Мэдрэмжийн хичээл - 2

Гэмтэж байгаагаа мэдэр!
Мэдэрнэ гэдэг бол гэмтэл шүү дээ.
Гэмтэж байгаагаа мэдэрнэ гэдэг тэгэхээр юу болох вэ? Ямар гээчийн рекурсив бэ?

Мэдрэмжийн хичээл - 1

Мэдэрнэ гэдэг бол гэмтэнэ гэсэн үг.
Маш аажуухнаар, зугуухан, таатайхнаар гэмтэнэ гэдэг бол том урлаг.

Юу мэдэрж байна? Юугаа гэмтээж байна? Яаж гэмтэж байна?
Чи төгөлдөржлөөс залхсан байна... Тэртэй тэргүй тийм юм байхгүй гэдгийг дотроос чинь хэлээд байна. Анх шивнэж хэлсэн байна. Одоо бүр хашгичиж байна. Тархи толгой чинь тэгээд л тэр хашгичаанд нь заадсаараа салах гээд байгаа байх. Төгс төгөлдөр эрүүл байдал гэдгийг хайгаад хэрэггүй. Зүгээр л надтай хамт гэмт.

Зугатахуй баригдахуй

Уйтгар бол зугатахуй. Баясал бол баригдахуй.
Зугатахуй бол уйтгар. Баригдахуй бол баясал.

Ухаарал ба тэнэглэл

"Ухаарал хязгаартай, тэнэглэл хязгааргүй" - "Ян Райнис"
ийм үг хаанаас ч билээ уншиж байхад нэг л сонин санагдаад дахиж өөр эх сурвалжаас унших эрэлд гарч:
"Мэргэн ухаанд хязгаар байдаг бол тэнэг явдалд харин үгүй." - "Ян Райнис"
гэсэн ойролцоо үгийг олж билээ. Бодвол нэг үгний 2 өөр орчуулга юм шиг байгаа юм. Хэн хэлсэн, хэн орчуулсан нь хамаагүй ч гэсэн шууд л өөрөөр хэлчихмээр санагдсан:

Зүв зүгээр нэг хэсэг

Байгаад л байлаа. Байгаа зүйлс олон болсоор. Эргэн тойрны минь зүйлс бүгд байдал болж эхлэв. Би байдал байсан бол удалгүй бид байдал болсон байлаа.

Байдал гэнэт уудам болов.

Жижигхэн уудам болов. Байдал уудам болоогүй юм байна. Байдал алга болж уудам мэндэлсэн байх. "Жижигхэн" удахгүй томрох болов уу гэж бодов. Гэтэл хэмжээ минь томорсонгүй. Харин хэмжээс нь алга болов. Бас л биш юм байна. Хэмжээс байсаар... Гэвч хэмжээсийн хүлээс алга болсон юм байна.

Бас нэг хэсэг

Амьдрал уудам. Уудам учраас хаана нь ч байсан ялгаагүй...
Хаашаа ч явах хэрэггүй юм байна. Хаа нэгтээ явж яах юм? Яг ингээд л зогсчихьё. Арай ч бас биш юм. Зогсоод ч бас яах юм. Зогсох ч үгүй яах ч үгүй ингээд л байж байя. Тэгээд л байж байя. Энд л байж байя. Тэнд л байж байя. Тэгээд хаашаа ч явалгүй байж л байя. Байгаад л байя...
Байх ямар гоё юм бэ?

Нэг хэсэг

Амьдрал уудам... Амьдралтай эгнэхүйц уудам байхсан гэж тэмүүлнэ. Тэмүүллээ бадрааж, боломжоосоо хэтэртэл тэмүүлнэ. Хэтрүүлчихээд тарчлана. Тарчилж байхдаа боломжоо, хэмжээгээ багцаалж эхэлнэ. Хэр хэмжээ байдаг гэдгийг нь мэдэж эхэлнэ.

Хөгжмийг хамгийн чанга дээр сонсож, тааралдсан номоо уншиж, таалагдсан үгсээ хамаагүй ихээр унагаж, аагтайг ууж, амттайг идэж, мэдрэмжээ хурцалж, мэдлэгээ зузаалж, бүгдийг мэдэж, бүгдэд мэдэгдэх гэж тэмүүлж, тэмүүллийнхээ хязгаар руу тэмтчин мацаж тэгээд хүрсэн өндөрлөгөөсөө унаж ойчиж, ухаарал гэдэг газар газардаж билээ...

Үгүй ч байж магад.

Хайртай хосууд гэдэг...

"Хайртай хосууд гэдэг өөд өөдөөсөө харах бус нэг тийшээ харахыг хэлнэ."
гэж ийм үг байдаг даа. Энэ үгний тухайд...
Хэдэн жилийн өмнө анх сонсож байхдаа бага зэрэг огшоостой, нандин бодол хөврөөстэйгээр ямар гоё үг вэ энэ тэр гэж бодож байж билээ :)

Харин саяхан нэг сонссон чинь шууд сонссон доороо ингэсхийж өөрчилчихмөөр санагддаг байна шүү.

Ухаан хүсвэл удаан хүснэ

Ийм 4 үгтэй тааралдаад "бүжиглүүлж" үзэж байсан юм байна. Нэлээн дээрийн эд л дээ. "Архив"-аасаа оллоо. Янз янзын хоршлол хувилбар үүсгээд байгаа нь сонирхолтой санагдсан л даа. Зарим нь ч гоё зохицоод зарим нь бол дөнгөн данган утга илэрхийлмээр...
"Дөрвөн бэрх" гээд нэрлэчихвэл ямар санагдаж байна?

Ухаан хүсвэл удаан хүснэ.

Удаан хүсвэл ухаан хүснэ.

Хүсвэл удаан хүснэ.
- Ухаан

Рауль, Рауль бид гурав

Өлзийтөгс эгчийн "Рауль, Рауль хоёр" гэж дажгүй өгүүллэг байдаг. Харин би "Рауль, Рауль бид гурав" гээд бичээд үзвэл яадаг бол? Ямархуу болох бол? Ямархуу болох нь ч яахав. Ямар ч гэсэн бичиж болох нь уу үзье...

Рауль төржээ... Эхний Раулийн тухай Өлзийтөгс эгч дэлгэрэнгүй биччихсэн тул миний зүгээс нэмэх зүйл гэвэл би Раультай тааралдаж үзээгүй гэдгээ л хэлэх явдал байна даа.

Одоо дараагийн Рауль...
Рауль төржээ... Хоёр дахь Раулийн тухай мөн л Өлзийтөгс анай биччихсэн тул миний зүгээс нэмэх зүйл гэвэл бас л би Раультай тааралдаж үзээгүй гэдгээ л хэлэх явдал байна даа.

Гурав дахь нь Мөнхбаатар.
Мөнхбаатар төржээ...
- Уучлаарай бичиж байгаа хүн нь энэ тухай санахгүй байгаа тул алгасая.
Мөнхбаатарын амьдралын эхний нэг өдөр:
- Тэр 5 настай байсан байх. Тэр цэцэрлэгт явдаг байлаа. Тэгээд нэг өдөр нэг хүүхэд баруун зүүн гар гэж ярьж байхыг сонслоо. Ойлгохгүй дээ ичингүйрч юун тухай ярьж байгааг нь мэдэхгүй тул хоёр гар руугаа хараад ялгаа олох гэж их л тэвдэж билээ. Тэгээд дараа нь өөр нэг хүүхдээс асуулаа. Тэр хүүхэд нь дөнгөж баруун зүүн гараа ялгаж сурж байсан тул түүнд өрөөний нэг буланд очоод цонх руу харж зогсоход ханан талын гар нь баруун гар үлдсэн нь зүүн гар гэж зааж өгөв. Түүнээс хойш Мөнхбаатар хүү цэцэрлэгийнхээ тэр өрөөний тэр буланд очиж зогсоод баруун зүүн гараа ялгах дасгал хийдэг боллоо.
Раулиас ялгаатай нь тэр өндөг гэж юу байдаг тухай мэддэггүй байлаа. Тиймээс түүхий өндөг иднэ гэж зөрүүдэлдэггүй байв.

Мөнхбаатарын амьдралын хоёр дахь өдөр:
- Тэр 6-н настай. Тэр цэцэрлэгээсээ гарах боллоо. Сургууль гэдэг юманд явах юм гэнэ. Тэр цэцэрлэгийнхээ тэр нэг өрөөний тэр нэг буланд хоргодон байлаа. Тэгээд өрөөтэйгээ үргэлж хамт байх аргыг олжээ. Төсөөлөл түүнд тусалжээ. Өрөөнийхөө тэр буланд байна гэж төсөөлөн бодоод баруун зүүн гараа ялгадаг болов. Түүнд одоо өрөө хэрэггүй болжээ.

Би уугиж байна

Би уугиж байна.
Биеэр минь цог мөлхөж битүүхэн төөнөөстэй.
Би шатчихгүй, дүрэлзчихгүй шал дэмий уугиж байна.
Гунигтай байна. Гунигтай байна.
Гуних сайхан байна. Гуйсан хүнд өгөмгүй сайхан байна.
Сайхан байна. Сайхан байна.
Санаанаас гарамгүй сайхан зовиуртай байна.

Шөнийн тухай яриа

Хэн нэгэн: Шөнө юу юм?
Өөр хэн нэгэн: Шөнө бол хайрцаг.
Хэн нэгэн: Тэнд юу байдаг юм?
Өөр хэн нэгэн: Юу байдгийг нь чи мэдэх юм уу?
Хэн нэгэн: Мэдэхгүй.
Өөр хэн нэгэн: Тэгээд мэдэхгүй юм бол ойлгомжтой юм биш үү? Тэнд нууц байдаг.
Хэн нэгэн: Нойр гэж юу юм бэ?
Өөр хэн нэгэн: Шөнийн нууцын хамгаалагч.
Хэн нэгэн: Лаа, дэнлүү, гэрэл гаргагч бүхэн юу юм бэ?
Өөр хэн нэгэн: Урвагчид.
Хэн нэгэн: Тэгвэл хэн нь үнэнч юм?