Энэ жил ямар эгзэг нь тэгэж сайхан таарсан юм бүү мэд овоо хэдэн ном уншчихаж. Тэдний дундаас Декамерон хэмээх нэгэн ном эрхгүй онцгой санагдав. Декамерон гэдэг нэрийг олонтаа сонсож байсан ч уг номын талаар тэс өөр бодолтой явсан юм байна. Яагаад ч юм ямар нэг гүн ухааны эргэцүүлэл юм уу, эсвэл нягт шигүү номлолоор дүүрсэн судар л биз гэж бодож явсанаа нуух юун.
"Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал"-г уншиж суутал:
"Нэгэн архиар шахуулж сүрхий согтсон сүсэгт лам мөргөлийн судар тэвэрч унтана гэж дэмийрэхэд нь Швейк гартаа таарсан нэгэн номыг бариулж унтуулваас нөгөөх нь Декамерон хэмээх садар самууныг хөгжөөн өгүүлсэн ном байлаа" гэсэншүү мөр байсныг уншаад тэр номоо хаагаад маргаашнаас нь Декамероныг уншиж эхэлвээ хө :)
Декамерон гэдэг нь Грекээр Арван өдрийн тэмдэглэл гэсэн утгатай үг юм байна. Товчхондоо бол хотод тахал гарсны улмаас хэдэн залуу хатагтай, ноёд хотоос зайдуу гарч хэдэн хоног амрангаа элдвийн түүх ярилцан хөгжилдсөнийг нь арван өдөрт багтаан ярьсан болгож эмхлэн багтаасан түүвэр зохиол бололтой.
Тэгэхлээр бүрэн Декамеронд яг арав араваар нь багцалсан 100-н өгүүлэл байдаг байх нь. Миний уншсан орчуулганд маань 26-хан өгүүлэл байх юм.
Декамероны юу нь тэгээд сүрхий сайхан санагдчихваа гэвэл за юу ч гэмээр юм бэ дээ. Ямар ч гэсэн орчуулга нь сүрхий сайхан санагдсан. Монгол бичгээр анхлан орчуулсан байсныг нь кирилчилж буулгасан бололтой байна лээ. Эхэндээ үг найруулганд нь дасах гэж жаахан түүртсэн боловч дасчихсаны хойно түүнээсээ гарч чадалгүй бараг л хүнтэй ярилцах, бичилцэхдээ хүртэл тиймэрхүү үг найруулга ашиглачих гээд, үүнээсээ болж зарим хүмүүст өөрсдийг нь тавлаад ёжлоод байгаа юм шиг санагдуулчихсан ч байж магадгүй. Тэр хүмүүс үүнийг уншиж байвал ойлгоно биз :)
Энэ зохиолоос нь болж Боккачог "эротик уран зохиолын хаан" гэж хүртэл өргөмжилсөн байх юм. Тэр өргөмж нь хэтрүүлэг лав биш шиг санагдсан. Өгүүлэгдэж байгаа түүхүүд бол сүрхий сүрхий. Наанадаж л их сонирхолтой, хөгжүүн. Тэгээд дээр нь тэр түмэн янзын заль, нууцаар амраглахуйн янз бүрийн баширыг тийм хөгжилтэйгээр, жудагтайгаар хүүрнэнэ гэдэг бол гайхамшиг. Анхлан уншиж байхад "амраг" гэдэг үг л олонтаа гараад байхаар нь зүгээр л "амраг" гэж байгаа юм байх гээд уншаад байсан чинь бараг тэр "амраг" гэсэн үг бүр нь шахуу "нууц амраг" гэсэн утгатай байсан юм билээ. Тэгээд бодохоор нуухаар амраглахуйн талаарх "камасутра" ч гээд хэлчихмээр юм шиг :P
За ер нь Декамероны тухай олигтойхон дуугараадхая гэсэн чинь дуу ч гарахгүй юм. Ингэсгээд дуусгая. Яг догдолсон үедээ догдлолоо илэрхийлэх хэцүү байдагчлан тэр биз гэж өөрийгөө цагаатаад бичлэгийн адаг сүүл болгож уг зохиолд дурдагддагчлан "та олныг мөн тийн жаргаасай" гээд хүсчих нь ч бас юу юм. Гэхдээ бас тэгээд хүсчихээсээ цэрвэж маанагтах нь ч юу юм. Тиймээс "та олныг ч мөн тийн жаргаасай" гэж бодож үүнийг бичсэнээ хүлээе :)
Жич: Уншсан Декамероны өгүүллүүд маань дутуу орчуулагдсан юм байна гэдгийг мэдээд хэрхэн гүйцээж унших вэ ч гэж бодов. Тэгснээ наанадаж л өөрийгөө зугаацуулахад нэмэр гээд Декамероны өгүүллүүдийг дууриасхийж худал үнэн юм бичиж үзье гэж бодлоо. Тэгэж бодмогц тээр нэгэн жил тоймлож багцаалаад цээжнийхээ мухарт шидчихсэн байсан зүйлээрээ оролдож үзмээр санагдав.
(Ромео Жульета Шекспир 3)
Ер нь бол Декамероны тухай нухацтай юм ярья ч гэсэнгүй л дээ. Хэлэх гэсэн гол зүйл маань бол нөгөөх РЖШ3 гэдгийг Декамерон дахь өгүүллүүдийг дууриасхийж бичсэн тул хэтэрхий задгай юм бичлээ гэж бүү чичтүгэй л гэж ичиж улалзан байж хэлэх гэсэн юм аа хөө. За нэгэнт хэлэх юм аа хэлчихсэн тул удахгүй гацаж түгжчихээд байсан бүлгээ нийтлээд цааш нь мөн гялс гялс нийтлээд хурдхан дуусгаадахнаа.
уншиж үзмээр ном зөндөө л байна ингэхэд та Танихгүй эмэгтэйн захидал гэдэг ном уншиж байв уу?
ReplyDelete@Duurnee Энэ мөн үү? Мөн бол уншиж байсан юм байна.
ReplyDeleteуншаад дуусдагийн даваан дээр... 3 хуудас дутуу байгаа юм шиг байна оо :[
ReplyDeletemmm
ReplyDeleteДекамеронийг олж унших гэж их л оролдлоо. Нацагын номын сангаас арай гэж олоод авах гэтэл гэрээр олгодоггүй юм гэнэ. Үнэхээр ховор бүтээл бололтой. Заавал уншина аа
ReplyDelete