Карамазовын хөвүүд

За уржнан юм уу даа. Достоевскийн алдарт "Гэм Зэм" зохиолыг уншиж байхад эхэндээ нэг л эвээ олж өгөхгүй эхний хэдэн хуудсан дээр өчнөөн удаж, хэдэнтээ номоо хааж тавиад, уншмаар санагдах мөчийг хүлээж байгаад уншсан удаа бий. Тэр удаад зохиолчийн хэлийг ойлгохгүй шахуу, өгүүлэмжтэй нь нэг л авцаж өгөхгүй байсан юм шиг байгаа юм. Төд удалгүй хэлэмжийг нь, хэлэмжийнх нь утгыг, уянгыг мэдэрмээр болоод эхэлмэгц шуудхан зохиолдоо автаад, уншиж яваа эрчээ алдалгүй явсаар шуудран дуусгаж билээ.

Тэгэхэд яг уншаад дуусахад нэг тиймэрхүү "Достоевскийгоор дутсан" юм шиг мэдрэмж төрөөд, дахиад цааш нь үргэлжлүүлэн уншмаар санагдсан боловч ном нэгэнтээ дуусчихсан тул, дэмий л амаа ангалзуулан амттан дахиад амсчих юм шигээр найдан байгаа мэтээр өөрт минь төсөөлөгдсөн билээ. Мэдээж номоо дахиад эхнээс нь унших тухай бодол орж ирсэн боловч арай болоогүй санагдаад тэгээгүй билээ. Тэгээд тийнхүү явсаар өнгөрсөн жил "Карамазовын хөвүүд" зохиолтой нь уншихаар учрав.

Үүнийг тухайлан дурдахын учир нь яг л нэг тийм Достоевскийгоор дутсан, ангасан цангаа маань "Карамазовын хөвүүд" зохиолоор бараг бүрнээ тайлагдан, бараг л бялуурахын дайтай болсныг хэлэх гээд байгаа санаатай юм л даа.

"Карамазовын хөвүүд" нь Достоевскийн бичсэн сүүлчийн роман гэж дуулсан. Ер нь мань эр аль чаддагаа мэддэгээ, яадаг ийдэгээ бүгдийг нь энэ зохиолдоо шингээчихье гэж шийдсэн бололтой юм. Үнэхээр лут бүтээл! (Орчуулга нь ч гэсэн үнэхээр өөлөх юмгүй сайхан болж. Орчуулагч, хянагч, санаачлагчидад нь гүнээ талархая)

Агуу бүтээлийн агуу эсэхийн талаар би юу хэлэхэв. Агуу ихийг нь бахдан биширсэн нулимсаа л үзүүлэх үү? Үнэхээр ч уншиж байхдаа заримдаа уйлж наманчилж, заримдаа омгорхож, заримдаа шаналж, зарим газар нь айн бишүүрхэж, дараа зориг орохоороо энэ аймшигт хэсгийг уншъя гэж хойшлуулан байн уншлаа.

Мөнөө л өмнө дурдсанчлан эхэндээ унших арга сүйхээгээ олохгүй мунгинаж, юу болоод байгааг нь ч мэдэлгүй өчнөөн хуудас нүдээрээ шүүрдэн харсан даа. Бодохнээ (миний л муйхар бодол шүү) тус зохиол нь үйл явдлын тэглээ ингэлээ гэдгийг хүүрнэн яарахаасаа илүүтэйгээр үйл явдал бүрийг, үг хэлэх бүрийг гүнзгий дүрсэлж харуулсан учраас л би тэр их нягт утгат үгсийг нь задлаж ухахгүй байсан юм байна, гол нь би яараад байсан юм байна: "тэгээд одоо яах юм, юу болох юм, юугаа хийгээд л донгосоод өөд өөдөөсөө харчихаад яриад байгаа юм, гол юм руугаа ор л доо, гол юм чинь юу юм бэ, түүнийгээ харуулаад аль" гээд л яараад байж. Арай удаанаар, арай хянуураар уншия гэж шийдээд уншиж эхэлтэл, ээ ашгүй зохиолчийн хэлэмжийг муухан ч гэсэн ойлгоод мэдрээд, хамгийн гол нь мэдрээд эхэллээ шүү.

Газраар дүүрэн асгарсан сувдыг тонгойж түүгээд эхэлсэн хүн өндийхөө мартдаг шиг л уншаад байлаа...

Ээ нэг анзаарахнээ энэ удаагийн бичлэг маань эхнээсээ адагаа хүртэл уулгамч маягийн юм болчихож. Болж өгвөл дараагийн бичлэгтээ номын талаар овоо тоймтойхон шиг юм хүргэчихмээр байгаа санаагаа дэлгээд энэ бичлэгээ өндөрлөе дөө.

4 comments:

  1. wow, ta ch bainga l gaihashruulj bh yumaa

    ReplyDelete
  2. bur unshmaar sanagdchihlaa gehdee oilgohgui baih wii gj imeenem :)

    ReplyDelete
  3. хэхэ сайхан мэдрэмж

    ReplyDelete
  4. Энэ номыг зээлж уншая тэгэх үү хө. Би хайгаад ерөөсөө олохгүй байгаа юм.

    ReplyDelete