РЖШ3 - Амраг

Жульета Шекспирийн сарны тухай хэлснийг ойлгосонгүй боловч "амрагаа" гэсэн үг нь түүнд үнэхээрийн их үнэмшил төрүүлж өмнөх 2 өдөр ирж болохгүй л байсан юм байлгүй дээ гэж итгэв.

Шекспир Жульетагийн харцнаас гоморхлын будан арилсныг үзүүтээ учралт болзоогоо хэрхэн товлосоноо сануулах мэтээр:
Ш -- "Сонет шүлэг чамд зориулж бичье. Охин биеээ өгөөч?" гэж хэлчихэв. Тэгээд инээмсэглэх гэснээ азнаад Жульетагийн харцанд юу тодрохыг хүлээв.
Харин тэгэхэд нь Жульета өөдөөс нь эгц ширтсэн хэвээр байсан ба сэтгэл нь хөдөлсөн бололтой, нүднийх нь алим болорон дотроо илт анзаарагдмаар цэлэлзэн дэнжигнээд, ямар нэгэн юманд итгэж ядсан мэтийн байдалтай болон нэг хоёр эгшин байсан боловч үүнийгээ удаан хадгалж чадахгүйгээ мэдээд, нүд нь инээмсэглэлээр дүүрээд, зугуухан боловч тэр дорхноо л мэдэгдмээр байдлаар уруул нь жимийлттэйгээрээ чангаран мушийж ирснээ ам нээн:
Ж -- "Чи даанч дээ... Чи надад үг хэлэх ч боломж олгосонгүй. Дээр нь чи өөрийгөө гутаалаа. Би чамаас 'Сонет шүлэг надад зориулж бичээч? Охин биеээ өгье' гэж гуйгаад, татгалзахаас чинь өмнө өөрт байгаа өчүүхэн гоо үзэсгэлэнгээрээ чамайг ховсдож охин биеээ сонет шүлэгнээс өгөх ёстой байсан юм..." гэж хэлээд тас тас хөхрөөд, хөхөрч дууссаныхаа хойно Шекспирийн уруулыг дуэлд дуудах мэтээр өөдөөс нь өлийн үл ялиг эгцрээд чимээгүй болсноо Шекспирийг өөдөөс нь ухасхийхэд нь өөрөө түрүүлэн очиж уруулыг нь тосож авав.

За цааш нь нарийвчлан дурдахаа түр азнаад тоймлон хүүрнэвэл ерөнхийдөө уруул уруулаараа барьцалдан эхэлсэн тэд тун алгуураар нэг нэгнээ энхрийлэн таалж, засварт нь хэд гурван гижигт үг хавчуулан, хэн хэндээ тэнгэрлиг сайхныг өөрт нь нээн өгч баахан удахад Жульета нь эгээ л арьсгүй мэт болчихоод хаана нь хүрж тэмтэрнэ, тэнд нь амь гол нь оршсон гэлтэй болоход ийм болохыг хүлээсэн Шекспир оргилд нь тулгахаар цаашлан явж, төд удалгүй эс мэдэгдэм, үл тогтож тэнцэм тийм оргилд тэнцэх мэт болсноо тэнцэе ч гэж чармайсангүй годройтон унав аа. Унасныхаа хойно уналаа ч гэсэнгүй, яалаа ч гэсэнгүй нэгмөсөн унаад өгчээ.

Годройтон унасан түүнийг одоо Жульета нь тэвчээртэйгээр асран хүлээхээр болов. Тийнхүү асран хүлээхдээ байгааг нь мартан хүлээв. Тийнхүү түүний хайр дүүрэн асралыг хүлээн авч байхдаа Шекспир бүгдийг мэдэн мэдрэн байсан боловч ямраар ч хариу эс үзүүлэн мөн тэгье ч гэж чармайлгүй байсаар байлаа.

Нэгэнтээ тэвчээргүй нэгэнд үүрдийн мөнх ч юм шиг санагдах тэр хүлээлт дуусч Шекспирийн ид хав нь эргэж ирсний хойно мөнөөх хоёр өөд өөдөөсөө ширтэлцэн хэвтэж байв. Тэгснээ мөн элдвээр нэгнээ өдөн хоргоож эхлэв. Тийнхүү тэр хоёр хэдэнтээ сайхан жаргаж аваад, үүрийн хөх гэгээ угтуулан өөд өөдөөсөө харан сэрэв.

Дэггүй Шекспирийн зан хөдөлж, хурууныхаа араар хацрыг нь илж, шанхны нь үсээр оролдонгоо:
Нүдийг чинь ширтэх сайхан.
Уруулыг чинь амтлахсан.
Хамрыг чинь харин үнэрлэвэл яах бол?
Чихийг чинь л сонсож чадахгүй нь...
Чи намайг шахаад байна. Жаахан цаашаа...
гэж эгээ л шүлэг уншиж байгаа мэт зогсоц айзам сүрхий тааруулан шивнэж байснаа сүүлийн мөрийн өгүүлбэрийг хурдхан шиг хэлж аван Жульетаг орны захад шахав. Эл балай явдалд нь хөхин хөгжсөн Жульета ч мөчөөгөө өгсөнгүй өөдөөс нь түлхэлцэв. Орны нөгөө захад унахын ирмэг дээр байсан Шекспир самбаачлан дээр нь гараадхав. Тэгснээ хэдэн эгшинд харцаа тогтоон Жульета руу нямбайлан харсанаа, ухасхийн хүзүүн дээр нь хүрэх төдий үнслээд:
Ш -- "Бүлээн хөнжил дэхь жаргалыг минь бүчиж нуусан харанхуй ярагдаж байна. Бүслэхээр айсуй гэрэл гэгээнээс бүгэж нуугдсан би ч мөн явах минь" гэж хэлчихээд орноос босон хувцас хунараа хайж олоод өмсөж эхлэв. Орон дээрээ өндийн суугаад Жульета:
Ж -- "Охин биеээ өгөөч гэхэд чинь гомдох шиг л болсон шүү. Юунд чи охин биеийг минь эрж асуусан юм? Охин бие гээч нь онхи ганцхан удаа олигтой олиггүйн хооронд зориулаад л дуусчихдаг зүйл биш үү. Хүүхэн биеийг маань хэдэнтээ, олонтаа таалан жаргая гэсэн бодол байсангүй ээ?" гэж хэлээд харцаа хажуу тийш өгөв.
Ш -- "Хүүхэн биеийн гоо үзэсгэлэнг хүрч хөндөж үзмээр байлгүй яахав. Охиноороо жаахнаараа, онгон тэнэгээрээ байхтий гэж болгоомжилсон заль байснаа юуг нь нуухав. Хэрэв тиймсэн бол энд ирэлгүйгээр, яг ингээд замаа хөөе л гэж бодсон юм" гэж хэлж инээмсэглээд тагт руу зүглэв. Тагтан дээр гарсны хойно:
Ш -- "Дахиад гал улаан алчуур өлгөхөд чинь ирнэ ээ"
Ж -- "Ал улаан алчуураа өлгөөд хүлээнэ ээ чамайгаа"

2 comments:

  1. Нүдийг чинь ширтэх сайхан.
    Уруулыг чинь амтлахсан.
    Хамрыг чинь харин үнэрлэвэл яах бол?
    Чихийг чинь л сонсож чадахгүй нь...
    Чи намайг шахаад байна. Жаахан цаашаа... gaihaltai, 5 medrehuigeeree mederch bgan bh da

    ReplyDelete
  2. Нээрээ тийм юм байна шүү. Огт анзаарсангүй :D

    ReplyDelete