* * *
Уран зохиолын ном үнэхээр л эмзэг нарийн зүйлийг анзаарч, урлаж бичээгүй л бол шуугиант энэ ертөнцийн шуугианы нэг болохоос цаашгүй. Нэгэнт л шуугиан болчихсон юм бол шуугианыг нь номноос авах хэрэг юун. Шуугианыг номноос авах гэдэг балар цагийн улирсан арга болжээ.* * *
Сонгодог гэгддэг ч байсан байж магадгүй маш олон зохиолын орон зайг хангалттай хэмжээнд орлохуйц гайхамшигтай савангийн дууриуд өдрөөс өдөрт үйлдвэрлэгдэж байна. Тэр хэрээрээ сайн гэгдэж байсан маш олон номнууд шал хэрэггүй хоосон цаас болж байгаа.* * *
Номонд байгаа сургааль үгсийн ихэнх нь инээд барахаас цаашгүй болж байна. Үнэхээр л тэрийг нь ухаарах ёстой юм бол тэр номноос ойлгосон ойлгоогүй цаг нь ирэхээр ойлгоно. Цаг нь болчихсон бол номтой номгүй цаг үеээ анзаарахад л ойлгоно.* * *
"Тийм ийм" байдаг соёлыг номноос хүртэх зуур тэр соёл нь хэдийн үрэгдэж гээгдчихсэн, үхмэл гээгдмэл соёл болчихсон байх. Тиймээс шинэ соёл болон өөрөө цэцэглэмээр.* * *
Тиймээс...Тэр л нэг номыг тэврээд уншихдаа
Шуугианиас ангид шуугиан болчихоод
Шуугиантай хэрнээ уянгатай
Уйтгар болонхон уймарч суухсан...
Харин хаана байна вэ тэр ном...
Хайрлан тэврэм хонгор чи минь. Ном минь.
8 Сэтгэгдэл: