Аркис и Фаркис

Саруул ухаанаа санагалзан бодохуйяа хүслэнт

1-р бүлэг

Аркис үйлээр мөн нэг бүсгүйд дурлав. Нэг өдөр түүнд хайртай гэдгээ хэлэв. Бүсгүй түүнд Нарциссын тухайд домгийг ярьж өгөөд дахиж уулзах байтугай дуугарахыг байв.

"Өө юутай танил байдал вэ, иймэрхүү аашийг хэрхэн давж байлаа би" хэмээн бодож, хэсэг зуур болов. "Эл аашинд ерөөс гойд муу юм алга. Энэ мэтээр бүсгүйчүүл элдэвлэн эрээс дутаах мэт болон, зайг барин ядаж, өөр юүгээн тордох үест мөн эр нь эгцрэн хөвчирч энэ мэт аашийг нь давахаар чармайх зуур эрийнх нь амраглах ур нь мохчихгүй бол чадал нь үлэмж нэмэгдэж хурдаг жамтайшуу юм уу даа? Ингэхлээр хэрхвээс таарна? Өмнөхчлөн үйлдэх үү бас би?"
"Өө юутай танил үйлдэл вэ, иймэрхүү маягаар өмнөхчлөн үйлдсээр байх уу би. Өмнөхчлөн үйлдвэл өмнөхийг давтах биш үү. Өмнөх явдал минь сайхан байсан ч, сайхантайгаа хамт баахан дэмийг дагуулсан билээ. Өмнөхөө өөрчлөн үйлдсү би!"

Залуу өөрийг нь үл тоон өөдөөс нь үлгэр домог ярьж дамшиглалаа хэмээн хэсэг улангасч байгаад бүсгүйн зөв мэт санагдахад зөв санагдсантайгаа хэрхэн нийцэх аргыг асуухаар Аргат өвгөнийг зорив. Аргат өвгөнийд очтолоо өчнөөн эргэж буцав. Арай гэж очоод яаран асуув. Өвгөн азнахыг зөвлөөд аятай, таатайгаар зочлон дайлаад орд харшдаа хариу хэлтэл байзнахыг хүсэв. Хариу хүлээж хагас жил байзнасан залуу харьж одохыг завдахад өвгөн ирсэн хэрэг зоригийг нь сануулав. Ирсэн хэрэгээ сонсоод инээд нь хүрсэн залуу дэмий хэргээр ирэх гэж зүдэрсэнсэн явах гэж яарах юун гээд өвгөнийд тухлан суусаар дахин хагас жил болохын үест хариултаа хаа сайгүй бичигдээстэй байхыг харч чаддаг болов.

Тийнхүү харсан хариултаа өвгөнд айлтгаад харих тухай дуулгав. Өвгөн хариултыг сонсоод "хариултаа харсан бол болсон л баймаарсанж. Надаас асуусанаа надад хариулж байгаа чинь итгэл дутуугийнх. Итгэлийг чинь бүсгүй чинь бүтэн болгохоо мэдэг. Хариултаа харсан бол хангалттай л баймаарсанж. Надад хэлэлгүй өнгөрч чадаагүй чинь аргын мэлмий нээвч билгийн бие бүрэлдээгүйнх. Өөрөө л үүнийгээ аргалж дээ хүү минь. Өөрөө хүчирмээргүй шиг бол Билигт өвгөнийг зорих л болох байх даа" гээд буцах замыг нь ерөөн одуулав.

Харин ирэх зам зууртаа налгар тааваар явав. Тэгэн явсаар Аркис нэгэн голын эрэгт ирээд голд өөрийгөө харав. Гайхалт явдал болж өөрийн нь дүр гоо санагдав. Өөртөө тачаадав. Тачаалын гал нь дүрэлзэхэд сэтгэлийн нь дотор бүлээн илч түгэв. Өчүүхэн түүдгээс гэгээ цацарч үлэмжийн уудам агуйн хаана таазыг тэмтрэн гэрэлтүүлэх мэт. Илч гэрэл илүү ихийг харахад туслав. Хармагцаа голоос зай барин холдов. Мөн цочир үйлдэн холдмогцоо голд унахаас айх явдалгүйг мэдээд инээдтэй баясалтайгаар гол руу үсрэн оров.

"Өө юутай гайхалт хорвоо вэ, Нарциссын зөв байж, гэвч буруу үйлдэж. Гол өөд орох хэрэгтэй байж. Холдох тэнхээтэй үедээ орох байж...

Байз. Баахан хашир биш үү би. Юунд цочир үйлдчихэв сая? Цочир үйлдэх минь зөв байж, өчүүхэн алгуурласан бол шинэхэн гийх өөр учрын аяаар биш өөрийн хуучин учраар зүтгэх байж.

Яасныг бүү мэд дотоод агуй минь уудамжсан юм уу даа. Агуй жижиг аваас түүдгийн гал түймэр мэт хуйхлах, хуйхлахаас айн бадамлах галаа боомилвоос агуйн доторх уудамаа яахин харах?"

4 comments:

  1. ойлгоход ч нилээд хэцүү юмаа, хэхэ

    ReplyDelete
  2. Үргэлжлэлийг хүлээж байна :)

    ReplyDelete
  3. daraagiin buleg ni hezee garah we?

    ReplyDelete
  4. @Anonymous Хэхэ.

    @Gansukh B Үргэлжлэлийг нь бэлдэж байна :)

    @Anonymous 2, 3 нь гарчихсан. Одоо сүүлчийн 4 дэхь нь хэд хоногоос гарчих байх.

    ReplyDelete