Өмнөх бичлэгээ шүүмжлэхүй

Шүүмжлэлээр дамжуулж бүтээснээс дутахааргүй таашаал амсаж болно.
Гагцхүү тэр таашаалыг бусдад найр тавин бусдыг амсахыг хүлээх хэрэг юун...


Мэтгэлцээн үргэлжилж байгааг сонордуулж байгаадаа таатай байна. За ингээд няцаалтын илтгэл тавигдах гэж байна.
Няцаалтын илтгэлийн нэгдүгээр аргумент: Чи юу юм бэ?
Чи ингэхэд юу юм бэ? Киног үзээд ойлгоогүйгээ "тэр кино бол клип" гэж хаацайлж тэнэглэдэг чи одоо юу юм бэ? Чинийхээр тэгээд чамд ойлгомжгүй, аятайхан дуутай кино болгон клип байх уу? Кино урлаг гэдэг үг чиний сэтгэхүйд гоёдоно за юу? Чи зүгээр л үзээд юу ч ойлгохгүй байгаагаа нуух юмгүй гутар!

Найруулагч хүний хөдөлмөрийг чи мэдэх юм уу? Ганц нэг дуу нь чиний болхи мэдрэмжийг цочроосных нь төлөө хүний хөдөлмөрийг үгүйсгэж. Кино биш клип гэж хэлж болдог юм уу? Бас тэгээд юун уралдаан тэмцээн ялалт ялагдал бэ? Гэнэн байна. Чи шал түүхий байна. Чи хэтэрхий залуу байна. Чи надаас нэг хоногоор дүү байна. Миний хоногон дээр ойлгоно!

Ингэхэд мэтгэлцээний дүрэм, субьектийн дайралт энэ тэр нь надад ямар ч хамаагүй. Чи өөрийнхөө ажлыг өөрөө хийж бай. Надад битгий үүрүүлж бай гэж хэлье.
"За тэгвэл юу ойлгосон юм бэ гэж үү? Маргааш өгүүлье :)" гэнэ үү? Үгүй шүү залуу минь. Би тэрийг чинь өгүүлэхгүй. Өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэж бусдад гай болохгүйхэн шиг бай. Хэзээ нэгэн цагт цаг хугацаа өчигдрийг заах үед өгүүлээрэй :))

Мэтгэлцээн дууслаа. Би ялсан. Чамд үгүй гэж хэлэх боломж байхгүй. Учир нь би бол өнөөдөр. Өнөөдөр бол минийх! Энэ мэтгэлцээний дүрмийг аль дээр хэн нэг нь томьёолчихсон юм. "Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай!" Чи буруутай.

- Хэнтэй зөрчилдөж байгаагаа мэдэж байна уу гэж надаас асуугаач? Би чамайг шүүмжилж байна. Өчигдрийн залуу минь. Өчигдөр минь. Чи бол өчигдрийнх би бол өнөөдрийнх. Хүмүүс өдөр бүр эмзэг дорой болж эхэлж байна. Хэн нэгнээс ялгаатай гэдгээ өдөр бүр мартаж амьдарч байна. Мартахыг хичээж байна. Харин би л энэ удаа өөр байна!

Чи надаас ялгаатай. Бид 2 нэг өдрийн өмнө хойнох хүмүүс. Чи надтай адилхан байх гээд шалчигнаад хэрэггүй. Угаасаа бид 2 ялгаатай. Яахлаараа би чамтай яг байх ёстой юм. Угаасаа ялгаатай байх ёстой юм. Энэ бол жам. Надаас бас чамаас хүчтэй урсгал. Сөрөх хэрэггүй!

Ялгаатай хэрнээ яг адилхан байх гэж хичээх тутам сул дорой болдог юм даа. Учир нь хүчрэшгүй урсгалыг сөрсөн хэн бүхэн сульддаг ядардаг. Хэтэрхий их ядарбал харин...

4 comments:

  1. Ямариймтайгаа хэрэлдээд байдгийн. Юу байнаа даа. Чиний блог ажилд орцон унших юмтай сайхан байна шүү

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Өнөөдөр гуай их томорч байнаа. Маргааш яахыг чинь харнаа. Тэр үед бас ингээд өчигдөр болчихоод өнөөдөртөө загнуулаад сууж байна даа.

    ReplyDelete
  4. Хаха. Энийг дахиж уншсан чинь сонирхолтой байна шүү.
    "Учир нь хүчрэшгүй урсгалыг сөрсөн хэн бүхэн сульддаг ядардаг. Хэтэрхий их ядарбал харин..."
    энийгээ яагаад гүйцээчихээгүй юм болдоо? Гүйцээж амжаагүй байхад нь маргааш болчихсон юм болов уу? :P

    @Сумьяа: Баярлалаа :)
    @Khishgee: Өө маргааш яахыг нь харъя гэсэн чинь маргааш нь ч гэсэн өнгөрчихөж ;)

    ReplyDelete