Ойлгохгүй байна. Ойлгох гэсэн оролдлого хийгээд байгаадаа залхаж байна. Нэг мэдэхэд л оролдчихсон байх юм. Өөрийнхөө байдлыг ойлгохгүй байна. Ойлгох гэж оролдсоны дараа дандаа л их зовиур мэдрэх юм.
Эрүүл мэндээс болж сэтгэл санаа доройтоод байна уу? Сэтгэл санаанаас болж эрүүл мэнд доройтоод байна уу мэдэхгүй байна. Ямар ч гэсэн байдал их дордож байна. Эмч хэрэгтэй байна уу, сэтгэлзүйч хэрэгтэй байна уу эсвэл зөвхөн тэр л хэрэгтэй байна уу. Ёстой мэдэхгүй байна.
Суугаад л байхаар бас л тэгнэ. Сууж байгаад босохоор бас л тэгнэ. Босоогоороо байгаад байхаар бас л тэгнэ. Эргээд суухаар бас л тэгнэ. Хэвтэхээр бас л тэгнэ. Хэвтэж байгаад босохоор... Ялгаагүй л тэгнэ: Үе үехэн тархи толгойгоор сонин юм болоод ухаан балартаад муужирчих гээд байх юм. Тэгэхлээр эрүүл мэндээс болоод ч байгаа юм шиг.
Айсан. Нээрэнгээсээ их айсан. Яаж солиорч байснаа санаад дахиж давтагдах вий гэж айсан. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол давтагдаж л таарна. Яадаг юм билээ...
Үе үехэн тайван амгалан болчихно. Тэгээд тэр байдлаараа их удаан байх юм шиг санана. Бас гэнэт л тэр тайван байдал нь юу ч үгүй алга болчихно. Гэвч энэ байдлаа түр зуурынх гэж бодно. Тэгэж бодож их удаан явсан. Гэвч тайван байдалтай байх хугацаа маань улам улмаар багассаар байгааг саяхан л анзаарсан. Аль нь түр зуурынх юм болоо? Тайван байдал маань уу?
Амрах ёстой юу ажиллах ёстой юу. Шамдах ёстой юу налайх ёстой юу? 2-ууланг нь зохицуулах ёстой юу? Ямар нэг "ёстой" байх ёсгүй юм уу?
"Асуудал юунд байгаа вэ гэхлээр асуудал байгаа гэж бодож л байгаад байна. Би зүв зүгээр л байна." гэж өөртөө итгүүлэх гэж өдөржин үглэнэ. Гэвч ямар нэг асуудал байгаад л байгаа нь илт байна...
Өглөө нь нэг хүн, орой нь шал өөр хүн. Өдөр нь яагаад байгаа нь мэдэгдэхгүй өнгөрчихнө. Үдэш нь авирласнаа, бичсэнээ өглөө нь гайхна. Бараг л устгана, нуун далдална. Тийм юм бичээгүй, болоогүй гэж бодно.
Эвлэрдэг ч юм уу дөө. Нэгэнт өнгөрсөн. Эвлэрэх хэрэгтэй. Яагаад ч чадахгүй юм байна. Хүлээн зөвшөөрлөө. Өөрийгөө ямар нэг сэтгэлзүйн гэдэг бил үү сэтгэхүйн гэдэг бил үү юм уу ямарыг нь мэдэхгүй нэг балай эмгэгтэй болчихсон байгааг. Болчихсон ч гэждээ ер нь байдаг юм байна. Би чинь ийм л юм байна. Их удаан ийм явсан байна. Нууж чадахгүй нь.
Байдалтайгаа эвлэрлээ. Эргүү солиотой гэдэгтэйгээ эвлэрлээ. Би бууж өглөө. Тайван, намуухан байх гэсэн оролдлогоо зогсоолоо. Нэг сайхан хашгирч авах минь. Тэгээд хашгираандаа байж чадан тарчлах минь...
Хүнтэй уулзахаар зүв зүгээр болчихно. Зүв зүгээр байгаа гэж сайхан жүжиглэнэ. Жүжиглэхийн тулд, жүжиглэж зүв зүгээр байгаагаа мэдрэхийн тулд хүмүүсийн дунд байх гэж оролдсон. Гэвч хичнээн ур чадвартай байлаа гээд өөрөөсөө бултах аргагүй. Жил тойрон бултсан. Тэгээд ганцаараа байж энэ байдалтай нүүр тулах хэрэгтэй гэж бодоод нүүр тулсан...
Энэ стресс лав биш. Стресс хамаагүй дотно санагдаж байна. Хуурмаг ч гэсэн яадаг юм. Инээмсэглэе. Хүч гарган инээмсэглэж хүч чадлаа гайхая :)
12 Сэтгэгдэл: