БЧХ - Чи бид хоёр

Хичээлийн засварлагааны хэдхэн минутанд сургуулийн гол шатны тэнд өчнөөн төчнөөнөөрөө хүмүүс (за яахав хүүхдүүд) холхилдон зөрж байхад яг тэнд "та бид хоёр" зөрж, "чи бид хоёр" бололцсон.

Чи минь тэгэхэд дараагийн хичээлдээ яарсан бололтой, ном дэвтэр хавтас тэргүүтнээ гартаа атгаад энгэртээ наан явж байсан. Надтай(гаа) тааралдаад дараа нь хажуугаар минь зөрсөн. Чи Англи хэлний багш, харин би Орос хэл сонгож үздэг. Багш сурагч болон байлддаг талбар дээр чи бид хоёр таараагүй ч тэр шатан дээр тэгэхэд тааралдсан.

Хамраараа чи надад хайр сэтгэлээ илчилсэн. Халз учруутаа чи хажуугаар минь зөрсөн, хамар чинь тэгэхэд хөдлөлгүй хөшиж хэсэг байзнасан. Харин дараа нь хамар чинь "хайртай хайртай" гэж хашгичиж эхэлсэн. Хажуугаар минь чи тэгэж зөрсөн, хамраа орилуулсан чигтээ хажуугаар минь зөрөөд явчихсан.

Тэгэхэд л хүн бүр хамартайг, хамар бүр хөдөлдгийг мэдсэн. Гэхдээ хамарт ямар ч булчин байхгүйг, хамрын үзүүр тэгснээ хөдлөөд байдагийг дурлан байж мэдсэн. Хамрын үзүүр хөдөлдгийг, хачин тансагаар гунхдагийг тэгэхэд би мэдсэн. Сэтгэлийн луужин болон дүүхэлзэж байдгийг тэгэхэд мэдсэн.

1 comment: