Антологи-1

Блог бичээд жил гаран болж байгаа юм байна. Багагүй л юм бичиж. Сүүлийн хэдэн сарын бичлэгүүдийг халтуурдсан дөө халтуурдсан. Хуучин гологдол бичлэгүүдээ draft-аасаа гаргаад жаахан засаж сэлбээд л чамин чамин нэр өгөөд л явуулаад байлаа шүү дээ хэхэ.
Энэ удаад бүр дордсон шүү. хаха. Draft-аасаа бичлэг туух гэсэн чинь нэг л биш ээ. Хуучин бичлэгүүдээ эхнээс нь уншсан чинь зарим дээр нь нуруугаар жирс жирс гээд бага зэрэг ичих аядаад "яая гэхэв биччихсэн бичиг, хийчихсэн хэрэг юм хойно" гээд л уншлаа шд. Жил гаруйн хугацаанд их л олон юм болж. Нэлээн ч өөрчлөгдөж. Азаар блогийн маань бичлэгүүд тэр бүхнийг хадгалан үлдэж дээ.
Тэгээд нэг жижигхэн антологи бэлдлээ таалан сонирхоно уу?

Амьдрал

Байгаадаа ханасан баяраар Байхгүйн зүг хөөрнөм.
Байхгүйн зүгт баяраа барчихаад Байдалдаа буцнам.

Сургамж

Юу бодож иймэрхүү юм бичиж байсан юм бол? Бичсэн үгнийхээ утгыг ойлгож байсан юм болов уу даа? Хичнээнийг нь санаж үл чадахаар жилийн өмнө бичиж байсан үг бололтой:
Дурлалын шарх гэдэг хүний амьдралдаа амсчихад зүгээр сургамжуудын нэг...

Аялсан минь

Алс холд дасаад...
Аажим аажмаар алс холд ойртоод... Ойртох тусам өөрөөсөө алслан холдоод...

Хөгжил

Болж болох бүх зүйл болсоны дараа хүрж болох дараагийн шатандаа ахихыг хөгжил гэх юм болов уу?
Өсөлт хөгжил минь зогсчихсон... Болж болох бүх зүйл нь болоогүй учраас.

Харамсалтай

Харамсалтай юм. Урьд нь ч гэсэн ингэж харамсаж л байсан. Гэхдээ урьдны иймэрхүү харамслууд бол зүгээр л бодол байсан. Харин энэ удаагийнх бол бодит байдал.
Их удаан мэдэрлээ. Удаа дараалан мэдэрлээ. Хараал идсэн харамсалтай бодит байдлыг. Би хэн ч биш. Юу ч биш. Юунд ч хүрч чадахгүй. Юуг ч бүтээж чадахгүй. Хэнд ч хэрэггүй. Хэнийг ч баярлуулж чадахгүй. Дөнгөн данган амьдраад хүнд гай болчихгүй байвал их юм. Даанч тэр их юмандаа хүрч чадахгүй л байх аа даа. Тийм ээ чадахгүй.