагийг мотоциклээсээ буугаад "шинэ гэр"-рүүгээ орохоор явж байхад нь ертөнцийн эзэн бол энэ бүхнээс гарах гарц хэмээн нэгэн хүн ногоон алимаар далладаг. Ногоон алим гэдэг бол өрний бэлгэдэлд их л тааруухан зүйл дээ. Баагийд тэр гарц таалагдаагүй.

Баагий бол тэмцэгч. Түүнд бусдад байхгүй их эрдэм, хүч бий. Баагий өөрөө ч үүнийгээ мэддэг. Тэр тохиолдлоор тэмцэгчдийн ахлагчыг аварч тэдний дунд хутгалдан ордог. Тэмцлийн зам баатардаа тэмцэхэд нь тус болох амрагийг нь ч хайрладаг. Тэр амрагаа Баагий өөрөө аварч танилцсан. Баагий бол баатар! Ялахаа бас үхэхээ мэдэж байсан баатар. Ялах өдөрөө үхнэ. Үхэх өдрөө ялна гэдгээ мэдэж байсан. Түүнийг нь ч хамтран зүтгэгчид нь мэддэг. Мэддэг амраг нь гунигладаг уйлдаг байсан. Галсансүхийн "Хамгийн гунигтай шүлэг"-ийг кинонд бага зэрэг засвартайгаар уншдаг хэсэг дээр "Тэнгэр өөрөө өөрийнхөө үхэхийг хүлээнэ" гэж үнэхээр сүрлэг уншдаг. Энэ бол таамаглалын маань баталгаа, тайлал.

Баагий болоод хэдэн найз нь л хэзээ нэгэн цагт энэ бүхэн өөр болно гэдэгт итгэлтэй байдаг. Бусад хүмүүс бүгд цөхөрсөн байдаг. Галзуугийн эмнэлгийн гадаа байгаа хүмүүс бол яг үүнийг өгүүлж байгаа юм. Мал гэдэг бол тэдний итгэл найдвар. Тэдний амьдралыг гутаадаг хүмүүсээс амьдралынх нь хэвшил ялгаатайг илтгэсэн чухал зүйл. Тэрнээс малаа санаад уйлаад байгаа юм бол яг биш байх.

Удган түүнд ирээдүй тодорхой. Ирээдүй чинь ийм. Чи тэмцэх шаардлагагүй гэдэг зүйлийг л ойлгуулах гээд зориод байдаг. Харин Баагий удганд би үхнэ. Бас тэмцэнэ. Ирээдүй өөр байх учиртай гэдгийг ойлгуулах гэдэг. Энэ хэсгийг их гоёоор үзүүлсэн байдаг.
Баагий: Мал ойрхон байгаа би мэдэж байна. Одоо яваад аваад ирье.
Удган: Энд одоо гэж байхгүй.
Баагий: Тэгвэл энд ч гэж байхгүй.

Нүүдэлчдийн тэмцэгчид, адал явдлын баатруудад ямар нэг цол гуншин барагтай бол байдаггүй. Тэд зүгээр л хэн нэгэн Баагий байдаг. Эсвэл "Тэнгэр" гэх мэтийн гүн агуулгатай нэр л авдаг.

Киноны сүүл хэсгээр баахан хүн бужигнаад гүйлддэг хэсэг байдаг. Тэр хэсэг юун хэсэг вэ? Би их удаан бодсон. Хувьсгал гэж дүгнэсэн. Киног эхнээс нь үзэж байгаад тэр хэсгийг үзэх юм бол үнэхээрийн сонин зүйлийг мэдрэх болно. Үгээр өгүүлж чадахгүй нь. Хувьсгал л гэж хэлэхээс өөрийг чадахгүй нь. Тэр өдөр Баагий үхдэг. Үхэхийн нь өмнө бөөн хүн харж байдаг. Түмний өмнө тэмцлийн үзүүр дээр үхэж байгаа нь тэр. Үхлээс үсрэхээс нь хамгаалсан дүрийг эсгэж доогуур нь цагдаа, цэрэг сүрийг бадрааж байгаад дарж авах нь тэдний дархан мэх.

Тэгээд тэмцэгчид, нүүдэлчид Баагий ялсан. Ялсаныг нь яаж илтгэв? Киноны сүүлийн үзэгдэл дээр Баагийгийн өвөө Золзаяа (Баагийгийн амраг нь) хоёр тааралдахад өвөө нь амьдралынхаа хуучин хэмнэлээр амьдарж эхэлсэн байдалтай явж байдаг. Энэ бол үр дүн! Хоёр иргэншил хамтдаа тайван оршиж эхэлсэн.

Эцэст нь хэлэхэд нүүдэлчдийн иргэншил гэдэг байсан, байгаа, байна. Нүүдэлчдийн иргэншил - төв даруу иргэншил! Тайван айвуу иргэншил. Хааяа нэг хилэгнэхээрээ хэн гэдгээ үзүүлдэг. Иргэншил заавал бардам байх албагүй. Даруу нь ихэнхдээ бардамуудын амаар үгүйсгэгдэж байдаг. Иргэншил ч гэсэн...

За ингээд киноны үйл явдлын тухай дахь өөрийн бодлоор хүүрнэж байгаа минь ингээд өндөрлөж байна. Ингэхэд яагаад хадаг гэж нэрлэв? Хадаг гэж юу вэ? Хадаг бол нулимс л гэж ойлгогдсон. Хадаг бол нүүдэлчдийн өвөрмөц соёл. Ламаизмаас өмнө хадаг гэж байсан. Хадаг бол зүгээр л хэмжээд огтолчихсон цэнхэр даавуу биш юм аа. Гагцхүү зүгээр л нэг цэнхэр даавуу гэж үзэгдэх болсоноос үүдэлтэй нулимс, цөхрөл амьдралыг нь амьдралын хэвшлийг нь гутааж доромжилж байгаагийн эсрэг тэмцсэн тэмцэл. Хадаг гэж нэрлэсэн нь гайхалтай оносон санагдана. Нүүдэлчдийн гүн ухаан гэдэг аугаа зүйл гэж л ойлгосон. Үүнийг ойлгоогүй хотын соёлыг магтан дуулаачид "мал дагабал мал болно" гэж айлдаж "хадаг бол хэмжиж огтолсон цэнхэр даавуу" гэдгээс цааш ойлголтгүй байдаг. Малчид бол мах бэлтгэгчид гэсэн байдлаар тэднийг ойлгодог!

Нэг л юман дээр шүүмж хэлэхэд Баагийгийн нүүрсэн дундаас ирээдүйн амрагаа олдог хэсэг жаахан худлаа болчихсон. Нөгөөх нь нүүрсний хулгайч юм уу? Нүүрс хулгайч гэж буруу хувилбар сонгочихсон санагдсан. Зохиолоо хойно, урдаас нь төлөвлөж бичээд яг энэ хэсэг дээр ирж мөргөлдсөн боловч нийлж өгөхгүй байхаар нь ингэсхийгээд хүчиндчихсэн юм болов уу ч гэж бодсон. Киног дахиад нэг үзвэл энэ бодол маань алдаатай болохыг ч ойлгож магадгүй юм. Гэхдээ ямар ч гэсэн одоогийн дүгнэлтээр бол тэр хэсэг худлаа л санагдаад байгаа.

Зарим хүмүүс магадгүй бичлэгийг маань уншаад инээж хөхрөөд савж унаж байгаа л байх. Юун баатар, тэмцэл, хувьсгал бэ л гэж бодож байгаа байх. Би одоогоор ийм л ойлголттой байна.

Эхлээд киноны тухай энд тэндхийн сонин дээр биччихсэн байсан тайлбаруудыг уншчихаад үзсэн болохоор ойлгоход нэлээн түвэг болсон л доо. Ер нь киног нь үзэхээсээ өмнө киноны тухай бусдын дүгнэлт, сэтгэгдэл энэ тэрийг сүрхий уншаад хэрэггүй байх гэж зөвлөх байна. Киног өөрийнхөөрөө ойлгоход саад болно. Энэ бичсэнийг ч гэсэн унших хэрэггүй л байх даа. Тэгэхлээр миний бичсэн энэ сэтгэгдлийг киног үзчихсэн хүмүүс өөрийнхтэйгээ тулгаж үзэж болох байх. Харин үзээгүй бөгөөд үзэх гэж байгаа хүмүүс миний дээр бичсэнийг уншчихсан бол ёстой уучлаарай л гэж хэлье даа :)

6 comments:

  1. Taalagdlaa shuu... Eej ni suurin irgenshiliig songoj bgaa hesgiig sanajiinuu, eejiin harts ene ter. Minii huvid ter aguulah ch yumuu, ter neg yumruu dairch ordog hesgiig oshoo goyoor hiij boloh bsan yum shig sanagddag.

    ReplyDelete
  2. Энэ кино чинь хадаг байсан юм уу. Би эхний хэсгийг нь үзчихээд сонин санагдаад сувгаа сольцон шд. Хадаг гэдгийг нь мэдсэн бол дуустал үздэг байж.

    ReplyDelete
  3. Шинэ блог нээлээ найзаа. Листэндээ нэмээрэй. www.muguidurs.blogspot.com Бас байнга орж байгаарай.

    ReplyDelete
  4. Манайхаар зочилсонд баярлалаа.
    Тиймээ. Уран зохиолын дүр.
    Та ном сайн уншдаг юм байна. Баяр хүргье.
    Би аминдаа л хичээж, сонголт хийж байж цуглуулсан тов хийсэн номын сантай. Харамсалтай нь дүү нар минь ном уншдаггүй юм даа/санаа алдав/

    ReplyDelete
  5. чиний тайлбар бас надад таалагдлаа. хүн бүр л өөрийнхөөрөө ойлгох юм.надад бол энэ кино зүгээр л монголын өнөөгийн нийгэм шиг санагдсан. Хэрэв бид уламжлалаа хадгалж шинэчлэлийг зохистой хийхгүй бол мөхнө. Яг л Түвшинбаяр жүдогоор хичээллэхдээ Үндэсний бөхөөр хичээллэж жүдочдод үндэсний бөхийн мэх хийж амжилтанд хүрсэн мэт.

    ReplyDelete
  6. Dайчин Монголын Тэнгэрлэг Sүлдтэнгүүд > Ээжийнх нь тэр хэсгийг санаж л байна. Тэр агуулахтай хэсэг жаахан чимээ шуугиан багатай болчихсон шүү нээрээ. Гэхдээ надад лав өөр хувилбар алга :) Таныхыг сонсоё?

    Khishgee > Өө Хишгээ сэтгэгдэл үлдээсэн байсан юм уу. Хишгээ гэж мэдсэн бол аль эрт хариу бичдэг байж :P

    Мугай дүрс > Өө тэгэлгүй яахав. Нэлээн дээр нээсэн байх а? Орж гарж л явлаа. Өөрөө яагаад ойрд юм бичихгүй байна? :)

    Soronzon >
    Энэ бичлэгт тань бичсэн сэтгэгдлийн маань хариу гэж ойлгов ;)
    Ном бага зэрэг уншдаг байсан л даа. Гэхдээ таныг яг энэ сэтгэгдлийг бичиж байх үед огт уншдаггүй болчихсон байсан даа. Дүү нар чинь заавал ном унших албагүй шүү дээ (бас л санаа алдав :P)

    Уншигч > Аан. Таны блогоор орж киноны тухай дахь таны сэтгэгдлийг уншсан шүү.

    Нэмэх нь: Энэ киног хоёр дахиа үзэхдээ юу ч ойлгоогүй бөгөөд энд бичсэнээ уншаад гайхсан :P Энд бичихдээ бас л дэврүүн авч өгсөн байгаа шүү...

    ReplyDelete